Долоо хоногийн тойм

Улстөрийн нам, эвслүүдийн хувьд шийдвэрлэх долоо хоног байв. Энэ долоо хоногийн эхэнд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг гэнэтхэн завсарлуулав. Үүний дараагаар намууд нэр дэвшигчдээ тодруулах ажиллагаандаа орлоо.
 
УИХ-ын дарга захирамж гаргав

 
УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг түр завсарлуулах тухай захирамжийг энэ дугаар сарын 24-ны өдөр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан УИХ-ын чуулганыг ирэх сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулахаар захирамжид дурджээ.

МАХН-ын 10 гаруй гишүүн өлсгөлөн зарлаж эхэллээ
 
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын 10 гаруй хүн өлсгөлөн зарлаж эхлэв.“Эрх чөлөө”, “Чингисийн талбай”-д жагсаал цуглаан, өлсгөлөн зарлах зөвшөөрөл холбогдох байгууллагаас өгөөгүй МАХН-ын төв байрны өмнө өлсгөлөнгийн арга хэмжээг эхлүүлсэн байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарын зарим нэр дэвшигчдэд хууль хяналтын байгууллагаас УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.

Намууд нэр дэвшигчдээ тодруулав
 
Улс төрийн хүчнүүд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодрууллаа баталлаа. АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хурал бямба гарагийн орой эхэлсэн ч УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулан батламжилсан юм. Нэр дэвшигчид ирэх зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна. Энэ хугацаанд ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн гэх асуудлаар СЕХ-ноос эргэн татагдчихгүй л бол шүү дээ. Харин сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 11-нд эхэлнэ. УИХ-аас хориодхон хоногийн өмнө тойргийн сонгуулийн системээ өөрчилж, тойргийн хуваарилалтаа хийсэн. Энэ удаагийн сонгууль жижиг мажоритараар явагдах бөгөөд 76 тойрогт намууд нэг нэг хүнийг нэр дэвшүүлж байгаа юм.
 
Д.Сумъяа “Мастерс”-ын аваргаар гурав дахь удаагаа тодров
 
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн “World Masters-2016” эхэллээ. Дэлхийд чансаагаараа жин бүрийн эхнийд 16-д эрэмбэлэгдсэн шилдэг жүдочид урилгаар оролцдог тус тэмцээнд Монголын 18 жүдочид оролцож байгаа юм. Өчигдөр орой эхэлсэн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаан боллоо. Дэвжээнд гарсан манай тамирчдаас ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа /57 кг/ аваргын төлөөх барилдаанд Францын тамирчныг ялж, “Мастерс”-ын аваргаар гурав дахь удаагаа тодорч байгаа юм. Түүнчлэн, эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдсөн ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртэв. Одоогийн байдлаар Д.Сумьяа /Алт/, Д.Төмөрхүлэг /Мөнгө/, Д.Амартүвшин /Хүрэл/, Г.Болдбаатар /Шагналт байр/, М.Уранцэцэг /Шагналт байр/-т тус тус шалгараад байна.

П.УНДРАМ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.