Египетийн онгоцыг 3000 метрийн гүнд хайж байна
Египетийн иргэний агаарын тээврийн MS804 нислэгийн дугаартай зорчигч тээврийн онгоц Францын нийслэл Парис хотоос Египетийн Кайро хотыг чиглэн Газар дундын тэнгис дээгүүр нисч яваад ор сураггүй, алга болсон билээ. Албаныхан одоогоор онгоцыг сүйрсэн болохыг нь нотолж, онгоцны зарим хэлтэрхий, зорчигчдын аврах хантааз хувцас хэрэглэлийг далайгаас олж илрүүлээд байна.
 
Түүнчлэн онгоц сүйрэхийн өмнө зорчигчдын бүхээг утаагаар дүүрснийг шинжээчид баталжээ. Учир нь бүхээг дэх онгоцны цахилгааны хэсэг, бие засах газрын орчимд байрлуулсан утаа мэдрэгч онгоц сүйрэхээс хэдхэн минутын өмнө нисэхийн удирдлагын төвд дохио дамжуулжээ. Нисэхийн удирдлагын төвд радарын дэлгэцээс онгоц алга болохоос өмнө харилцаа холбооны гурван сувгаар дамжин утааны дохио ирсэн байна.
 
Эхний утааны дохио орон нутгийн цагаар 02:26 цагийн үед Эйрбус А320 онгоцны бие засах газрын ойролцоогоос ирсэн бол үүнээс нэг минутын дараа хоёр дахь дохиолол иржээ. Хамгийн сүүлийн дохио үүнээс хоёр минутын дараа ирж, үүнээс дөрвөн минутын дараа буюу 02:33 цагт онгоц радарын дэлгэцээс алга болсон байна.
 
Грекийн албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Эйрбус А320 онгоц хоёр удаа далай руу огцом доошилсон ажээ. Гэхдээ шинжээчид утааг онгоцны осолтой холбон ойлгоход хэтэрхий эрт хэмээв. Утаа нь гадны санаатай үйлдэл буюу дэлбэрэлтээс үүдсэн үү, эсвэл техникийн гэмтэл байсан уу гэдгийг зөвхөн хар хайрцгийг олж, дүн шинжилгээ хийсний дүнд мэдэх боломжтой юм.
 
Одоогоор холбогдох албаны хүмүүс Газар дундын тэнгист 2500-3000 метрийн гүнд онгоцны хар хайрцгийг хайж байна. Гэхдээ онгоцны хайгуулын ажилд нэлээд хугацаа шаардагдаж магадгүй байгаа аж.

MS804 нислэгийн дугаартай онгоцонд нисэх багийн 10 гишүүн, нийтдээ 66 хүн зорчиж явсан юм. Түүнчлэн, Газар дундад тэнгисээс онгоцны зарим хэсэг, зорчигчдын эд зүйл гэх мэтийн гэрэл зургийн албаныхан олон нийтэд дэлгэв. Олдсон эд зүйл дунд дэлгэгдэж амжаагүй аврах хантааз, суудал, цүнх, гутал, хивс, ороолт гэх мэт янз бүрийн зүйлс байна. Энэ бүхэн Египетийн Александриа хотын хойд эргээс 290 километрийн зай дахь бүсээс олджээ.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.