“О.Баасанхүү шиг УИХ-ын гишүүн хүн гэж хаана байдаг юм, З.Баянсэлэнгэ сайд болчихлоо” гээд л нийгмээрээ нэг их нервтэж, дургүйцсэн улс байх юм. “Төөрсөн хүмүүс өнгөрснөө шүтэж, өнөөдрөө үзэн ядаж, ирээдүйгээсээ айдаг” гэж Антон Чехов хэлсэн байдаг. Бас “ямар ард түмэн байна, тийм л төр оршино” гэлцдэг. Улсаа удирдахад ухаан нь үл хүрэх, төр барилцахад боловсрол, мэдлэг нь төө хир дутах олон “тэнэг” түшмэдүүдийг “дээшээ гаргасан” нь эцсийн дүндээ бидний л буруу. Бидний сонгосон энхрий хайрт Н.Энхбаяр даргын намын эдгээр хүмүүсээс гадна сонин хачин үг, үйлдлээрээ ард түмнээ ангайлгаж байдаг зөндөө олон гайхлууд УИХ, төр засагт бий. Төмөр зам тавихаар танк орж ирнэ ч гэх шиг, туулай агнаснаа түмэнд гайхуулж ч байх шиг.

Сонгогчийн боловсрол гэж маш чухал агуулгыг бид үл тоож, эс мэдэж хар ухаанаараа улс төрийн сонголт хийсээр өдий хүрсэний гай. Нэр дэвшигчдийн түүх намтар, ёсзүй, боловсрол мэдлэг, туршлагаас илүүтэй өнгө төрх, эд баялаг, эрх мэдэл, нутаг ус, намын харъяаллыг чухалчлан үзсээр ирсэн нь үнэн. Бас сонгууль бүрээр тэдний амладаг худал үгс, хэрэгтэй хэрэггүй ахуйн бараанд итгэл үзүүлдэг нь ч гашуун үнэн.

“Нүдэнд дулаахан хүү байна билээ тэрийгээ л дэмжинэ, эртээр манайд орж ирээд мөн ч сайхан цаг өгсөн тэр хүүд л саналаа өгнө. Тэтгэвэр нэмнэ гэсэн тэр сайхан амтай хүүгээ л дугуйлах минь” гэсэн яриа таньд дэндүү танил сонсогдож байгаа биз.

Энэ бүхнээс ангижрах ганц гарц бол сонгогчийн сонгох боловсролыг сайжруулах явдал. Энд би сонгогч таны их дээд сургууль төгссөн эсэх тухай биш сонгогч хүний сонгох боловсрол гээчийн тухай яриад байгааг эрхбиш гадарлаж байгаа буй за.

Жилээс жилд буурсаар байгаа сонгогчдын ирцээс л манай сонгогчийн боловсрол ямар доогуур түвшинд очсоныг харж болно. Сонгогчийн боловсрол дутмаг байдгаас бид сонгуульд хэрхэн яаж оролцохоо мэддэггүй, хууль бус үйл ажиллагаанд автан саналаа худалдах, авлигал авах, үзэмжээр сонголт хийх, бусдын үгэнд автах зэрэг алдаанууд гаргасаар ирсэн. Товчхондоо бидний алдааны үр дүнгүүд өнөөдөр УИХ-аар дүүрэн байгаа гээд хэлчихэд хилсдэхгүй. Тиймээс сонгогчийн боловсролын талаарх ойлголтыг өсвөр үеэс буюу дунд сургуулиас нь эхлэн эзэмшүүлж, сонгуулийн талаар зохих мэдлэгтэй, соёлтой, нийгмийн идэвхи бүхий шударга иргэнийг бэлтгэх хэрэгтэй. Хүүхдүүдэд багаас нь сонгогчийн боловсрол нь иргэний боловсролын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг сайтар ойлгуулах юм бол ядаж л бидний алдааг давтахгүй шүү дээ.

Нөгөө олон гадаадын донор байгууллагууд, холбогдох төрийн байгууллагууд, өөрсдийгөө тэмцэх, жагсахаас өөр ид шидгүй гэсэн “гаж” ойлголттой зарим төрийн бус байгууллагууд хамтраад ч болов энэ чиглэлээр системтэй цогц судалгаа явуулж, улс орон даяар төсөл хөтөлбөр хэрэгжүүлмээр юм шиг ээ. Явж явж одоо болохгүй, бүтэхгүй гээд байгаа улс төрөө шинэчлэн сайжруулахын тулд хамгийн эхэнд хийх ёстой зүйл нь Сонгогчдын сонгох боловсролыг дээшлүүлэх явдал. Бид мэдлэг мэдээлэлгүй, өнөөдрөө харсан, өглөг барьцанд автамхай байх тусам нөгөө “гайхлууд” хожно. Тиймээс засаг төрөөс өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр юу ч хийхгүй , ямар ч бодлого хөтөлбөргүй байгаад гайхах ч юм алга шив дээ.
 
 Нийтлэлч Г.Туяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hom 2016-05-24 04:31:08
    niigem uls turiin hicheeluud songuuliin nasnii outan zaluus suralzdag ih deed surguuliin hutulburuus hasasagdsan shuu dee
  • Оюунаа 2016-05-24 03:55:23
    Яана даа юун сонгогчийн боловсрол л болоод байна шүү дээ манайд цэцэрлэг сургуулийн асуудлаа ч шийдэж чадахгүй тэгээд нөгөө сонгогчид нь харанхуй бүдүүлэг