Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ном хэвлэгдлээ
Монгол улсад нийт 23,000 гаруй харааны бэрхшээлтэй иргэн байдгаас 7,400 нь сургуулийн насны хүүхэд залуус байдаг. Эдгээр хүүхэд залуучуудад сургалтын орчин бүрдүүлэх, ерөнхий боловсрол эзэмшихэд нь  брайль үсгээр хэвлэгдсэн  ном сурах бичиг дутагдалтай байдаг.  

Иймээс ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо /МХҮХ/-ны хүсэлтээр харааны бэрхшээлтэй хүүхэд залуусын байгаль орчин, биологийн танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Сонирхолтой амьтан, ургамал” хэмээх номыг брайль хэл дээр гаргах төслийг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа.

Брайль хэл дээр цоо шинэхэн хэвлэгдэн гарсан тус ном нь хүүхдийн зохиолч Н.Энхтайваны цуврал бүтээлүүдийн нэг бөгөөд МХҮХ-ны хүүхдийн баярын арга хэмжээг тохиолдуулан 116-р тусгай сургуулийн анхны уншигч 20 сурагчид номын дээжийг гардуулан өглөө. 

Хараагүй болон сул хараатай хүүхэд багачуудын оюуны мэлмийг тэлэх зорилгоор хурууны өндөгөөр тэмтрэн унших хурууны өндөгөнд мэдрэгдэхүйц цэгүүдийн нийлэмж болох товгор үсгэн текст, зурагтай, мөн эцэг эхчүүд багш нарт хүүхдийнхээ уншсан зүйлийг нягтлахад нь зориулж, өнгөт зураг, крилл үсэгтэйгээр тусгай форматаар хэвлэн гаргасан байна. 

Энэхүү номыг ХААН Банк Сангаас Брайль хэл дээр гаргах төслийг санхүүжүүлснээр нийслэлийн тусгай сургууль, цэцэрлэгүүд, төв номын сангийн хараагүйчүүдийн брайль уншлагын танхим болон хөдөө орон нутаг дахь төв номын сангуудад номыг түгээж, харааны бэрхшээлтэй хүүхэд багачуудад зориулсан ном, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой боллоо. 

ХААН Банк Сан нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих олон төсөл хөтөлбөрүүдийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж байсан. Тухайлбал, 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Амьдрах сайхан” өдөрлөг арга хэмжээ, сонсголын бэрхшээлтэй иргэдийн уран зургийн үзэсгэлэн худалдаа, аутизмтай хүүхдүүдэд зориулсан сургалтын болон эмнэлгийн тоног төхөөрөмж, хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнд Монгол улсад анх удаа үйлдвэрлэгдсэн тэргэнцэрийг хандивлаж байсан зэргийг дурьдаж болно.
 
Бусдад түгээх
  • gplus