Богд уул сувиллын эмч нар Байгаль орчны сайдад шаардлага хүргүүллээ
Богд уул сувиллын эмч нар өчигдөр Байгаль орчны сайдад шаардлага хүргүүлжээ.  Тэд сувиллын хашаанд хууль зөрчин газар олгосон асуудал Г.Шийлэгдамба гэдэг нөхрийг Байгаль орчны сайд байхад эхэлсэн бөгөөд хууль бус энэ асуудлаар сувиллынхан шүүхэд хандсан байна. Шүүхийн анхан шат, давж заалдах болон Дээд шүүх гээд гурван шатанд нь эмнэлэг сувиллынхан ялжээ. Тодруулбал, Байгаль орчны яам эмнэлэг сувиллын хашаанд газар олгосон нь хууль зөрчсөн байна гэж гарчээ. Шүүхээс ингэж шийдвэрлэсэн, бас шүүхийн энэ шийдвэрийг хэрэгжүүл гэж Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас Байгаль орчны яам холбогдох газруудад 20 гаруй удаа албан бичиг, тоот ирсэн ч яам нь авч хэлэлцэж, хэрэгжүүлэхгүй, сувиллын эзэмшил газрын гэрчилгээг сунгахгүй өнөөг хүрчээ. 

Ингээд өнгөрсөн долоо хоногт сувиллын хашаа руу хүч түрэн дайрсан асуудал гарч, улмаар яамны зүгээс эмнэлэг сувиллыг “Та нар яагаад газрын гэрчилгээгээ сунгуулаагүй юм, гэрчилгээгээ сунгуулаагүй учраас хүчингүй ш дээ” гэдэг байдлаар асуудлыг ярьж эхэлсэн байна. Төрийн яамны эрх мэдэлтэн албан тушаалтнууд нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй зургаан жил арга саам хийж өнгөрүүлчихээд эцэстээ эмнэлэг сувиллыг газрын гэрчилгээгээ сунгуулаагүй буруутан болгох гэж увайгүй алхам хийж байгаад эмч сувилагч нар эгдүүцэн дургүйцэж, хууль ёсны эрхээ хамгаалахаар, асуудлаа өөрсдийн биеэр сайд Н.Батцэрэгт танилцуулсан нь энэ аж.

Эмнэлэг сувиллын захирал, эмч Уянгаа “Сайдаас өмнө БОНХЯамны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга Батсансартай уулзахад  зургаан жилийн турш үргэлжилж байгаа жижүүрийн хариултаа өглөө. Тусгай хамгаалалттай газар нутгийн газрыг Нийслэл шийддэггүй.  Гэтэл Батсансар дарга ярихдаа, “Танай байгууллага Нийслэлийн харьяа газар юм байна. Тиймээс Нийслэлийн газрын алба, Бат-Үүл даргатай ярьж байгаад танай газрын асуудлыг шийдвэрлүүлж өгье” гэж хууль бус зүйл хүртэл ярьж байна. Энэ бол асуудал хариуцаж байгаа хариуцлагатай албан тушаалтан хүн ингэж ярьж байгаа нь “Бид яасан ч хууль биелүүлэхгүй” гэж байгаатай л утга нэг сонсогдож байна” хэмээн ярилаа. 

БОНХАЖЯамны ТХГНЗахиргааны дарга Батсансар болон мэргэжилтэн Шижирболд нар нь шат шатны Шүүхийн шийдвэр гарчихаад байхад манай байгууллагын хашаан доторх газар болон Газрын Гэрчилгээг сунгуулах ажлыг зургаан жил хийгээд хийж чадахгүй байгаагийн цаана “Төрийн ажлыг Эрх ашгийн сонирхлын зөрчилтэй шударга  бус хийж байгаагаас үүдэлтэй” гэж ойлгогдохоор үнэхээр хууль бус зүйл хийж байгааг сувиллын эмч ажилтнууд ярьж байна. 

Шүүхийн шийдвэрийн дагуу бүх зүйл хууль журмын дагуу шийдэгдэнэ гэж бүтэн зургаан жил тэвчээртэй хүлээсэн эмнэлэг сувиллынхан асуудлыг шийдвэрлэх талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт шаардлага хүргүүлжээ. 

Н.Батцэрэг эмч нартай уулзахдаа асуудлыг судалж үзнэ, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсоно гэх хариултыг өгчээ. Харин эмнэлгийн ажилтнууд асуудлыг шийдүүлэхийн төлөө тууштай зогсож, эмнэлэг сувиллын газрынхаа болон эмнэлэг сувиллаар үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаална гэдгээ сайдад албан ёсоор мэдэгджээ. 
Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.