Нийслэлийн Сонгуулийн Хороо хууль зөрчсөн, зөрчөөгүй

Эсрэг тэсрэг байр суурь


Ө.Мөнхбат: Бие даагчдыг санаатайгаар хассан
/Бие даан нэр дэвшигч/

НИТХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр 19 хүн хүсэлт гаргасан юм. Гэтэл бүгдийг нь татгалзсан. Энэ шийдвэрийн дараа хоёр нь өөрсдийнхөө хүсэлтээр нэрээ татаж авсан. Үлдсэн 17 нь Нийслэлийн сонгуулийн хороонд шаардлага хүргүүллээ.
 
 Биднийг бүртгэж аваагүй гол үндэслэл нь яаруу хийсэн Сонгуулийн хуулийн цоорхойноос болжээ гэж дүгнэж байгаа. УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихийн тулд 801, НИТХ-д 501 хүний гарын үсэг цуглуулах заалттай. Гэхдээ хэрвээ зөрчилтэй гарын үсэг байвал хасч тооцно гэдгийг нь УИХ- ын 801 гарын үсэг гэдэг дээр оруулчихаад, нийслэлийн 501 дээр оруулаагүй. Тэгэхлээр НИТХ-ын сонгуульд бие дааж өрсөлдөх боломжгүй болсон хүмүүсийн хувьд 10 мянган хүний гарын үсэг цуглуулсан ч, 30 мянган гарын үсэг цуглуулсан ч, гурван сая гурван хүний гарын үсэг цуглуулсан ч тэр дундаас нэг л зөрчил байх юм бол сонгуульд оролцох эрх нь хаагдаж байгаа юм.
 
Ийм нэг хуулийн цоорхой байдаг юм байж. Дээр нь маш дутуу өөр нэг юм байна. НИТХ бол олон төлөөллийн цогц. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалаад явдаг залуучууд хуулиа маш сайн мэддэг. Монгол Улсын иргэн л юм бол хөгжлийн бэрхшээлтэй байна уу, үгүй юү хамаагүй сонгуульд нэр дэвших, саналаа өгөх эрхтэй. Наад зах нь шаардлагатай гарын үсгүүдийг долоо хоногийн дотор цуглуулах ёстой. Гэтэл “Хөгжлийн бэрхшээлтэй хүн гарын үсэг цуглуулах нөхцөлд...” гэсэн нэг ч заалт байхгүй. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бусдын гарын үсгээ зөв зурж байгаа, буруу зурж байгааг шалгах ямар ч хуулийн заалт байхгүй.
 
Ингээд үзэхээр яарсан сандарсан, өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн хууль баталсан. Овгийнхоо нэрийг бүтэн бичээгүй, хаягаа тодорхой бичээгүй гэдэг шалтаг хэлж байна. Жишээлбэл, эхнэр, нөхөр хоёр гарын үсэг зурж, гэрийн хаягаа бичихдээ нөхөр нь “адилхан” гээд бичсэн нь шууд хасагдахад хүргэсэн. Өө хайгаад, яаж ийж байгаад ганцхан шалтаг гаргаж ирээд л хасчихлаа. Зарим хороон дээр гарын үсэгтэй цаасыг нь хувилаад барьчихсан “Энэ дундаас яаж ийгээд хоёр зөрчил илрүүл” гэдэг даалгавар өгсөн байгаа юм. Ерөөсөө л гунигтай хошин шог үзэгдэл болж байна. 501 хүний гарын үсгээс зөрчил гарч ирэхгүй нөхцөлд хэн нэгэн хүнд мөнгө өгөөд “Би энэ хүний төлөө саналаа өгөөгүй” гэдэг видео бичлэг хийлгэхэд л дахиад л нэр дэвших эрх нь хаагдаж байна. Ийм л хуудуутай юм боллоо.
 
Ард иргэдийнхээ сонголтыг үл хүндэтгэсэн, дөрвөн жилд нэг удаа болдог сонгуульд маш хариуцлагагүй хандлаа. Шаардлага тавихаар СЕХ-ноос зөвлөмж ирсэн гэх юм. Зөвлөмжийг нь үзье гэхээр “Өө ирээгүй юм байна” гэх юм. Ажлын хариуцлага даанч алга. Бид суулт, өлсгөлөн зарлахаар ярилцаж байна.
 
