Парламент "F" үнэлгээтэй ажиллав
Хуульд заасан хуваарийн дагуу УИХ өнөөдөр завсарлах нь. Хэрвээ УИХ-ын дарга захирамж гаргаж чуулганыг сунгахгүй бол товлосон асуудлаа хэлэлцэж, баталсан батлаагүй үл хамааран шууд амрахаар зэхжээ. Өнөөдөр Ашигт малтмалын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрөөс төмөр замын талаар баримтлах зарим арга хэмжээний тухай зэрэг нэн чухал 10 гаруй хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна. Тэгэхдээ энэ бүх хуулийн төслүүдийг нэг өдрийн дотор хэлэлцэж чадах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч хаврын чуулганы хуралдааныг хангалттай гэж үзсэн бололтой, УИХ-ын гишүүд.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд УИХ-ын гишүүн хугацаагүй завсарлага авах, эсвэл хуулийн төслийг хэлэлцэлгүй унагах талаар бүр гаршсан гэж хэлж болно. Нэг өдөр намууд гурван өөр асуудлаар завсарлага авч байсан тохиолдол ч саяхан давтагдлаа. Хяналтын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Газрын тосны тухай хууль, 2016-2017 оны төсвийн төсөөлөл зэрэг нэлээд олон хуулийн төслүүд УИХ-ын чуулганы үед хэлэлцүүлгийн шатандаа яваад унасан.

 
Гэвч өнгөрсөн хугацаанд парламент хэр үр дүнтэй ажилласан бэ. Тэд үнэхээр яаран сандран чуулганаа завсарлуулж, ээлжит бус хуралдуулах шаардаагагүй их ажил амжуулж чадсан уу гэдэг асуултад хангалтгүй дүгнэлт өгмөөр байна. Дөрөвдүгээр сарын 7-нд нээлтээ хийснээс хойшхи гурван сарын хугацаанд УИХ-ын чуулган завсарлах, хуралдааныг орхиж гарах, эсвэл нэг асуудлыг бүтэн өдөржин хэлэлцэх, гацаах, унагах гэсэн зарчмаар ажиллаж байлаа. УИХ-ын даргын захирамж гарч хэлэлцэх асуудлын дарааллыг баталснаар бол 24 чухал хууль батлагдсан байх учиртай. Тэнд тусгасан хуулийн төслүүдээс өнөөдөр хэдийг нь баталж, хэчнээн хууль хэрэгжиж эхэлсэн бэ гэхээр маш хангалтгүй үнэлгээ өгч болж байна. Илүү үг нуршилгүйгээр З.Энхболдын тэргүүлсэн танхим энэ гурван сарыг хэр үр дүнтэй өнгөрүүлснийг онцлоё.
 
Бүх хуулиуд хүлээлт үүсгэлээ
 
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл намрын чуулганы төгсгөлд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллаа батлуулахаар чуулганы хуралдаанд оруулж ирсэн ч “Шударга ёс” эвслийн эсэргүүцэлтэй тулгарч хэлэлцэх асуудлаа баталж чадалгүй завсарласан байдаг. Тиймээс гуравдугаар сарын 27-нд хэлэлцэх асуудлын дарааллаа баталж, УИХ-ын Хаврын чуулган нээлтээ эхэлсэн энэ өдөр хэлэлцэж баталж чадсан юм. Гишүүдийн байр сууриа нэгтгэснээр 24 асуудлыг хэлэлцэхээр товлосон юм. Тэндээс Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ- ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ- ын тогтоолын төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл зэрэг тоотой хэдхэн хуулийн төслүүд маш их улстөржилт, гацаан дундуур батлагдсан юм.
 
Сөрөг хүчин удаа дараа улстөржих, өрийн хэмжээг нэмэгдүүлэх нь хэмээн завсарлага авч, Засгийн газраас дахин дахин оруулж ирэх гэх мэтээр удтал дуншсан энэ хэдэн хуулиас өөр парламент олигтой хууль баталж гаргасангүй. Засгийн газраас Эдийн засгийг идэвхжүүлэх асуудлын хүрээнд оруулж ирсэн НӨАТ- ын босгыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцсээр хэлэлцэх асуудлын дараалалд орсон хуулиудыг баталж чадсангүй. Тухайлбал, Газрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл, Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл, Шилэн дансны тухай хуулийн төсөл, Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Худалдааны тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл мөн шинээр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гэсэн маш чухал хуулийн төслүүд хэлэлцэх эсэх, анхан болон эцсийн хэлэлцүүлэг дээрээ ирээд гацчихаад байна.

Завсарлага, хууль унагах талаар тэд гаршчээ
 
Өнгөрсөн гурван сарын хуга­цаанд УИХ-ын гишүүн хугацаагүй завсарлага авах, эсвэл хуулийн төслийг хэлэлцэлгүй унагах талаар бүр гаршсан гэж хэлж болно. Нэг өдөр намууд гурван өөр асуудлаар завсарлага авч байсан тохиолдол ч саяхан давтагдлаа. Хяналтын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Газрын тосны тухай хууль, 2016- 2017 оны төсвийн төсөөлөл зэрэг нэлээд олон хуулийн төслүүд УИХ- ын чуулганы үед хэлэлцүүлгийн шатандаа яваад унасан. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахгүй гэх хуулийн төсөл буюу “Давхар дээл”- ээ тайлах, тайлахгүй асуудлыг бүтэн зургаан сарын хугацаанд намын бүлэг гурвуулаа ээлжлэн завсарлага авчээ. Эцэст нь энэ бүх улстөржилт ямар ч үр дүн үзүүлээгүй төдийгүй хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд хууль санаачлагчид буцаасан юм.
 
 Дараагийн улстөржсөн асуудал бол сайдуудыг томилох, огцруулах асуудал. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал мөн л нэг сарын маргаан болсон билээ. ҮХАА-н сайд Х.Баттулга албан тушаалаасаа буусан, түүний оронд суух дараагийн сайд хэн байх вэ гэдэг асуудал мөн л нэг сарын ажлыг барав. Ерөнхий сайдад Ардын намын бүлэг хариуцлага тооцох, бие даагчид Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулна гэсэн улс төрийн маргаан, мөн өнөөдрийг хүртэл маргаан дагуулаад байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал гээд энэ бүх улс төрийн томилгоо, сандал суудлын маргаанаас нэг ч үр дүн гараагүй байгаа юм. Тиймээс энэ удаагийн хаврын чуулганд ард түмэн хангалтгүй буюу “F” гэсэн дүн тавьж байна.
 
 Ард түмний амьдралд хэрэгтэй хуулиудыг баталж гаргах бус дандаа компани, мөнгөтэй аж ахуйн нэгж, хөрөнгө мөнгө горилсон асуудлыг анхаарч, иргэнд хэрэгтэй хуулиудыг жил дамжуулдаг, гацаадаг, сандал суудлаар улс төр хийдгээрээ энэ парламент хамгийн алдартай болох нь ээ. Үлдсэн хугацаанд ээлжит бус зарлалаа ч эдгээр чухал хуулийн төслүүдийг бүгдийг нь баталж чадна гэдэгт итгэхгүй нь. Өнгөрсөн намрын чуулган 19 хууль баталж байсан бол энэ хаврын чуулган чухал гэж хэлж болох хууль үзээд өгье гэсэн ч нэг ширхгийг баталж чадсангүй. Харамсалтай байна.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.