Зуслангуудын нэг өдрийн төлбөрийн дундаж үнэ 23000-25000 төгрөг байна

Урин дулаан цаг болсонтой холбогдуулан хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг хөгжүүлэх, эрүүл агаарт гаргах зэрэг зорилгын хүрээнд хүүхдийн зуслангууд үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг дагаад хүүхдийн зуслангийн эрхийн бичгийн үнийн асуудал гардаг билээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс хийлээ. Хурлын үеэр хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа болон эрхийн бичгийн үнийн талаар НХГБХГ-ын мэргэжилтэн Г.Ариунгэрэлээс тодрууллаа.


-Энэ жил хэчнээн зуслан үйл ажиллагаа явуулах санал өгсөн бэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Зуслангуудыг зөвшөөрлийг зургадугаар сарын эхээр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гэсэн зургаан байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг шалгалт явуулсны үр дүнд олгодог. Тус захирамжийн дагуу тухайн жилд үйл ажиллагаа явуулах зуслангуудыг манай байгууллагаас мэдээлдэг. Өнгөрсөн жилийн хувьд 20 хүүхдийн зуслан ажиллаж байсан бол энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулах саналаа өглөө. Тухайлбал, Нарс, Нарлаг, Жавхлант, Хайрын билэг, Од гэх зэрэг 24 зуслан бий. Тэгэхээр эдгээр зуслангууд энэ зун үйл ажиллагаагаа явуулж, хүүхэд багачуудыг хүлээж авна.

-Ер нь нийслэлийн хэмжээнд хэчнээн хүүхдийн зуслан байдаг юм бэ?

-Нийслэлийн хэмжээнд 35 зуслан бий. Үүнээс сүүлийн гурван жил 20 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт гэхэд Нарс, Найрамдал, Ирээдүйн эзэд зуслангууд тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Харин Сүхбаатар дүүрэгт Хараацай, Хандгайт, Маргаашийн хөгжил, Ундраа, Янзага, Сэлбэ зуслан, Баянзүрх дүүрэгт Сансар, Галакси зуслан, Налайх дүүрэгт Нарлаг, Жавхлант, Өгөөмөр зуслан, Багануур дүүрэгт Өгөөмөр зуслангууд идэвхтэй ажилладаг. Мөн хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг зуслан байна. Төв аймаг нь Цагаантулга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор зэрэг зуслантай. Нийслэлийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 35 зуслангаас зургаан зуслан нь төрийн болон төрийн бус байгууллагын дэргэд байдаг. Үлдсэн 16 нь хувийн хэвшлийн байгууллагынх.

-Жил бүр хүүхдийн зуслангуудад хяналт шалгалт хийдэг. Шалгалтын талаарх мэдээлэл өгөхгүй юу?

-Хяналт шалгалтын ажил эхлээгүй. Нийслэлийн Засаг даргын 2016 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/403 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсийн 24 зуслангийн бэлтгэл ажил, Монгол Улсын стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэ сарын 30, 31-нд хяналт, шалгалт хийх ажлыг зохион байгуулна. Шалгалтын ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар болон Эрүүл мэндийн газар орж, хамтран ажиллана. Энэ хүрээнд хүүхдийн зуслангийн эмч, тогооч нар “Хүүхдийн эрүүл ахуй” сургалтыг энэ сарын 26-нд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулах юм. Уг сургалт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “А” зааланд болно.

-Зуслангуудын сургалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Монголын үндэсний зуслангийн холбоотой хамтран энэ сарын 20-22-ны өдрүүдэд “Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр” бүлгийн удирдагч багш бэлтгэх сургалтыг явууллаа. Энэхүү сургалтад маань нийт 90 гаруй оюутан залуус хамрагдсан. Энэ мэтчилэн сургалтууд явагдаж байгаа.

-Энэ жил зуслангийн төлбөр хэд байх вэ өөрчлөлт орсон уу. Эрхийн бичгээ хаанаас авах вэ?

-Энэ жил зуслангуудын нэг өдрийн төлбөрийн дундаж үнэ 23000-25000 төгрөг байна. Зуслангийн эхний ээлжийн амралт зургадугаар сарын 8-нд эхэлнэ. Хүүхдүүдээ зусланд амраахаар төлөвлөж байгаа эцэг эхчүүд байвал эрхийн бичгийг “Улаанбаатар чуулга”-аас авч болно. Эхний ээлжийн амралтад явах хүүхдүүд “SKY” их дэлгүүрийн урдаас нэгдсэн журмаар явна. Өөрөөр хэлбэл бүх зуслангууд тус дэлгүүрийн үүднээс хөдөлнө.

-Зорилтот бүлгийн хүүхдүүдийг зусланд үнэгүй амраах боломж байдаг уу. Яаж амрах вэ?

-Жил бүр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зорилтот бүлгийн 300 хүүхдийг зусланд үнэ төлбөргүй амраах ажлыг зохион байгуулдаг. Манай байгууллагын эрсдлийн төвшин тогтоох бүртгэлд бүртгэлтэй амьдралын баталгаажих төвшинөөс доогуур, хүчирхийлэлд өртсөн, өнчин гэх мэтчилэн 300 хүүхдийг амраадаг.

-Танай байгууллагаас нэрсийг нь гаргадаг гэсэн үг үү?

-Тийм. Манай байгууллагад бүртгэлтэй хүүхдүүд байдаг. Одоогийн байдлаар Засаг даргын захирамж гараагүй байгаа.

-Хүүхдүүд зусланд хэр идэвхтэй амарч байна вэ?

-Хүүхдүүд зусланд амардаг. Жил бүр харилцан адилгүй тоо гардаг. Тухайлбал, 2012 онд 19660 хүүхэд амарсан бол 2014 онд 17404 хүүхэд амарсан байх жишээтэй. Харин өнгөрсөн жил 17831 хүүхэд амарсан.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-25 05:38:10
    1-р ангийн хүүхдийн сурах бичгийн талаар дөнгөж цэцэрлэгт байх хүүхдэд эхний ээлжинд үсэг цээжилж,цээж бичиг сайн бичиж,ном сайн уншдаг болох ёстой.гэтэл юуных ...
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах