Баянзүрх дүүрэгт өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ

З.Энхболд даргын удирдсан парламентын халааг авах 76 эрхэм хэн байх вэ гэдэг их сунгаа эхэлсэн энэ үед хэвлэл мэдээлэл бүр өөр өөрийн өнцгөөр үнэлэлт дүгнэлт өгч байна. “Монголын мэдээ” сонин хотын тойргуудыг тоймлон цуврал нийтлэлээ хүргэхээр шийдэж, энэ удаагийн дугаартаа нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг болох Баянзүрх дүүргийг онцолж, тус тойргийн зургаан мандатын төлөө өрсөлдөж буй нэр дэвшигч нэг бүрийг уншигчиддаа танилцуулахыг зорилоо. Сонгогчид илүү их мэдээлэл авч, хэн нь хэн бэ гэдгийг, таньдаг, мэддэг байгаасай гэсэн үүднээс бүх намууд болон бие даагчдыг ч нэр ус, албан тушаалтай нь тоймлоё.
 
Баянзүрхийн нэр дэвшигчид “чихрийн цуглуулга” шиг юм
 
Сонгуулийн хуулиар зургаан мандаттай болсон Баянзүрх дүүргийн 49 дугээр тойрогт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол МАН-аас нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд УИХ-д гурван удаа сууж буй туршлагатай улстөрч. Багш мэргэжилтэй энэ бүсгүй монгол төрийн босго ямар өндөр вэ гэдгийг харуулж, тэр хэрээр нийгэмд үнэлүүлж чадсан юм. Боловсрол, эрүүл мэнд, хүүхэд, эмэгтэйчүүд гээд нийгмийн бүх салбарт анхаарлаа хандуулж ажилладаг, энэ чиглэлийн хууль тогтоомж гаргах талаар тууштай ажиллажээ. Мөн 2014 онд БОНХАЖ-ын сайдаар найман сарын хугацаанд ажиллахдаа Зайсангийн иргэдийн газрыг гэрчилгээтэй болгох, хог хаягдлыг ангилах гэх мэт олон ажлыг хийсэн билээ.
 
Тэгвэл Д.Оюунхорол гишүүнтэй АН-аас УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт тулжээ. Өнгөрсөн жилийн сонгуулиар өрсөлдөгчөөсөө 6000 гаруй хүний санал дутуу атлаа УИХ-д ард түмний саналаар биш шүүхийн шийдвэрээр орж ирсэн хэмээн багагүй шүүмжлүүлсэн энэ эрхэм өнөө жил нутагтаа очих нүүргүй болсон уу, яасан юутай ч Баянзүрхийн тойрогт иржээ. Д.Зоригт гишүүний хувьд хоёр удаа УИХ-д суусан ч бодлогын том шийдвэр гаргаж, том том хуулийн автор болсон гэж хэлэхэд хэцүү. Хувь хүнийхээ талаас харсан ч дуу цөөтэй энэ эрхэм инженер эдийн засагч мэргэжилтэй.“Монгол шуудан” компанийн ТУЗ-ийн дарга гэдгээр нь магад ард түмэн илүү таньдаг ч байж мэдэх юм. Түүнчлэн, сүүлийн үед түүнийг оффшор бүсэд данстай гэх мэдээлэл явж байгаа ч гишүүн үүнийг үгүйсгэсэн билээ.
 
49 дүгээр тойрогт Тусгаар тогтнол эв нэгдлийн эвслээс МНН-ын дарга О.Бум-Ялагчийг сойжээ. Түүний хувьд маш олон жил улс төр хийж яваа хүн. Германд боловсрол эзэмшсэн, ногоон үзэл баримтлалтай гэдэг утгаараа тодорхой хэмжээний дэмжигчтэй. Тэр ч утгаараа энэ тойрогт нэр дэвшигчдийн аль алиных нь саналыг хуваах магадлал өндөр нэгэн.
 
