Хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийг 132 өдрөөр тооцож олгодог

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой асуудлаар Сүхбаатар дуүргийн нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн мэргэжилтэн М.Отгонбаяраас тодрууллаа.
 
-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн талаар тайлбарлаж өгөхгүй юу. Хэдий хугацаанд олгодог юм бэ?

 
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль бий. Энэ хуулийн 17 дугаар зүйлд ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурав, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан байдаг. Гэхдээ ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн хугацаанаас хамаарч харилцан адилгүй л дээ. Жишээлбэл, тасралтгүй таван жил ажиллаж, шимтгэл төлсөн бол 50 хувиар, 5-14 жил ажилласан бол 55 хувиар боддог. Харин 15-аас дээш жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн байвал 75 хувиар тооцож боддог. Бодохдоо ажлын өдрөөр тооцно.
 
-Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг хэдий хугацаанд олгох ёстой байдаг юм бэ. Хуулиараа хэрхэн зохицуулдаг бол?
 
-Тухайн хүн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанаас эхэлж тооцон ажлын эхний тав хоногийн тэтгэмжийг ажил олгогч олгодог. Зургаа дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх эсвэл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг даатгалын сангаас олгох ёстой гэж холбогдох хуульд заадаг. Тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь 66 өдрөөс хэтрэх ёсгүй. Гэхдээ 66 өдөртөө хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний таван өдрийг оруулдаг. Хоног нэмж олгогдох тохиолдол байна л даа. Энэ нь хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрөөр тооцож тэтгэмж олгодог.
 
-Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг дахин авч болдог уу?

 
-Болно. Гэвч тодорхой нөхцөл бий. Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд гурван сараас доошгүй хугадаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх нь үүсдэг.
 
-Жирэмсэн болон амаржсан эхийн тэтгэмж авах эрх хэрхэн үүсдэг юм бэ?

-Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг мөн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулдаг. Хуульд тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн зургаан сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч авах эрхтэй гэж заадаг. Мөн дутуу төрөх, үр хөндүүлэх, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслах тохиолдлууд байдаг. Ийм тохиолдолд тэтгэмж авч болох уу гэж хүмүүс асуудаг. Энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зохицуулсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд 196 хоног тээсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэсэн байгаа. Мөн хэдийгээр 196 хоног тээгээгүй ч гэсэн амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн л бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авна.
 
-Жирэмсний болон амаржсан эхийн тэтгэмжийг хэрхэн бодож олгох уу?

-Даатгалын төрлөөс хамаарч олгох хувь нь өөр л дөө. Жишээлбэл, хуульдаа тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож дөрвөн сарын хугацаанд олгоно гэж заадаг. Харин сайн дураар тэтгэмжийн даатгалд даатгуулсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно. Ер нь тооцох хувь нь өөр гэсэн үг. Ажил хөдөлмөр эрхэлдэг бол 100 хувиар бодно. Харин сайн дураар даатгуулсан бол 70 хувиар бодох юм.
 
-Жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх үү?


-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөнө. Уг тэтгэмжийг авсан байх хугацаанд аж ахуй нэгж байгууллага нь төлдөг. Үүнд Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж байгаа. Тэр хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар cap бүр төлөх юм. Нэг үгээр бол ажил олгогчид төлдөг гэсэн үг.
 
-Тэтгэмж авахын тулд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

-Харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын газарт эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиход болно.
 
-Төрөхийн өмнөх эмнэлгийн хуудсыг хэзээ бичих вэ. Бичсэнээсээ хойш хэд хоногийн дотор нийгмийн даатгалын газарт очих шаардлагатай вэ?

-Даатгуулагчид эмнэлгийн байгууллагаас жирэмсний болон амаржсаны хуудсыг жирэмсний амралт эхэлснээс хойш 30 хоногийн дотор, амаржсаны дараа 30 хоногийн дотор олгодог юм. Тухайн даатгуулагч эмнэлгийн хуудсыг хүний нөөцийн ажилтандаа аваачиж өгөх ёстой. Харин ажил олгогч эмнэлгийн хуудас бичигдсэнээс хойш 28 хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагатай тэтгэмжийн тооцоо хийх үүрэгтэй байдаг.


Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.