 Ё.Гэрэлчулуун: Хууль зөрчсөн учраас татгалзсан
/Нийслэлийн сонгуулийн хорооны дарга/

Хууль зөрчсөн асуудал байхгүй. УИХ-аас баталсан хуулийн хүрээнд асуудлаа шийдсэн. Бие даан нэрээ дэвшүүлэхээр 19 хүн материал ирүүлсэн. Дүүргийн сонгуулийн хороодоор гарын үсэг зурсан сонгогчдын 10-аас доошгүй хувийг нягтлан шалгахад бүх нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсэгт зөрчлүүд илэрсэн
 


-Сонгуулийн асуудлыг хуулиар нарийн зохицуулсан байдаг. Нийслэлийн сонгуулийн хороо анх сонгуульд оролдох нам, эвслийн хүсэлтийг хүлээн авахдаа Сонгуулийн тухай хуулийг мөрдөж ажиллана шүү гэж хэлж байсан. Бид нэр дэвшигчдийг бүртгэхдээ Сонгуулийн тухай хуулийн “Орон нутгийн сонгууль” гэсэн бүлгийг нарийн мөрдөж ажилласан.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлт илэрхийлсэн нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгаж, тогтоол гаргасны дараа хуульд заасан шаардлага биелүүлээгүй хасагдсан нэр дэвшигчид гомдол гаргаж байна. Нэр дэвшигчийг бүртгэх асуудал бол Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэн эрх. Тийм учраас бид гомдлыг хулээн авч, хуулийн дагуу гурав хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.

Мөн нийслэлийн Сонгуулийн хороо ямар нэгэн улс төрийн намын нөлөөлөлгүй хуулийн дагуу ажиллаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэхийг хүсч байна. Нийслэлийн сонгуулийн хороонд ажиллаж байгаа есөн төрийн албан хаагчийг зарим нам, эвсэл хэтэрхий гүтгэж, улс төрийн нөлөө дарамт үзүүлэхийг оролдож, зарим тохиолдолд заналхийлэх хандлагатай байна. Ингэж болохгүй шүү дээ. Бүх зүйлийг сонгуулийн тухай хуулийн дагуу л хийж байгаа юм.
 
Сонгуулийн тухай хуульд УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн зүйл, заалтуудыг тусгаж өгсөн байдаг. Сонгуулийн тухай хууль УИХ-ын сонгуулийн асуудалд гол анхаарлаа хандуулж, гол зохицуулалт хийчихээд, тус хуулийн зарим нарийн заалтууд орон нутгийн сонгуульд зохицуулалтгүй, тодорхой бусаар орхигдсон.
 
Тухайлбал, Эвслийн асуудал байна. Сонгуулийн тухай хуулийн 151.3, 14.1 гэсэн хоёр заалтад “Орон нутгийн сонгуульд зөвхөн нам орно” гэсэн байдаг. Орон нутгийн сонгуульд эвсэл оролцоно гэж огт байхгүй. Гэтэл тус хуулийн 41.3-т “Орон нутгийн сонгуулийн тухайд Аудитын байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг дүгнэж, зардлын дээд хэмжээг тогтооно” гээд заачихсан байдаг. Энэ хоёр заалт зөрчилдөж байна. Ингээд цагаан дээр хараар биччихсэн хуулийг бид яаж ч чадахгүй шүү дээ. Бид хуулийн заалтаа л дагасан. Нэр дэвшигч нарт одоогоор хуульд заасан татгалзах үндэслэл байхгүй байгаа тул 238 нэр дэвшигчийг бүртгэсэн.
 
Гэхдээ зарим нэр дэвшигч хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу, хуулийн шаарддагыг хангаагүй байлаа. Тухайлбал, Нийслэлийн Хөгжлийн хөтөлбөр нам-нэг, Иргэний хөдөлгөөний нам- хоёр нэр дэвшигч сонгогдох эрх бүхий насанд хүрээгүй, Монгол консерватив нам-нэг нэр дэвшигч цэргийн алба хаах үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаар бүртгэхээс татгалзсан байгаа.
 