Тэгвэл ХҮН-ын бие даагчид энэ тойрогт Хуульзүйн яамны газрын дарга асан О.Алтангэрэл гэх залууг явуулжээ. Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарт өмгөөлөл үзүүлж эхэлснээр олны анхааралд өртсөн түүнийг Х.Тэмүүжин сайд байх үедээ тун ч их тоож дэргэдээ зөвлөхөөр ажиллуулж байв. Гэвч, энэ тойрогт нэр дэвшиж буй олон жилийн хур туршлагатай улстөрчдийн дэргэд төлөвшөөгүй нэгэн билээ.
 
Харин 50 дугаар тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг сойжээ. Жадамбаа генералын хүү гэдгээр их улс төрд алхаж байсан тэрбээр өнөө хэр сайн аавын нэрээр явж байгаа нь худлаа биш. Ж.Энхбаяр эрхзүйч мэргэжилтэй бөгөөд дандаа хил гаалийн салбарт ажиллаж байгаад УИХ-д 2008 онд хөл тавьжээ. Говь-Алтай аймгаас хоёр удаа дэмжлэг авч сонгогдсон тэрбээр, өнөө жилийн сонгуулиар намын жагсаалтад багтана гэсэн итгэл дүүрэн явсан. Тиймдээ ч тойргоо нэг ч удаа эргээгүй учраас ёстой л төөрсөөр төрөлдөө гэгчээр явж байгаад энэ тойргийн онилчихсон гэхэд хэтийдэхгүй. Батлан хамгаалахын сайд байсан гэдэг утгаараа Баянзүрхийн цэргийн анги, нэгтгэлүүдийн саналыг цуглуулж чадна гэх итгэл дүүрэн явааг нуугаад яахав.
 
Тэгвэл Ж.Энхбаярын өмнөөс АН УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болорыг явуулжээ. Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж, Б.Хурцыг эх оронд нь авчрах асуудлаар олны анхааралд өртөж, улмаар Архангай аймагт туршлагатай улстөрч түшиж явсаар гарч ирсэн нэгэн. Тэгвэл энэ удаад мөн л туршлагатай улстөрчид дагаж Баянзүрхийг түшсэн нь энэ. Тэрбээр, улстөрчийн хувиар туршлага багатай ч том фракцийг түшсэн учраас том албан тушаалд морилж, өдгөө Сангийн сайдын албыг хашч явна. Үеийн залуус дундаа боловсролоороо ялгардаг байж болох ч улстөрчийн хувиар түүнд товойх зүйл ховор юм.
 
МАХН-ынхан тус тойрогт улс төр судлаач, доктор, дэд профессор Ч.Өлзийсайхан гэх эмэгтэйг өрсөлдүүлсэн байна. Уул уурхайг дагасан улс орнуудын уналт доройтол, парламентын засаглалтай орны давуу болон сул тал зэрэг олон талаас судалгаа хийдэг туүнийг улс төрийн салбарт чамгүй туршлагатай судлаач хэмээн үнэлдэг. Гэвч улстөрч байх хэмжээнд өөрийгөө боловсруулж чадаагүй аж.
 
Тэгвэл энэ тойрогт ТТ эв нэгдлийн эвслээс Яруу найрагч, сэтгүүлч Ү.Хурэлбаатар нэр дэвшчээ. Урлаг, спортынхон улс төр сонирхох болсон цувааг үргэлжлүүлж буй түүнийг улстөрч гэж харах эсэх нь баянзүрхчүүдийн сонголт биз ээ.
 
51 дүгээр тойрогт тэгвэл МАН-аас ҮЦХ-ийн захирал асан, НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэгий “сойжээ”. “Эко хатагтай” гэдгээр олонд илүү танигдсан Б.Саранчимэг МАН-ын лидер улстөрч эмэгтэйчүүдийн нэг яах аргагүй мөн. ОХУ-ын Цахилгаан техникийн их сургуулийг программист мэргэжлээр төгсчээ. Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн, МАН-ын Бага хурлын гишүүн зэрэг сонгуульт албан тушаалаас гадна НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, түмний итгэлийг алдаагүй яваа улстөрч эмэгтэй. Хэдхэн жилийн өмнө шарилжнаас өөр зүйлгүй байсан нүцгэн талыг өдгөө нийслэлчүүдийн хамгийн очих дуртай цэцэрлэгт хүрээлэн болгож чадсан гэдгээрээ тэр баянзүрхчүүдийн өмнө хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй очиж байгаа билээ.
 
