АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ хүчин орж ирлээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болох билээ. Эдүгээг хүртэл нам доторх сунгаа идэвхтэй өрнөж, Бүгд найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп нэр дэвших нь нэгэнт тодорхой болоод байгаа бол Ардчилсан намаас нэр дэвшихээр Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, сенатч Берни Сандерс нар өрсөлдөж байгаа юм.
 
Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ хүчний нэр дэвшигч орж ирлээ. Тодруулбал, улстөрийн жижиг хүчин болох Либериал намаас Шинэ Мексик мужийн захирагч асан Гари Жонсон гэгч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа мэдэгдлээ. Бүгд найрамдах
намын нэр дэвшигч Доналд Трамп өрсөлдөгчгүй үлдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх нь нэгэнт тодорхой болсон.
 
Харин Ардчилсан нам дотроо хамгийн олон дэмжигчтэй байгаа Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны хувьд хувийн емэйл хуудастай холбоотой дуулиан дэгдэсний улмаас сонгогчид сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэх болсон юм.
 
Яг ийм үед сонгуулийн тулаанд шинэ хүчин гарч ирж байна. Либериал нам “Хамгийн бага засгийн газар, хамгийн том эрх чөлөө” гэсэн уриаг дэвшүүлжээ. Улмаар Флорида мужийн Орландод намын их хурлыг нээж, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгосон байна. Гари Жонсоны хувьд нэр хүндтэй бизнесмэн.
 
Үүгээр зогсохгүй өмнө нь Бүгд найрамдах намд харьяалагдаж байсан удаатай. Түүний хувьд Ерөнхийлөгч болбол Орлогын албан татвар, Корпорациудын орлогын албан татварыг халж, татварын хөнгөлөлт үзүүлэхийн       зэрэгцээ хүнд сурталгүй төрийн үйлчилгээний системд
шилжүүлнэ хэмээн амлаж буй. Түүнчлэн, марихуаныг эмчилгээний зориулалтаар ашиглахыг хуулийн хүрээнд зөвшөөрөхийг дэмжиж байгаа юм байна.
 
Жонсон нам нэгтнүүдийнхээ өмнө гарч хэлсэн үгэндээ нэг зүйлийг тодотгосон сурагтай. Тодруулбал, тэрбээр “Би үнэнээ л хэлье. Би худлаа ярьж чаддаггүй” гэсэн аж. Түүнчлэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд урам хугарсан сонгогчдын өөртөө татаж, удаан хугацаанд
жижиг намын байр сууринд байсан Либериал намын нөлөөллийг тэлэх зорилгоор Гари Жонсон энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байна. Либериал хүчин сонгуульд орж ирсний дараа явуулсан нэр дэвшигчдийн рейтингийг харуулах хамгийн сүүлийн үеийн санал асуулгаас харахад, Либериал намын нэр дэвшигч 10 хувийн дэмжлэгийг авсан үзүүлэлттэй яваа юм.
 
Нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн тус намын гишүүн мэдэгдэлдээ үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трампыг шүүмжлээд амжжээ. Трампын хувьд хүчирхийллийг таслан зогсоохын тулд Мексик АНУ-ын хилд том хана босгоно гэх зэргээр олны эгдүүцлийг төрүүлсэн мэдэгдлийг хийж байв. Тэгвэл Жонсон үл хөдлөхийн тэрбумтны хэлсэн үгтэй холбоотойгоор түүнийг “ялгаварлан гадуурхагч” хэмээн тодорхойлсон юм.
 
Дашрамд дурьдахад, ирэх арваннэгдүгээр сард болох сонгуультай холбоотойгоор явуулсан сүүлийн үеийн санал асуулгад оролцогсдын 60 орчим хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп нарт тус бүрт нь “хангалтгүй” гэсэн дүн тавьсан байдаг. Ирэх арваннэгдүгээр сарын сонгуульд Гари Жонсон ялалт байгуулах боломж бараг байхгүй. Гэхдээ Трамп, Хиллари нарт хангалтгүй үнэлгээ өгч буй сонгогчдын дэмжлэгийг авч магадгүй байгаа учир сонгуульд санал хуваах зэргээр маш том нөлөөллийг авчирч магадгүй байгаа юм.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-05-31 07:13:26
    Д.Трамп нь ялна даа....
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах