Хоёр цагийн сургалтад хамрагдаж, шалгалт өгөөд зөрчлийн оноогоо сэргээх боломжтой
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль болон “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” хэрэгжиж эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Энэхүү хууль болон журамтай холбогдуулан жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгадаг болсон. Энэ талаар замын цагдаагийн газрын УСОНХХ-ийн цагдаагийн мэргэжилтэн, ахмад Я.Соронзонболдоос зарим зүйлийг тодрууллаа.
 
-Жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуульд заасны дагуу зөрчлийн оноо тооцдог болсонтой холбогдуулан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр баталсан. Үүнээс болж жолооч нар зөрчлийн оноогоо хянах, мэдэх хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Тиймээс замын цагдаагийн гзараас жолооч нарын энэ байдлыг хөнгөвчлөхийн тулд өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж цахимаар харах боломжийг бүрдүүлсэн. Жолооч нар http://service.police.gov.mn/ хаяг руу хандаж жолоодох эрхийн мэдээлэл лавлах гэсэн цонхыг сонгож зөрчлийн оноогоо хэд байна вэ гэдэг талаар мэдээлэл авч болно. Мөн жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо хассан мэдээлэл, жолооч болсон огноо, ангилал, үнэмлэхнийхээ хүчинтэй хугацаа, эрх хасагдсан эсэх зэргээ мэдэх боломжтой.
 
-Хоёрдугаар сарын 1-нээс тооцож эхэлсэн зөрчлийн оноо дууссан жолооч нар дахин сургалтад хамрагдаж оноогоо сэргээнэ гэсэн мэдээлэл байна. Оноогүй болсон жолооч нар хаана сургалтад хамрагдах вэ?

 
-Хэрвээ жолоочийн зөрчлийн оноо нь тэгэлсэн бол тухайн жолооч нийслэлд Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд шалгалт өгөх ёсгой. Харин хөдөө, орон нутагт бол тухайн аймгийн замын цагдаагийн тасагт хандаж, хоёр цагийн сургалтад хамрагдаад дүрмийн шалгалт өгөх юм. Дүрмийн шалгалтад тэнцсэн тохиолдолд 10 оноогоо сэргээх боломжтой.
 
-Цахимаар шалгалт өгөх боломжгой болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Зөвхөн нийслэлд лицензийн төв дээр онлайн хэлбэрээр дүрмийн шалгалт авахгүй. Шалгалтыг цахимаар буюу pc дээр суулгасан тусгай программын тусламжтайгаар авна. Ингэхдээ нэг дор 40 хүнийг зэрэг шалгах боломжтойгоор шалгалтыг авч байна.
 
-“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” хэрэгжиж эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Энэ журам хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ. Одоогийн байдлаар хэчнээн жолооч зөрчлийн оноогоо хасуулаад байгаа вэ?
 
-Одоогийн байдлаар улсын хэмжээнд 29109 жолооч зөрчлийн оноогоо хасуулсан байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 21108 жолооч зөрчлийн оноогоо хасуулсан. Хамгаалах бүс зүүгээгүй болон бүс зүүгээгүй зорчигч тээвэрлэж яваад оноогоо хасуулсан жолооч хамгийн их буюу 21423 жолооч байгаа юм. Одоогийн байдлаар оноо тэгэлсэн жолооч байхгүй байна.
 
-Замын цагдаагийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн машин ачихыг хориглосон. Энэ талаарх гомдол иргэдээс ирж байна уу. Зөрчил хэр гарч байгаа вэ?
 
-Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам батлагдсан. Энэхүү журамд зааснаар цагдаагийн эрх бүхий алба хаагчийн шийдвэргүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхийг хориглоно гэж заасан байгаа. Иргэдээс “Цагдаагийн зөвшөөрөлгүйгээр миний машиныг ачсан байна” гэх гомдол ирдэг. Иргэдээс ирсэн гомдлын дагуу зөрчлийг шалгахад тухайн маршрутад үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч бичгээр зөвшөөрөл өгсөн байдаг. Иргэдийн хувьд түр зогсох хориотой тэмдэг бүхий газрууд болон бусад ЗХД, ЗХАБТХуульд заасан зөрчил гаргаж бусдын хөдөлгөөнд саад учруулан зогсохгүй байх хэрэгтэй. Дүрмээрээ       хөдөлгөөнд оролцсон тохиолдолд машинаа ачуулахгүй байх боломжтой.
 
-Зөвшөөрөлгүйгээр дур мэдэн машин ачуулахгүй байхын тулд Замын цагдаагийн байгууллагаас ямар ажил зохион байгуулж байна вэ?
 
-Энэ зөрчилд Замын цагдаагийн байгууллага хуулийн дагуу хяналт тавьж ажиллаж байна. Жишээлбэл, өдөр бур тухайн ачилт хийх гудамж, замуудад цагдаагийн алба хаагч хяналт тавьж ажиллаж байгаа.
 
-Замын цагдаагийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн машин ачсан компаниудад ямар хариуцлага тооцох вэ?
 
-Журам зөрчиж удаа дараа дур мэдэн ачилт хийсэн компаниудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг нийслэл рүү өгдөг.
 
Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.