Б.Оюун: Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хэмжээ 27-30 хувиар нэмэгдсэн
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын асуудлаар даатгалын мэргэжилтэн Р.Оюунтай ярилцлаа. 

-Албан журмын даатгалын хураамж энэ онд хэчнээн хувиар нэмэгдэж байгаа вэ?
-Жолоочийн хариуцлагын даатгал нь 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн даатгалын зах зээлийн нилээн том бүрдүүлэгч хэсэг болж орж ирсэн. Урьд нь жолооч нар энэ төрлийн даатгалын ач холбогдлыг тодорхой түвшинд мэддэг хэдий ч албан журмын даатгал биш байсан учраас хамрагдах хүрээ болон идэвх сул байлаа. Ингээд албан журмынх нэрийн дор хуульчлангуут байдал мэдээж өөр болсон.Энэ хуулийг УИХ-аар батлагдсаны дараа багагүй шуугиан дэгдсэнийг олон нийт сайн санаж байгаа байх. Даатгалын компаниудын лоббины хууль боллоо гэсэн яриа ч гарч байлаа. Даатгалын компаниуд ийм хууль боловсруулж, шахалт үзүүлсэн мэтээр ойлгох хэсэг ч байсан. Үнэндээ бол даатгалын салбарынхан бодлого, шийдвэр гаргагчдад нөлөөлсөн зүйл миний бодлоор байгаагүй. Албан журмын даатгал нь төрийн бодлогоор зохицуулагддаг нийгмийн шинж чанартай даатгал юм.

Ингэж 2012 онд жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах жолооч нарын тоо өмнөх жилүүдээсээ нэмэгдэж даатгалын компаниудын ачаалал ч мөн ихэссэн.Тухайн үедээ даатгалын компаниуд бүгд жолоочийн хариуцлагын даатгалыг зах зээлд маш эрчимтэй танилцуулж, идэвхтэй борлуулж байсан.Одоо бол хуулийн дагуу хэрэгжиж буй даатгалын бүтээгдэхүүн боловч бизнесийн үр дүнгийн хувьд даатгалын компанидаа ашиггүй, бүр алдагдалтай даатгалын бүтээгдэхүүн болж хувирсан. Тиймээс хуулиа эргэж харж, сайтар хийгдсэн тооцоо үндэслэлд тулгуурлан тодорхой шинэчлэх шаардлагатай болж байна.

Ийм учраас Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн 2015 оны наймдугаар сард жолоочийн хариуцлагын даатгалын хураамж тооцох тооцоолуурт өөрчлөлт оруулсан. Ингээд энэ оны  хувьд манай даатгуулагчдын даатгалын хэмжээ 27-30 хувиар нэмэгдэж байгаа.  

-Албан журмын даатгалын хэмжээ нэмэгдсэнээр даатгуулагчдад олгох нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдэх үү?
-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хэмжээ нэмэгдсэн ч нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгддэггүй.Тухайлбал  В ангиллынх бол тав хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөр олгоно гээд журмаар заасан байдаг. 

-Жолооч нар ер нь жилд ямар ямар төрлийн даатгалыг заавал хийлгэсэн байх ёстой вэ?
-Нэгдүгээрт жолооч нар  жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг заавал хийлгэх ёстой байдаг. Хоёрдугаарт тээврийн хэрэгслийн даатгалыг өөрсдөө сайн дураараа хийлгэх боломжтой байдаг. 

-Албан журмын даатгалын даатгалын хэмжээ хэдээс хэд орчим төгрөг байдаг вэ?    
-Хамгийн бага нь В ангиллынх 30.00-39.600 болдог. Мөн дээрээс нь хувь хүнээсээ шалтгаалаад, хэчнээн жил машин барьсан, энэ хооронд осол аваар гаргаж байсан эсэхээс шалтгаалаад үүнээс бага ч төлж болно. Өөрөөр хэлбэл 5-20 хувийн хөнгөлөлт хийдэг. 

-Ямар тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг юм бэ? Тухайлбал өөрөөс шалтгаалаагүй осолд өртсөн байвал хөнгөлөлт эдлэх үү?
-Хөнгөлөлт эдлэх боломжгүй. Нөхөн төлбөр авсан л бол хэлбэр нь ямар байх хамаагүй хөнгөлөлт эдлэх боломжгүй. 

-Даатгуулсан цагаасаа эхлэн жил бүр тогтмол даатгалын хураамжаа төлж, нөхөн төлбөр гаргуулаагүй жолооч байхад жилд хэд хэдэн удаа нөхөн төлбөр авдаг тохиолдол бий байх. Энэ хоёр тохиолдолд даатгалын үйлчилгээ ижил байх уу?
-Жишээ болгон хоёр тохиолдлыг А ба Б гэж нэрлэе л дээ. Хоёулаа даатгуулах гээд ирсэн тохиолдолд хоёуланг нь даатгана. Гэхдээ ижил хэмжээний хураамж төлөн даатгагдах боломжгүй. Энэ хоёр даатгуулагчийн төлсөн хураамж даатгалын нөөц сан гэсэн сагсанд ордог. Нөөц сандаа оруулахын тулд тодорхой шалгууртай. А гээд нямбай хариуцлагатай жолооч нь магадгүй осол, зөрчил гаргахгүй байвал арай бага хураамж төлснөөр цаашид даатгуулах боломжтой. Б жолооч нь А шигээ биш, осол гаргасан түүхтэй бол өөр ангилал руу орж илүү хэмжээний хураамж төлж байж даатгуулна. Ингэж тэнцвэржүүлдэг.

-“Аюултай жолооч” жилд хичнээн төгрөгийн даатгалын хураамж төлдөг вэ?
-Байн байн даатгалын тохиолдол үүсгээд, нөхөн төлбөр гаргуулж, даатгалын компаниа солиод явдаг жолооч нарыг аль болох даатгахгүй байх тал дээр анхаарч байна.

-Сайн дурын даатгалын хувьд жолооч нар хэр идэвхтэй хамрагддаг вэ? 
-Маш муу бараг хамрагддаггүй юм. Зөвхөн над дээр гэхэд долоо хоногтоо ганц хоёр хүн ирэх жишээтэй. Нэгдсэн журмаар энэ тоо арай нэмэгдэх байх. 

-Одоогоор манай улсад хэчнээн даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна вэ? Хураамж болоод нөхөн төлбөрийн харьцаа ямар байна?
-Албан журмын даатгагчдын холбооны гишүүн 15 даатгалын компаниас 2015 онд мэдээллийн санд нийт 524,256 жолоочийн даатгалын гэрээ, 30,909даатгалын тохиолдлын мэдээлэл бүртгэгдсэн байна. Нийт хураамжийн орлого 22,418,521,903 төгрөг ба 14,479,900,289 төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.

-Даатгалын тохиолдол дээр ажиллаж байхад ихэвчлэн ямар төрлийн осол, зөрчил гарсан байдаг бол?
Замын хөдөлгөөний осол, зөрчлийг гарсан шалтгаанаар нь ангилж болно л доо. Хариуцлага алдаад анхаарал болгоомжгүйгээсээ зам тээврийн осолд орж байна. Гэтэл зам дээр бас танхайрлын шинжтэй явдлууд ч мөн болж байна. Урсгал сөрж гэрэл дохио зөрчиж осол гаргасан, эгнээ байр эзлэхдээ болон хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, эргэх хөдөлгөөн хийхдээ тэмдэглэгээ зураасыг анхаараагүйн улмаас мөргөлдсөн гэх зэрэг жолоочийн баримтлах энгийн дүрмүүдийг зөрчсөн тохиолдол их байна.
Зам тээврийн осол, зөрчил гарлаа гэхэд хоёр тал даатгалын компаниудаа дуудна. Манай шуурхай албанд дуудлага ирсэн тохиолдолд хэрэг болсон газар руу шууд хөдөлдөг. Дуудлагууд давхацсан тохиолдол байж болох ч аль болох хурдан, шуурхай үйлчлэхийг зорьдог. Ослын газар ирж, зураг авч баримтжуулаад, манай компани өөрийн дүгнэлтээ гаргах ч замын цагдаагийн гаргасан акт дүгнэлтийн дагуу нөхөн төлбөрийг олгодог. Даатгалын компани зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Буруутай, буруугүйг тогтоохгүй, хохирлыг үнэлэхгүй. Эдгээр нь замын цагдаа, хохирол үнэлгээчдийн байгууллагын мэргэжлийн түвшинд хийгддэг ажил.


Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.