Хаврын чуулганаар юу амжуулав
УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу өнөөдөр хаврын чуулган хаалтаа хийнэ. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд нээлтээ хийсэн парламент ямар үр дүн гаргав. УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг нээж хэлсэн Эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах, эрчээ алдахгүй байх бодлого чухал байна, их бүтээн байгуулалтыг идэвхижүүлэх, эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгтэй байна гэдгийг онцлон дурьдсан.  Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар олон жил царцсан хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт олгох, түүнчлэн хариуцлагатай уул уурхайн зарчмууд шинээр орсноор байгаль орчны нөхөн сэргээлт шинэ шатанд гарах болно гэдгийг онцолж байв. Гэтэл Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхээр 25 асуудлыг жагсаасан байх юм. Гэвч Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталснаас өөрөөр ажлууд урагшилсангүй. Үнэндээ бол энэ хаврын чуулганаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг чөлөөлөх шийдвэр л гаргасан. Огцруулах, чөлөөлөх асуудал ярьсаар хаврын чуулганы хаалтыг хийж байна. Бас болоогүй Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг сунжруулсаар намрын чуулганыг хүлээхээр болчихлоо. Мөн нийгмийн нэлээд хэсэг хүн хоног тоолон хүлээж, байгаа Өршөөл үзүүлэх хуулийн төсөл ч сураггүй. Ямартай ч дараах хуулийн төслүүдийг намрын чуулганаар дахин хэлэлцэнэ.

УИХ-ын түүхэнд эцсийн хувилбараар нь баталж буй хуулийн төслөө унагаж байсан тохиолдол байдаггүй бөгөөд ийнхүү "Давхар дээлээ" тайлах тулд анх удаа хуулийн төслийг унагав. Бүтэн хоёр сар тойрч дуншсан Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.  УИХ хуулийн төслийн эцсийн санал хураалт дээр ирц хамгийн өндөр буюу 76 гишүүнээс 74 гишүүн нь хуралдаанд сууж “Давхар дээл” тайлах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэг дээр нь унагалаа.
Ингэснээр УИХ-ын болон Засгийн газрын гишүүн 17 сайд "Давхар дээл"-тэйгээ үлдэж байна. Харин өчигдөр Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд хийсэн мэдээллийнхээ үеэр энэхүү хуулийн төслийг дахин өргөн барьж хэлэлцүүлэхээр зэхэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тэгэхээр намрын чуулганаар дахин “Давхар дээл”-ний асуудал хөндөгдөх нь ээ.

Мөн Газрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгаас үүдэлтэй нийгэмд хүчтэй эсэргүүцэл өрнөж эхэлсэн асуудлаас болж энэ хуулийн төслийн Засгийн газар татаж авлаа. Бүр УИХ-ын зарим нэг гишүүдэд заналхийлсэн өнгө аястай мессеж ирж, олон нийт энэ хуулийн төсөл эрс эсэргүүцэлтэй тулгарав. Засгийн газраас хуулийн төслийг татан авахдаа “Газрыг гадаадын иргэн аж ахуйн нэгжид газрыг гадаадын иргэн, зарим аж ахуйн нэгжид ашиглуулахаар тусгасан мэтээр зарим этгээд яриа гаргасан тул төслийг Засгийн газар татан авахаар уламжилж байна. Хуулийн төслийг Монголын ард түмэнд нээлттэй хэлэлцүүлснээр дахин өргөн мэдүүлнэ” гэжээ. Ингээд Газрын тухай хуулийн төсөл дахин өргөн баригдахаар мөн хойшлогдов.
Ийнхүү үр дүн гээд хэлчих юмгүй бас нэгэн чуулган хаалтаа хийх нь. Эрхэм гишүүдэд сануулахад энэ удаагийн ээлжит чуулганаар та бүхэн дараах асуудлуудыг хэлэлцэхээр жагсаасан байгаа юм.

1. “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан;
2. “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
3. “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /баталсан /
4. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” МонголУлсын Их Хурлын тогтоолын төсөл;
5. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
6. “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
7. Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
8. “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
9. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл;
11. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
13. Мөрдөх албаны тухай хуулийн төсөл;
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
15. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
16. Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
17. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
18. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл;
19. Шилэн дансны тухай хуулийн төсөл /буцаасан/
20. “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай”Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
21. Худалдааны тухай хуулийн төсөл;
22. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /унагасан/
23. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;
24. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл;
25. Бусад.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.