АН-ынхан харин энэ тойрогт тун ч сул өрсөлдөгч явуулсан. Тодруулбал, ИЗНН-тай тохирсон тохирооны дагуу Р.Булгамаа гэх бүсгүйг явуулжээ. Р.Булгамаа нь хуульч, эрхзүйч мэргэжилтэй бөгөөд олон жил хуульзүйн салбарт ажилласан туршлагатай. Мөн 2007 онд ИЗНН-ыг сонгож, 2012 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшин ялагдал хүлээж байсан аж. Тэгвэл энэ удаад даагаа нэхэж буй бололтой.
 
МАХН-ынхан энэ тойрогт Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Ц.Цолмоныг явуулсан аж. Хоёр бүсгүйн өрсөлдөх тойрог эрхэм сайдад магад сулхан харагдсан ч байж мэдэх. Гэвч нэг сонгосон сонголтоосоо урваагүй яваа энэ хоёр эмэгтэйн хажууд эрхэм сайдтан “жижигхэн” харагдаж буйг нуугаад яахав. Ардчилсан үзэл баримтлалаа албан тушаалын төлөө сольж, МАХН-д урвасан гэдгийг ард түмэн мартаагүй байгаа. Сайдын албан тушаалд очсоны дараа түүнийг тойрсон сайн гэхээс илүү саар мэдээлэл олон гарч байв. Д.Цолмон нь цахилгааны инженер мэргэжилтэй. Тэрбээр, Болгар, ОХУ-д элчин сайдаар сууж байсан, мөн МҮАН-ын гишүүн байхдаа Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан туршлагатай.
 
Тусгаар тогтнол эв нэгдлийн эвслээс энэ тойрогт “Хатан Тулга” компанийн захирал М.Мөнхцэцэгийг өрсөлдүүлэхээр сонгожээ. Хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа бөгөөд МНН-ын гишүүн гэдгээс өөр мэдээлэл алга.
 
Харин ХҮН-аас уг тойрогт хүний эрхийн хуульч Ц.Баттуяа гэдэг бүсгүйд итгэл өгсөн байна. Тэрбээр, Польш улсад мэргэжил эзэмшсэн нэгэн бөгөөд ЦЕГ-т хуулийн хэлтсийн мэргэжилтэн, Шүүхийн Ерөнхий зөвлөлд референт, Халх журам Хуульзүйн сургуульд багшаар ажиллаж байжээ.
 
Тэгвэл Эх орончдын нэгдсэн эвслээс тус тойрогт намын дарга Г.Ганбат өөрөө нэр дэвшихээр болсон байна. Уул уурхай, эдийн засаг, хууль эрхзүйн гээд олон чиглэлээр тууштай дуугарч яваа түүнийг хаана сургууль төгссөн, ямар мэргэжил эзэмшсэн талаар тодорхой мэдээлэл ховор. Юутай ч 2012 онд намаа байгуулж, парламентад суудалгүй олон намуудтай хамт тууштай улс төр хийж яваа ч өнөө хэр амжилтад хүрээгүй нэгэн.
 
Баянзүрхийн 52 дугаар тойрогт МАН-аас дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг нэр дэвшчээ. Түүнийг баянзүрхчүүд андахгүй мэднэ. Дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад хэдэн тэрбумаар нохойны хөшөө босгосон нь түүнийг алдартай болгож байв. Эдийн засагч улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд сумоч Д.Батбаярын хөрөнгийг захиран зарцуулах албан тушаал эрхэлж байгаад дүүргийн Засаг дарга болж гэнэт тодорч байжээ.
 
Тэгвэл энэ тойрогт АН-аас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байна. Дүүргийн Засаг даргын дэргэд тэр дэлхийн хэмжээнд бодлого ярьж яваа улстөрч. Түүхийн багш, хуульч мэргэжилтэй бөгөөд Залуучуудын холбооноос ажлын гараагаа эхэлж, улмаар Ерөнхий сайд болтлоо өсч чадсан улстөрч юм. Авлига, албан тушаалын хэргээс хол залуу улстөрч учраас АН түүнд Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэх албан тушаалыг өгсөн. Тэр ч итгэлийг нь алдаагүй төдийгүй Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн сайд хэмээн үнэлэгдэж байгаа билээ.
 
