Барак Обамагийн түүхэн айлчлал

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлээр дуусна. Тэрбээр бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар Вьетнам, Японд “сүүлчийн” түүхэн айлчлалаа хийгээд эх орон руугаа мордлоо. Дэлхийн II дайнаас хойш 70 жилийн дараа Цагаан ордны төрийн тэргүүн Вьетнам, Японы Хирошима хотноо анх удаагаа айлчилсан нь олон улсын анхаарлыг татаж байв. Тиймдээ ч, тус улсын Ази руу чиглэсэн гадаад бодлогын илрэл хэмээн нэрлэгдэж байсан юм.
 
Барак Обама энэ сарын 27-ны өдрийн орой хувийн нисдэг тэргээрээ Хирошимад газардаж, Энхтайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд цаг орчим саатсан байна. Мөн Энхтайвны дурсгалын музей буюу цөмийн бөмбөгдөлтөд өртөгсдийн дурсгалын музейд “Бид дайны гашуун зовлонг туулсан. Энхтайван, цөмийн зэвсэггүй амар амгалан дэлхийг эрэлхийлэх болно” хэмээн мэдэгджээ. “1945 оны наймдугаар сарын 6-ны өглөө болсон тэр аймшигт дурсамж хэзээ ч арилахгүй”. Энэ үгийг Барак Обама уригдан ирсэн 100 гаруй хохирогчдийн өмнө хэлжээ.
 

Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нэрийн дор нуугдсан нэг сэдэв бий. Тэр нь цөмийн бөмбөгдөлтийн улмаас тааруу харилцаатай байдаг дайсагнасан талууд эвлэрч нэгдэх ёстой гэсэн мессэжийг ард түмэнд хүргэх байв


Мөн тэрбээр цөмийн зэвсгийн давуу болон сул талыг тэмдэглэхээс илүүтэйгээр “Дайны үед аль аль тал хохирол амссан” гэдгийг дахин дахин онцолж байсныг орон нутгийн мэдээллийн сайтууд онцолж байна. Японд айлчлахын өмнө Б.Обама Вьетнамд айлчилсан юм. Тэнд тэрбээр Вьетнамын эсрэг тавьсан зэвсгийн бүх хоригоо цуцалсан байна. АНУ 2014 онд тус улсын эсрэг тавьсан зэвсгийн зарим хоригоо цуцалсан байдаг ч, Вьетнам эдүгээг хүртэл нэг ч зэвсэг тус улсаас худалдаж аваагүй аж. Өмнөд Хятадын тэнгист бүлэг арлын эзэмших эрхийн асуудлаар Вьетнам Хятадтай маргаантай байдаг. Гэсэн ч, дэд бүтэц, хүнсний бүтээгдэхүүний импорт зэргээр эдийн засаг нь Хятадаас хамааралтай байдаг.
 
Ямартай ч, Ерөнхийлөгч Обама Ханой хотноо 2300 гаруй оюутан залуусын өмнө хийсэн мэдэгдэлдээ Вьетнамын дайны үеэр “Гурван сая вьетнамын цэрэг, иргэд, АНУ-ын 58315 иргэн амиа алдсан” гэж өгүүлжээ. Түүнчлэн, хоёр улс дайны гашуун сургамжийг мартаж болохгүй хэмээн онцолжээ.
 
Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нэрийн дор нуугдсан нэг сэдэв бий. Тэр нь цөмийн бөмбөгдөлтийн улмаас тааруу харилцаатай байдаг дайсагнасан талууд эвлэрч нэгдэх ёстой гэсэн мессэжийг ард түмэнд хүргэх байв. Вьетнамд тус улсын Ерөнхийлөгч Чан Дай Куангтай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Харилцан ашигтай, нэг нэгийгээ хүндэтгэж харилцвал хоёр улсын харилцаа сэргэх бүрэн боломжтой” гэдгийг онцолсон бол Хирошимад хийсэн айлчлалынхаа үеэр “Япон, АНУ хоёр улс эвсээд зогсохгүй нөхөрлөлийн харилцаагаа улам хөгжүүлэх хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгджээ.
 
Барак Обама эдүгээг хүртэл Украин болон Сирийн нөхцөл байдалд цэргийн оролцооноос аль болох зайлсхийж ирсэн. Гэвч эрх барьж буй Бүгд найрамдах нам түүнийг сул дорой хэмээн шүүмжилж байсан удаатай. 1955 онд эхэлсэн Вьетнамын дайнд АНУ албан ёсоор 1964 онд орж, 1973 оны сүүлчээр орхиж байжээ. Энэ хугацаанд америкчууд Вьетнамын нутаг дэвсгэрт 6727084 тонн бөмбөг хаясан байдаг ажээ. Харин дэлхийн II дайны үед Японы Хирошимад “Литтл бой” гэх нэртэй цөмийн бөмбөгийг Америкийн цэргийнхэн хаяж, 200 гаруй мянган хүн амиа алдсан байдаг. Бүрэн эрхийн нь хугацаа дуусахад багахан хугацаа үлдээд буй Барак Обама Америкийн цэргүүдийн бөмбөгдөлтийн улмаас ийнхүү хохирол амссан Азийн хоёр улсад айлчилж, дайны гашуун сургамжийг мартагнаж, эвлэлдэн нэгдэх хэрэгтэй гэсэн мессэжийг энэ удаагийн “сүүлчийн” түүхэн айлчлалаараа өгсөн юм.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.