Хөдөлмөрийн үндэсний намаас гурван нэр дэвшигч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх үндэслэлээр НИТХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзсан тул хүсэлтийг Нийслэлийн Сонгуулийн Хороо хүлээн авч шийдвэрлэсэн. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд зөвхөн нийслэлд салбартай нам нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Энэ шалтгаанаар Монголын социал демократ нам нийслэлд салбаргүй тул татгалзсан шийдвэр гаргалаа.
 
ИЗНН баримт материалыг шалгах явцад хуульд заасан шаардагдах баримтын бүрдэл дутуу байсан тул бас татгалзсан. НИТХ-ын сонгуульд оролцохоор хоёр эвсэл буюу Эх орончдын нэгдсэн эвсэл-5, Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл-32 нийт 37 нэр дэвшигчийн материал ирүүлсэн. Сонгуулийн тухай хуульд зааснаар орон нутгийн сонгуульд тухайн орон нутагт салбартай нам зөвхөн оролцоно гэж тодорхой зохицуулсан байгаа тул эвслийн нэр дэвшигч нарыг бүртгэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Хууль зөрчсөн асуудал байхгүй. УИХ-аас баталсан хуулийн хүрээнд асуудлаа шийдсэн. Бие даан нэрээ дэвшүүлэхээр 19 хүн материал ирүүлсэн.
 
Дүүргийн сонгуулийн хороодоор гарын үсэг зурсан сонгогчдын 10-аас доошгүй хувийг нягтлан шалгахад бүх нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсэгт зөрчлүүд илэрсэн. Жишээ нь, нэг хүн гэр бүлийнхнийгээ төлөөлж гарын үсэг зурсан, хаягандаа байдаггүй оршин суугч, сонгуулийн насанд хүрээгүй хүнээр гарын үсэг зуруулсан байсан.

Сэтгүүлчийн дүгнэлт

 
Хуулиа дээдэлж сурахсан
 
Монголын хууль гурав хоног гэдэг үг уг нь Чингис хааны уед хууль батлагдсан даруйд гурав хоногийн хугацаанд Их Монгол Улсын өнцөг булан бүрт хүрэх учиртай гэсэн утга агуулдаг байсан. Харин энэ үг цаг хугацааны уртад утгаа улам бүр алдаж, улмаар Монголд баталсан хууль гуравхан хоног л хэрэгждэг, түүнээс цааш хэн ч хуулийг зөрчиж болно гэсэн утга агуулах болжээ. Тэр тусмаа төрийн өндөрлөгт суугаа, эрх мэдэлтэй нэгэнд хууль үйлчилдэггүй болсоор багагүй хугацаа өнгөрч буй.
 
Цагаан морин жилийн өвлөөр хийсэн ардчилсан хувьсгал бидэнд эрх чөлөөг авчирсан гэхээс илүү юу хүссэнээ хийж, юу дуртайгаа ууж идэж, улмаар хуулийг уландаа гишгэлж болдог дураараа дургих боломжийг бурдүүлж өгсөн хэрэг. Бидний хүсч байсан ардчилал, ардчилсан нийгэм жинхэнэ утгаараа бүрдээгүй учраас авлига, хүнд суртал хэрээс хэтэрч, тэр хэрээр хууль гууль болох явдал улам бүр даамжирсаар байгаа юм.
 
Нөгөө талаар төрийн эрх барих хугацаа дөрвөн жилийн мөчлөгтэй, улс төрийн олон намын тогтолцооноос үүдэж албан тушаал эрх мэдэлд хүрэх гэсэн хэсэг бүлэг ямар ч хамаагүй үнээр сонгуульд ялалт байгуулах гэдэг улайрал хууль гууль болох, хүссэнээрээ өөрчилж бас ашиглаж болдог тийм нийгмийг бий болгожээ. Тиймдээ ч өнөөдөр Монголд хууль биелүүлдэг хүн гэж алга. Гаргасан шийдвэр бодлого бүхнийг дарангуйлал юм шиг санаж дур дураараа эсэргүүцдэг болов. Улс төрийн эрх мэдлийн төлөөх улайрал хууль журмыг үл тоох сэдэл төрүүлж, өөрт ашигтай байдлаар ямар ч хуулийг өөрчилдөг болсон.
 
