Зуны халуунд машиндаа хүүхдээ орхив оо

Одоогоос жил орчмын өмнө буюу 2015 оны наймдугаар сард бага насны хоёр хүүхдээ машиндаа түгжээд явснаас болж агааргүйтэж, ухаан алдсан хэрэг гарч байсан юм. Азаар цагдаа нар шуурхай арга хэмжээ авч, хоёр хүүхдийн амийг аварч байсан юм даг. Манайд бол энэ мэт хэрэг харьцангуй бага гардаг. Зуны хэт халуунд л машинынхаа цонхыг хаагаад, бага насны хүүхдээ түгжчихвэл амь нас нь эрсдэж магадгүй юм. Манай хэт халуун өдрүүд удаан үргэлжилдэггүй, эцэг, эхчүүд тэр болгон хүүхдээ машинд цоожилж үлдээдэггүй болохоор яг ийм байдлаар хүүхэд амиа алдсан хэрэг цөөн байх. Гэхдээ л бид анхаарал, болгоомжтой л байх хэрэгтэй шүү дээ. Анхаарал сэрэмж хэзээд илүүдэхгүй. Саяхан нэг нөхөр хүүхдээ машиндаа цоожлоод үлдээчихсэн зураг сошиал ертөндөөр яваад, иргэд бие биедээ сэрэмжлүүлээд байсан.
 
Хэрвээ халуун өдөр бол хүүхэд бүгчим машинд 5,10 минут байхад л агааргүйдэж, ухаан алдах, цаашлаад амь эрсдэх ч магадлал өндөр шүү дээ. Тийм болохоор урин дулаан цаг ирж байгаа энэ өдрүүдэд эцэг, эхчүүд анхаарлаа дээшлүүлэх шаардлагатай байна. Зундаа 30 градус давж халсан үед жаахан л хэнэггүй зан гаргаад, хүүхдээ машиндаа цоожлоод үлдээчихвэл гай газар дороос гараад л ирнэ.
 
Нэг үеэ бодвол монголчууд бараг бүгдээрээ шахуу машинтай болчихсон. Дээрээс нь Улаанбаатар хотод машинаа санаа амар тавиад буучихаар зогсоол дутмаг. Тиймээс иргэд түр хүүхдээ орхичихоод, гялс орчихоод ирье гэж бодож, машинаа нэгдүгээр эгнээнд орхиод. Дээрээс нь хүүхдээ дотор нь түгжээд явчихаж магадгүй л байх. Мэдээж ойр орчимд нь олон хүн байвал эрсдэл багатай байж магадгүй. Гэхдээ л энэ мэтээр хэнэггүйтвэл халуун машинд хүүхэд чинь үйл тамаа идэж, амьсгалах агааргүй хэцүүдэж ч магадгүй юм. Тиймээс л бид анхааралтай байх шаардлагатай байна.
 
Хууль дүрэм чанга, хариуцлага өндөртэй АНУ-д гэхэд хүүхдээ халуун машинд түгжиж орхисноос болж жилдээ мянгаар тоологдох хүүхэд нас бардаг юм билээ. Тэгвэл АНУ-ын Засгийн газраас халуун машинд хүүхэд яаж тарчилж амь насаа алддаг вэ гэдгийг эцэг, эхчүүдэд мэдрүүлэх зорилгоор нэвтрүүлэг хүртэл хийсэн байсан. Тэгээд халуун машинд таван минут тэсэж чадсан хүнд 100 ам.доллар өгөхөөр мөрийцөж байгаа юм. Гэвч насанд хүрсэн олон хүн оролдоод, тэсэж чадаагүй. Тийм л хэцүү, бүгчим орчинд хүүхэд тарчилж нас бардаг аж. Иймээс л манайхан сайтар анхаармаар байгаа юм. Монголчууд бид хэнэггүй улсууд. Хүүхдээ машинд авч явахдаа зориулалтын суудал хэрэглэдэггүй. Бараг л өвөр дээрээ суулгаад, нэг гараараа машинаа жолоодоод л явдаг. Эсвэл хажуудаа сул суулгаад явна.
 
Үүнээс нь болоод жилдээ цөөнгүй хүүхэд зам тээврийн осолд өртөж, бэртэж гэмтэж, цаашлаад амь насаа алдаж байгаа. Хүүхдээ машинд авч явахдаа буруу тээвэрлэх. Машиндаа цоожилж үлдээхээс авахуулаад анхаарч халамжлах үүргээ сайн биелүүлж чадаагүй эцэг, эхэд тооцох хариуцлагын тогтолцоо ч манайд маш муу. Цагдаа шаардлага тавьбал “Хүүхдээ яаж авч явах, хаана цоожлох нь миний дур” гэж хандах нь холгүй юм болно. Ийм л нийгэмд бид амьдарч байна. Тийм болохоор амьдралын утга учир, энэ биеийн үргэлжлэл болсон үр хүүхдээ ядаж л машиндаа түгжиж орхиж, эрсдэл дунд үлдээхгүй байхад ч болов анхаарч баймаар байна. Хариуцлага, сэрэмж, анхаарал хэнд ч илүүдэхгүй шүү дээ.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.