Иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцанд 10000 гаруй өрхийг хамруулна

Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төслийн эхлэлийн хурал боллоо. Уг хуралд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Азийн хөгжлийн банк, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Нийслэлээс Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичиг болон Нийслэлийн орон сууцны дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд тус төсөл нь эдгээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх гол ажлуудын нэг юм. Уг төслийг Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж байна. 

Энэхүү хурлаар Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төслийг танилцуулж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа, эко дүүргийн зарчмууд, дахин төлөвлөлтийн нэгжийн техникийн үзүүлэлтүүд, бодлогын хүрээ, газрын үнэлгээ, санхүүжилт, институцийн зохицуулалтууд болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.

Уг төсөл нь гэр хороололд төлбөрийн чадварт нийцсэн 10-15 мянга гаруй өрхийн орон сууцыг барьж байгуулах бөгөөд гэр хорооллын 100-130 га газрыг дахин төлөвлөж эко дүүрэг болгон хөгжүүлэх юм. Үүнээс 55 хувь нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууц, 15 хувь нь халамжийн орон сууц, 30 хувь нь зах зээлийн үнээр борлогдох орон сууц байхаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хот төлөвлөлтийн нэгдсэн шийдэл, төлөвлөлттэй, холимог газар ашиглалт, холимог орлогын түвшний өрхүүдэд зориулсан бүс бий болгох зорилготой. Мөн одоогийн орон сууцны зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, орон сууц худалдан авах чадваргүй байгаа буюу Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегид тусгагдсан өрхийн орлогын 1-5 дугаар шатлалын өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц болон халамжийн орон сууцыг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Судалгааны хүрээнд төлөвлөлтийн аргачлалыг боловсруулах, хөрөнгө оруулалтыг тодорхойлох, хотын дэд бүтэц болон төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, санхүүгийн болон институцийн зохицуулалтуудыг санал болгох юм. Төлөвлөлтөөр одоогийн гэр хорооллын нягтралыг нэмэгдүүлэх замаар нөөцийг үр ашигтай ашиглаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэн иргэдийн амьдрах таатай орчныг хангасан цогц суурьшил бүхий эко дүүргийг бий болгохоор зорьж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.