“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын шав тавилаа

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд У Сун болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцлоо.

Шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газрын 2012-2016 оны “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” хөтөлбөрийн гол цөм нь Эрүүл мэндийн салбарт техник технологийн шинэчлэл хийх зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өнөөдрийг хүртлэх хугацаанд эмчилгээ оношилгоонд орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд 11 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвд 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий оношилгооны төв байгуулсан гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглэлээ.

Мөн Япон улсын 130 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барих Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг саяхан эхлүүлсэн. Австрийн Засгийн газрын 28 сая еврогийн хөнгөлөлттөй зээлээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Цэргийн нэгдсэн эмнэлгүүдэд хамгийн сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж Японы менежментээр ажиллах “МЕДИПАС” оношилгооны төв сарын өмнө ашиглалтад орж нээлтээ хийсэн. Долоо хоногийн өмнө Белгийн Засгийн газрын хөнгөлөлттөй зээлээр Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 6.5 сая еврогийн тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн баг ажилдаа орлоо. Хувийн хэвшлийн байгууллагуудын санаачилга, хөрөнгө оруулалтаар “Грандмед”, “Интермед” зэрэг томоохон эмнэлгүүд сүндэрлэн бослоо гэдгийг Ерөнхий сайд дурдаад “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын шав тавих ёслолд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Оношилгоо эмчилгээнд орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, технологийг нэвтрүүлэх гэсэн бидний эцсийн зорилго бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлж улмаар асар өндөр зардлаар гадаадад оношилгоо эмчилгээ хийлгэхээр явж буй иргэдийнхээ тоог бууруулж, тэднийг эдийн засгийн бэрхшээлээс гаргахад оршиж байгаа юм гэдгийг тэрээр онцоллоо.  

БНСУ-ын 110 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттөй зээлээр баригдах олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж бүхий өндөр хүчин чадалтай 233 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү оношилгоо, эмчилгээний төв хэд хэдэн давуу талтай юм. Нэгдүгээрт, Монгол Улсад анх удаа эмнэлгийн зориулалттай цөмийн шугаман хурдасгуур буюу изотопын бэсрэг үйлдвэрийг энэ төвд байгуулж, оношилгооны FIT ситиг суурилуулна. Ингэснээр иргэд оношилгоогоо баталгаажуулахаар гадаад улсыг зорих шаардлагагүй болно. Хоёрдугаарт, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-д эмнэлгийн мэдээллийн систем суурилуулж, зайн оношилгооны нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөлжсөн мэргэжлийн болон нэгдсэн эмнэлгүүдтэй холбоно.  Гуравдугаарт, зайн оношилгооны тусгай зориулалт бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон  авто машинуудаар алслагдсан сум суурины иргэдэд хурдан шуурхай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Дөрөвдүгээрт, тус төвд ажиллах эмч сувилагч, инженер техникийн ажилтнуудыг Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсад сургалтад хамруулж мэргэшүүлнэ гэлээ.
Энэхүү бүтээн байгуулалтад олон байгууллага, хамт олны хүч хөдөлмөр шингэх бөгөөд богино хугацааны дотор чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгуулийн шоу 2016-05-25 11:11:54
    Энэ ажлыг анх 2012 онд МАН-ы үед хийгээд сонгуулийн өмнө нээлтийн шоугаа хийсэн биз дээ. Түүнээс хойш 4 жил царцаагаад сонгуулийн өмнө дахин шоудаж байгаа юм уу...
  • зочин  2016-05-25 08:43:58
    дараагийн засгийн газар үргэджилүүлэх бол уу бас 4 төрөх шиг царцавал яанаа