Албан тушаалын төлөө дайсантайгаа ч ойрхон шадарлаж хуулийг уландаа гишгэдэг нь нууц биш. Тиймдээ ч 13 жилийн хугацаанд сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулиндаа өөрчлөлт оруулж үзээгүй төрийн бодлогыг үл тоон Сонгуулийн хуульдаа улс төрийн намууд өөрчлөлт оруулсан нь саяхан. 180 хоногийн өмнө хуульд өөрчлөлт оруулна гэсэн заалтыг мартчихсан байгааг харсан атлаа хараагүй юм шиг өнгөрч, хуульд ямар заалт оруулсныг мэдсэн ч мэдээгүй юм шиг явснаар эрх мэдэлтнүүд өөрт ашигтай байдлаар хуулиа өөрчилж чадсан юм.
 
Гэтэл парламентад суудалтай болон суудалгүй намууд, нэг намаас нөгөөд урваж улмаар суудалгүйн улмаас бие дааж буй хэсэг бүлэг саяхнаас амь орж эхлэв. Энэ бүх булхай луйврын хажуугаар тэд нүдэн балай чихэн дулий өнгөрч, хууль нэгэнт батлагдсаны дараа баталсан хуулиа зөрч хэмээн орилж байгааг зөвтгөх арга үнэндээ алга. Тухайн үедээ хууль бус асуудал байсныг мэдсэн бол дуугарч, тууштай эсэргүүцэл үзүүлэх ёстой байлаа. Гэвч хэн нэг намын нөмөрт багтах болов уу, өөрт ашигтай л бол хэнтэй ч үгсэн хуйвалдаж болно гэсэн явцуу эрх ашгаасаа үүдэж өнөөдөр хаашаа ч үгүй болчихоод байгаа нь худлаа биш.
 
Хууль бол хууль. Монголд хууль хэрэгжих ёсгой. Сонгуулийн хуульдаа төрийн албанд орох хүн заавал цэргийн алба хаасан байх ёстой гэж заачихсан. Хуулиа бариад нэр дэвшигчийг хассан бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Бие дааж хэрвээ сонгуульд өрсөлдөх бол дэмжигчдийн саналаа ч гэсэн хуульд нийцүүлж л авах учиртай. Түүнээс биш ах дүүгээ, амраг саднаа, бүр насанд хүрээгүй хүүхдээр гарын үсэг зуруулж хууль зөрччихөөд би нэр дэвших эрхээ эдэлнэ гэж “орилоод” байгааг улстөрч гэж хэлэх үндэслэл алга. Эвсэл орж болохгүй гэж НИТХ-ын Сонгуулийн хуульд байгаа л бол Нийслэлийн сонгуулийн хороо хуулиа л мөрдөж ажиллах нь чухал.
 
Тэрнээс биш за яах вэ, нэг удаадаа эвслийг оруулчихья гэдэг байдлаар найр тавиад байвал Монголд хууль биелүүлэх хүн олдох уу. Шударга нийгмийг бүтээж, шударгаар өрсөлдөхийг уриалдаг эдгээр хүмүүс өөрсдөө эхлээд шударга ёсыг бий болгож, хуулиа мөрдөж ажиллах нь чухал биз дээ. Тэгж байж л дараа нь нэг намын дарангуйлал, хэсэг бүлгийн хуйвалдааны эсрэг зогсох учиртай юм. Нийслэлийн Сонгуулийн хороо болон СЕХ хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэдгээ баримттай, үндэслэлтэй тайлбарлаж байхад тэд эсэргүүцэл илэрхийлж өлсгөлөн зарлана, шүүхэд хандана гэх мэтээр улстөржуүлж байгааг зөвтгөх үндэслэл үнэхээр алга байгаа юм. Сонгууль эхлэх болоогүй байна. Сонгуулийн сурталчилгаа ч албан ёсоор эхлээгүй байгаа.


Монголын мэдээ
Б.Эрхэс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-25 07:44:41
    Сонгуулийн хууль гэж Монголд байхгуй шуу. Хэн дураараа загнана тэр л хууль болжээ.
  • зочин 2016-05-24 03:42:54
    Үндсэн хуулийн зөрчил болно доо
    • Зочин 2016-05-24 09:25:50
      Үндсэн хуульд сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан нь үнэн боловч эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлэх ёстойг бас заасан.