МАХН-аас нэр дэвшсэн Л.Чулуунбаатар компанийн захирал, хувиараа бизнес эрхлэгч гэдгээс өөр мэдээлэл алга. ТТ эв нэгдлийн эвслээс ч мөн компанийн захирал М.Мөнхтуяа гэх эмэгтэй нэр дэвшчээ.
 
Баянзүрхийн 53, 54 дүгээр тойрогт үнэнийг хэлэхэд өрсөлдөөн гарах уу гэж хэлэхэд бэрх. МАН-аас 53 дугаар тойрогт НИТХ-ын төлөөлөгч Б. Төмөрчулууныг сойжээ. Б.Төмөрчулуун нь химич мэргэжилтэй бөгөөд 1990 оныг хүртэл төрийн байгууллагад ажиллаж, улмаар 1991 оноос “Сэргэн мандалт” компанийг үүсгэн байгуулжээ. Харин 2003 оноос улс төрийн албан тушаал сонирхох болж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг даргалж, улмаар 2012 онд НИТХ-ын төлөөлөгч болж байв. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байх үеийн таагүй мэдээллүүд өнөө хэр түүнийг дагадаг нь худлаа биш.
 
Тэгвэл энэ тойрогт АН Ж.Батзандан гишүүнийг сойсон байна. Эрхэм гишүүн өмнөх сонгуулиар энэ дүүргээс сонгогдсон. Гэхдээ тойрогтоо юм хийсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Улс төр судлаач, эрхзүйч, хуульч мэргэжилтэй. АНУ-д судлаач багш, оюутнуудад лекц уншдаг гэх мэтээр салбартаа чамгүй үнэ хүндтэй байсан тэрбээр Иргэний хөдөлгөөн гэгчийг байгуулж, гудамжинд жагсч, уриа лоозон барьж суусаар Төрийн ордонд орж ирж байлаа. Гэвч төлөөллийнхөө төлөө ажиллаж чадсан уу гэдэгт би биш баянзүрхчүүд дүн тавих биз.
 
МАН-ын нэр дэвшигчийн саналыг хуваах магадлалтай нэгэн эрхэм МАХН-аас нэр дэвшч буй. Тодруулбал, Цэргийн албаны боловсролын доктор, Нобелийн шагналт, НҮБ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Д.Эрдэнэцогт энэ тойрогт өрсөлдөж байна. Эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажилдаа нэртэй төртэй энэ эрхмийг монгол түмэн мэддэг, таньдаг.
 
Тэр ч утгаараа хоёр намын нэр дэвшигчдийн саналыг хуваах магадлал тун өндөр. Монгол Улсын гавьяат эмч, академич, элэгний гэх тодотголтой М.Шагдарсүрэн энэ тойрогт ТТ эв нэгдлийн эвслээс нэр дэвшлээ. Сонгох, сонгогдох эрхээ эдэлж буй түүний талаар илүү тодорхойлолт хэрэггүй биз. Амьдрал, туулсан замнал нь ард түмний нудэнд илхэн учраас итгэл үзүүлэх эсэхээ баянзүрхчүүд шийдэх нь.
 
54 дүгээр тойрогт МАН-аас “Монгол тулгатаны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, АН-аас УИХ-ын гшиүүн Д.Арвин нарын бүсгүйчүүд тулжээ. Тэд адилхан эмэгтэйчүүд. Нэг нь илүү, нөгөө нь дутуу гэж үнэлэх нь энэ удаад илүүц харагдана. Хоёулаа л өөр өөрийнхөөрөө улс төр, нийгмийн бусад салбарт танигдсан. Хэнийг сонгох нь сонгогч таны эрх.
 
