И.Басхүү: Хагас жилийн дотор 53 сая төгрөг хуримтлууллаа
 “Басхүү имплант” шүдний эмнэлгийн захирал, “Голомт” банкны харилцагч И.Басхүүгийн Бизнес радио 98,9-т өгсөн үндэсний хуримтлалын үр өгөөжийн талаарх ярилцлагыг хүргэж байна.

-Танай эмнэлгийн ажилтнууд, бас та гэр бүлээрээ мөнгөө хуримтлуулж байгаа юм билээ. Хэдий хугацаанд хэр их мөнгө хуримтлуулаад байна вэ?

-Би эрүүл мэндийн салбарт 11 жил ажиллаж байна. Манай эмнэлэг 30-аад ажилтантай. Үүнээс 27 нь хуримтлал үүсгэсэн. Сард 8.8 сая орчим төгрөг хуримтлуулсаар зургаан сар өнгөрөхөд 53 сая шахам төгрөг болоод байна.

-Анх яагаад мөнгө хуримтлуулахаар шийдсэн юм бэ?

-Хүн бүр сайн бизнесмэн байх албагүй. Гэхдээ хүн бүр гэр бүлээ сайн авч явах ёстой. Гэр бүлээ сайн авч явах нэг шалгуур нь санхүү. Цалингийнхаа нэг хэсгийг авч үлдэн, хуримтлуулаад байх нь зөв юм байна гээд “Голомт” банкны “Хуримтлалыг зуршил болгоё” аянд нэгдсэн. Манай ажилчдаас 27 нь энэ аянд хамрагдаад явж байна.

-Одоо хуримтлал танай ажилтнуудад зуршил болсон уу?

-Болсон. Үлдсэн ганц хоёр хүн нь “Би үндэсний хуримтлалын аянд яаж хамрагдах вэ” гэж байна. Бусдынхаа хуримтлалын талаар сонсоод, хэрэгтэй юм байна гэдгийг  ойлгоод, хуримтлалын аянд нэгдэх хүслээ илэрхийлсэн.

-Хүн орлогынхоо арваад хувийг онцын хэрэггүй зүйлд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Тэр мөнгөө хуримтлуулчихад л болох юм байна. Танай ажилтнууд мөнгөө ямар аргаар хуримтлуулдаг юм бол?

-Бусдыгаа бодвол “Голомт” банкны хадгаламжийн хүү өндөр. Хуримтлалдаа сар бүр заавал мөнгө хийх ёстой гэсэн болзолтой байдаг юм. “Хүний амьдралд юу ч тохиолдож болзошгүй. Банктай байгуулсан гэрээгээ биелүүлж чадахгүй байж магадгүй” гээд манай эмч нар хадгаламжаа 100, 100 мянгаар хэсэгчлэн хуваагаад хийчихсэн байгаа. 800 мянган төгрөгөө найм хувааж хийдэг гэж бодъё. Нэг удаа 700 мянгаа хийгээд, 100 мянгыг нь хийж чадахаа байлаа гэхэд тэр хадгаламж бүхэлдээ эрсдэлд орохгүй шүү дээ. Манай ажилтнуудын олонх нь залуус. Зарим нь “Мөнгөө цуглуулаад орон сууцтай болоход ашиглана” гэж байхад “Машин авна” гэсэн хүн ч бий. Ажилтнууддаа бид яаж тусалдаг вэ гэхээр цалингаа цагт нь тавьдаг. Ажлын бүтээмжийг нь дүгнээд, цалинг нь аль болох нэмдэг.

-Хамгийн их хадгаламжтай болсон нь ямар хүн байна?

-800 мянга, гурван сая орчим төгрөгтэй гэх мэт янз бүр л байна.

-Хуримтлалаа яаж үүсгэвэл зөв болох бол?

-Би бол ингэж харж байна. Жишээлбэл, сар бүр 50 мянгыг хуримтлуулсаар жилийн дараа бүх мөнгөө авч, хугацаатай хадгаламжинд хийчихээд, хуримтлалаа дахиад эхнээс нь бага багаар үүсгэж эхэлбэл дээр юм болов уу. Нарийн сайн тооцоо гаргаагүй л дээ. Гэхдээ ингэх нь ашигтай юм уу гэж бодсон. Манай нэг эмч сар бүр 300 мянгыг хадгалдаг. Эхнэр нь долоон сард амаржина. Хүүхэддээ зарцуулах мөнгөтэй болчихно. Үргэлжлүүлээд хуримтлуулсан ч болно.

-“Голомт” банкийг яагаад сонгох болов?

-Хувь хүний болоод байгууллагын хувиар “Голомт” банктай олон жил хамтран ажиллаж байгаа. Шуурхай үйлчилдэг тул хамтран ажиллах дуртай. “Үндэсний хуримтлалын аян”-ыг “Голомт” анх бий болгосон. Хүү нь ч өндөр. Манайх ам бүл тавуул. Эхнэр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Бизнес хийж буй хүний хувьд хүүхэд, гэр бүлдээ зориулаад мөнгө хуримтлуулдаг. Хүүхэд том болоход ядаж сургалтын төлбөр нь бэлэн байвал хэрэгтэй. Тиймээс хуримтлал үүсгэж байна. Манай байгууллагын цалингийн карт “Голомт”-ынх. Цалин буухад хуримтлалын данс руу мөнгө автоматаар шилждэг. Заавал банк руу явж, мөнгөө хийх шаардлагагүй. Хуримтлалтай болоод манайхан бүгд урамтай байгаа. 2015 оны арваннэгдүгээр сараас хойш 53 сая төгрөг хуримтлууллаа. Олон монгол хүн ингэж чадвал үнэхээр их мөнгө хуримтлуулах юм байна гэж бодож байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus