Архангайн өнгө

Сонгуулийн тухай хуульд гэнэтийн гэж болохоор өөрчлөлт орж, холимог тогтолцоо буюу пропорцониаль системийг өөрчлөн мажоритар системд шилжүүлсэн нь олон горилогчийг сандаргаж байна. Өнгөрөгч дөрвөн жилийн турш жагсаалтад эрэмбэ эдлэхээр бэлтгэлээ базаасан мөнгөлөг нөхдийг бүр ч буланд шахлаа. Арга ч үгүй өнгөрөгч хугацаанд тэд мөнгөндөө найдаад ямар нэг тойрог усалсангүй, жагсаалт зүүдлээд сууж байсан болохоор тэр. Нөгөө талаар айсуй сонгууль санаанд оромгүй явдлаар дүүрэн болж, шинэ залуу хүмүүсийг дэмжих хандлага давалгаалаад эхэлжээ. Орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн байдлыг харахад ч харьцангуй залуужсан төдийгүй тэднийг дэмжинэ гэсэн сонгогчид уухайлж байна.

Тухайлбал, Хэнтий аймагт АН-аас нэр дэвшигч Б.Хүдэрбаатарыг дэмжихээ сонгогчид илэрхийлээд байгаа бол Архангай аймгийнхан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг дэмжиж байгаагаа бүхий л талаар илэрхийлж байна. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар Архангай аймгийн нэгдүгээр тойрогт өрсөлдсөн Ж.Мөнхбат 100 орчим саналын зөрүүгээр ялагдал хүлээсэн. Энэ тухайд сонгууль будилаантуулж, сонгогчийн саналыг хууль бусаар авсан өрсөлдөгчдийн тухай баримт өдгөө ч хэвлэлийн архивт бий. Түүнээс бус Ж.Мөнхбат ялалт байгуулсан хэмээн архангайчууд үздэг. Үүнээс хойш тэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх хүндтэй бөгөөд халуухан албыг залгуулахдаа МАН хэмээх том айлыг чадварлаг удирдаж, ялагдал хүлээсэн он жилүүдэд гишүүд дэмжигчдийнхээ эгнээг өргөтгөх, эв нэгдлийг эрхэмлэж, намын дотоод ардчилалд чамгүй салхи оруулсан гэх зэргээр олны ам сайн байгаа.

Нөгөө талаар Архангайн тойргийн сонгогчид Ж.Мөнхбатыг дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ архангайчууд “2012 онд бид Ж.Мөнхбатын төлөө саналаа өгсөн. Түүнийг ялагдал хүлээхээс өөр аргагүй байдалд оруулсан нь цаанаа томоохон учир шалтгаантай. Энэ удаад бид бүгдээрээ нутгаасаа төрж байгаа залуу лидерээ дэмжинэ” гэдгээ илэрхийлсээр байгааг эх сурвалж хэллээ. Энэ бүгдээс харвал тэр нийгмийн захиалга мөн аж. Нийгэм чухам хэнийг хэзээ захиалаад хэрхэн сонгохоо өөрөө мэддэг шүү дээ. “Ялагдал бол ялахын үндэс” гэсэн үг бий. Хууль хатуу, өрсөлдөөн ширүүн үед гуч гаруйхан настай залуу УИХ-ын сонгуульд өрсөлдөж, 100 орчим саналын зөрүүгээр ялагдаагүй ялагдал хүлээнэ гэдэг амаргүй. Тэгэхээр МАН-ын залуу лидер ялалтынхаа үндсийг тавьсан нь энэ байжээ гэж харж болохоор.

Тэгвэл АН-аас нэр дэвшигч Б.Хүдэрбаатар өнгөрөгч 2012 онд Хэнтий аймагт өрсөлдөөд өвдөг шороодсон нь ялалтынхаа үндсийг бас тавьжээ гэж харж болохоор. Ялагдсан учир нь тэрбээр туршлага дутсан төдийгүй АН-аас мөр зэрэгцэн нэр дэвшсэн ах нь хувийн тоглолт хийсэн учраас унасан хэмээн тодорхойлсон. Тиймээс энэ жил нутгийнхаа залуу хүнийг дэмжинэ гэдгээ хэнтийчүүд мөн л нэгэн дуугаар өгүүлж буй. Ерөөсөө энэ жилийн сонгуулийн өнгө бол залуучууд гэсэн гал халуун тулаан дунд болж өнгөрөх нь тодорхой байгааг нийгмийн хандлагаас харж болно. Б.Хүдэрбаатар нь аанай л бусад шиг жагсаалтын нөмөр нөөлөг бараадсангүй, төрөлх нутгаа зорьж, орон нутгийн хөгжлийн тухай бодлого боловсруулсаар явааг ч дуулгасан.

Тэгвэл Ж.Мөнхбат МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд жагсаалтад орно хэмээн бусад шиг сандалдаа шигдэж суугаагүй. Иргэний зориг гаргаж жагсаалтаас татгалзах тухай ч оны өмнө дуугарч байсан санагдана. Намын гал тогоог барьж байгаа хүний хувиар МАН-ын бодлого шийдвэрийг олон нийтэд таниулах, улс орны хөгжлийн хөтөлбөр гээд олон зүйлд гар бие оролцож иргэдэд дуу хоолойгоо хүргэсэн. Нөгөө талаар өнгөрөгч 2012 оны сонгуулиар итгэлээ өгсөн архангайчуудаа ч мартаагүй гээд олон давуу тал түүнийг айсуй сонгуулиар угтах нь дамжиггүй.

Нийгэмд чухам юу хэрэгтэй байгааг нийгэм өөрөө цагаа болохоор хэлдэг төдийгүй нийгэм өөрөө хэнийг хүсч байгаагаа ч өөрөө хэлдэг бичигдээгүй хуультай. Ерөөсөө айсуй сонгууль санаанд оромгүй явдлаар дүүрэн болохын зэрэгцээ залуусын эрин давалгаалж байгааг нийгэм өөрөө хэлсэн хэрэг.

С.БУЯН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.