Харин МАХН-аас Монгол Улсын Төрийн соёрхолт гавьяат жүжигчин, урлаг судлалын докторант Ц.Төмөрбаатар, ХҮН-аас намын дарга С.Боргил бие даан нэр дэвшч буй бол, ТТ эв нэгдлийн эвслээс Аюулгүй байдал судлаач Б.Чулуунбат нэр дэвшчээ. Мөн энэ тойрогт эх орон, элгэн түмнээ гэх сэтгэл өвөртөлж яваа монголын шинэ үеийн залуусын төлөөлөл болсон МУГЖ С.Жавхлан нэр дэвшчээ. Өмнө хэлсэнчлэн тэд өөр өөрийн хэмжээнд үнэлэмжтэй хүмүүс. Харин хэнийг төр түшүүлэх вэ гэдгээ 54 дүгээр тойргийн сонгогчид мэдэх билээ.
 
Эндээс харахад Баянзүрх дүүрэг ёстой л набор шиг харагдаж байна. Нийгмийн бүх салбарын төлөөлөл, цаашлаад энд тэндхийн тойргоос гологдож шилэгдсэн хүмүүс ч цөөнгүй байх аж. Нөгөө талаар үнэхээр сонгочих юмсан, энэ төрд хэрэгтэй шүү гэж үнэлэх лидер улстөрч, лидер эмэгтэйчүүд энэ тойрогт чамгүй олон иржээ. Мэргэн сонголт хийж, төлөөллөө зөв сонгох эсэх нь баянзүрхчүүдийн шийдэх асуудал болж үлдлээ.


Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dorj 2016-06-05 03:06:09
    J. Enhbayar , Oyunhorol , Saihanbileg, Anujin, Tsolmon nar garna
  • Sainaa 2016-06-03 15:12:31
    D.Zorigtiig gargia busad n hereg algaa
  • Oyunhorol 2016-06-01 15:50:46
    Oyunhorold zavhand zai garsangui yu bzd t suraggui b.haa
  • Батаа 2016-05-31 12:46:06
    МАН-г дэмжнээ ард түмээн
  • zochin 2016-05-31 10:35:53
    БЗД-с Саранчимэг бол тодорхой ялна байхоо хийсэн юмтай хэлэх үгтэй нэр цэвэр хамгийн гайгүй бас улс төрд нэлээн олон жил болсон бүсгүй шүү дээ
    • Газрын наймаачин 2016-05-31 16:36:05
      Саранчимэг, түүний дүү Наранхүүгээс Баянзүрхчүүд ДСНК, Автай сайн хааны өргөө байсан газрын цэцэрлэгт хүрээлэнг нэхэх хэрэгтэй. Хайран цэцэрлэгийг устгасан
  • bzd-iin irgen 2016-05-31 08:18:47
    Batzandang yu hiisniig n unendee medehgui yum.Amnii figuur saitai,neg l ih yarisan hun bh shig sanagddag yum.henii n ch gargah yum bugd l saihan yarisan uls bh ...
  • БЗД-ийн иргэн 2016-05-31 07:10:08
    БЗД-ээс Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, Б.Батзориг,Ж.Батзандан,Б.Чулуунбат эсхүл С.Жавхлан нар ялах магадлал өндөр юм.Тэднийг сонгосон байхад алдахгүй.......
  • жаргалмаа 2016-05-31 04:33:49
    Тэгээд чБЗД-т батзанданг барах хүн байхгүй шд үнэндээ юм хиидэг хүн байхгүй очиж уулзан газар дээр нь очино аймар тактиктай гар
  • jjkkk 2016-05-31 03:26:55
    Oyungereliin hvn bichsen yumuu daa zailuul. Benzinii vniig mongoldnondor heveer n barij chadaj baigaa n tvvnii vndsen zorilgo baihaa daa vvnoigee ch jeregjuulj ...
  • mk 2016-05-31 02:43:29
    Borgild ugnee. Busad p-anuud hereg alga
  • зочин 2016-05-31 01:30:12
    Хүмүүс худлаа хатгаж МАН, МАХН - 2-г сөргөлдүүлж байх юм МАХН бол АН-н саналыг хуваах ёстой
  • зочин 2016-05-31 00:44:11
    Монголын ард түмэн АН-аас бусдад нь саналаа өгөх хэрэгтэй, 4 жил улс орныг унагаасан энэ намыг дахин сонгож болохгүй