Сонгуулийн ирц тогтмол буурч байгаад хэн буруутай вэ
Монгол Улс ардчилалд шилжсэн 22 жилийн хугацаандаа зургаан удаагийн сонгуулийг зохион байгуулсан. Энэ хугацаанд сонгогчдын сонгуульд оролцох ирц үргэлж бууралттай байжээ. Хамгийн сүүлд буюу 2012 оны сонгуулийн ирц хамгийн бага үзүүлэлт байсныг судлаачид хэлж байсан. Сонгогчдын ирц бүр 10 орчим хувиар огцом буурсан нь цаашид сонгуулийн ирц анхаарал татах асуудал хэдийн болсныг харууллаа хэмээн онцолж байсан билээ. 

1992 онд буюу хамгийн анхны ардчилсан сонгуулиар сонгогчдын 95.6 хувь, 1996 онд 92.1 хувь, 2000 онд 82.4  хувь, 2004 онд 82 хувь,  2008 76.4 хувь, 2012 онд 67.2 хувь нь сонгуульд оролцож байжээ. 



Тэгвэл энэ удаад судлаачид сонгуулийн ирц ямар байх талаар тандалт хийжээ.Сонгогчид сонгуульд оролцох эсэх нь улстөрчдийн шүдний өвчнүүдийн нэг болсоор удаж байна. 2012 оны сонгуульд санал өгсөн сонгогчдын дөнгөж 10 хувь нь 18-25, 25 хувь нь 18-35 настай залуус. Тэд уг нь Монгол Улсын хүн амын 40-өөс дээш хувийг эзэлдэг. Санал өгсөн сонгогчдод гар утасны нэгж өгч, төр нь иргэнээ ил цагаанаар “хахуульдсан”-ы үр дүн энэ. Ийм бүрэн эрхийг Сонгуулийн Ерөнхий хороонд төр өгсөн. Энэ тоо энэ сонгуулиар огцом нэмэгдэх ямар ч найдлага байхгүй. Харин энэ тоогоо  барих, багахан ч атугай өсгөх найдвар байвал дээдийн заяа, аманд орсон шар тос. Бас л бага ч атугай “өгөөш” хэрэгтэй болох биз.

Ямартай ч өнөөдрийн байдлаар Улаанбаатарчуудын сонгуульд оролцох итгэл үнэмшил 100 иргэн тутамд дунджаар 65 хувьтай байна. Оролцохгүй гэж гөжүүдлээд байгаа хэсэг нь найман хувь, шийдээгүй байгаа нь 27 хувь байгаа. Оролцохгүй гэж  байгааг иргэдээс  тодруулж асуухад “Итгэл алдарсан, сонгочихмоор хүн алга даа” гэж хариулсан байна. Тэгэхээр намуудын нэр дэвшигчдийн сонголт сонгогчдын итгэл үнэмшил, сонгууль өгөх байр руу явах, эсэх шийдвэртэй шууд хамааралтай бололтой.

Мэдээж хэрэг сонгогчдын итгэл ийн алдрахад улс төрчид өөрсдөө буруутай. Өгсөн амлалтаа биелүүлдэггүй,  иргэдийн амьдралд нийцсэн хууль, санаачилж баталдаггүй өөрсдийн эрх ашиг, хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалсан хууль санаачилж, баталдаг. Иргэдийг төлөөлнө гэж УИХ-д суусан ч чуулганы хуралдаанд суудаггүй дэмий улс төржиж хоорондоо хэрэлдэж, улсын ажлыг гацаадаг, эрх мэдэлд хүрэхээрээ танил тал найз нөхдөө мэдлэг чадваргүй байсан ч албан тушаалд томилдог. Авлига, хээл хахууль, өөр бусад гэмт хэрэгт нэр холбогдсон ч ял авдаггүй, хариуцлага хүлээдэггүй зэрэг түмэн шалтгаан нь иргэдийг сонгуульд оролцох хүсэлгүй болгожээ.  

Түүнээс биш монголчууд сонгуулийн өдөр найр, наадамд явах гэж байгаа юм шиг шинэ дээл, хувцсаараа гоёод, өглөө эртлэн санал хураах байрыг зорьдог байсан нь саяхан.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сонгогчдын итгэл ийн алдрахад улс төрчид 2016-05-26 01:06:11
    сонгогчдын итгэл ийн алдрахад улс төрчид өөрсдөө буруутай.