Мөнгөний гахайнаас эхэлсэн миний хуримтлал

Яг гурван жилийн өмнө дэлгүүрээс мөнгөний гахай худалдан авч байлаа. Амьдралдаа анх удаа мөнгө цуглуулах гэж байгаа нь тэр. Гахай авахдаа долоо хоног бүр 20 мянган төгрөг заавал хийж байна гэх бяцхан амлалтыг өөртөө өгсөн юм. Эхний хоёр сар уг амлалтаа үе, үе тасалдуулаад байв. Заримдаа мартчихна, эсвэл мөнгөгүй байж таарна. Харин сүүл рүүгээ тогтмол хийгээд сурчихсан. Гэвч нэг их удалгүй хэдэн төгрөг цугласан бол гэж байж ядаад өнөөхийгөө нэг өдөр хагалчихав аа. Дотроос нь миний санаанд ороогүй буюу 540 мянган төгрөг гарч ирж амьдралдаа анх удаа өөртөө жаахан ч гэсэн хуримтлал үүсгэсэн байв. Эндээс л урамшчихсан юм.

Харин дараагийн удаа илүү боловсронгуй аргаар хуримтлал үүсгэхээр шийдэв.

 Нэг ёсондоо гэртээ ямар ч хүүгүй мөнгө хадгалж байхаар арилжааны банкийг сонгосон хэрэг. Эхний ээлжинд амьжиргааныхаа зардлаас бага багаар илүүчилнэ. Өдөр бүр биш юмаа гэхэд долоо хоног хэрэглэх мөнгөнөөсөө жаахныг илүүчлээд хуримтлал руугаа хийдэг болов. Эхлээд 20 мянган төгрөгтэй байсан хадгаламжийн дэвтэр хоёр, гуравхан сарын дараа 200 гаруй мянган төгрөгтэй байхыг харах сайхан. Өдөр тутмын буюу амьжиргааны зардлаасаа бага багаар илүүчлээд байхаар болдог л юм байна лээ. Ажилтай төрөлтэй, тогтсон цалинтай залуусын хувьд долоо хоногт 20 мянган төгрөг өөртөө илүүчлээд цааш нь хийгээд байх боломжтой. Тэр хэрээр хуримтлал минь өсөөд байхаар хэчнээн урамтай гээч.

Би өөртөө “Залуу хүн ядуу байх нь буруу биш. Гэхдээ халшрамтгай байвал утгагүй” гэж байнга сануулна.

 Нэгэнт хуримтлал үүсгээд эхэлчихээр дэмий зүйлд мөнгө үрэхээ больдог юм билээ. Гадуур 10 мянган төгрөгөөр хоол иддэг байсан бол түүгээрээ хүнсээ цуглуулахад гурван өдөр лавтай хооллочихно гэдгийг ойлголоо.
Мөнгөө хуримтлуулах тусам улам туршлагажлаа. Банк руу мөнгөө бариад гүйдгээ больсон. Харин ч банкны захиалгат шилжүүлэг үйлчилгээг ашигласнаар цалингаасаа сард хуримтлалдаа хийх ёстой мөнгийг маань данс руу маань шууд шилжүүлчихдэг болсон.
Голомт банкны өндөр хүүтэй, дээрээс нь 20 хувийн урамшуулалттай Үндэсний хуримтлалын хөтөлбөрт нэгдсэнээр хуримтлал маань одоо 2 сая гаруй төгрөг болсон. Хоёр сая төгрөгтэй болчихоор гурван сая болгохсон гэж хорхойсно.

Элдэв хэрэгтэй, хэрэггүй аар саар зүйлд мөнгөө үрж мөрөөдлөөсөө татгалзаж байхаар хуримтлал үүсгээд түүгээрээ хүслээ биелүүлэх боломж хүн бүрийн өмнө нээлттэй.

Нэг найз маань хуримтлал үүсгээд түүнийхээ үр дүнгээр тун сайхан амьдарч байгаа. Түүний мөнгөө хадгалдаг арга их сонирхолтой.  Над шиг ганцхан хадгаламжтай биш.
Аялахад, машин худалдан авахад гээд хэрэгцээндээ зориулаад тус тусад нь хуримтлуулна. Огт гар хүрэхгүй буюу жил бүр тодорхой хэмжээгээр өсөж байх зориулалттай хуримтлал ч бий.
 Амьдралд юу ч тохиолдоо билээ. Тэр үед мөнгө хайж хэн нэгнийг царайчлан сандрахгүй байх түүний туршлага маш их таалагддаг юм. Удахгүй ийм байдлаар хуримтлалаа өргөтгөе гэж бодож байгаа. Ер нь хуримтлал их чухал. Ялангуяа залуу хүн эртнээс хуримтлал үүсгэх хэрэгтэй. Хамгийн гол нь эхлүүлэх л чухал. Маргааш, эсвэл дараа сараас л цуглуулъя даа гэж хойш тавилгүй яг одооноос халаасандаа байгаа мөнгийг хуримтлалдаа хийгээрэй.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Бусдад түгээх
  • gplus