Xaa сайгүй хадаг уяхаа больчихооч
Монголчууд бидний олонхи нь мухар сүсэгт автсан гээд дүгнэчихэд нэг их хол зөрөхгүй болов уу. Өнөөдөр өдөр тутмынхаа ажлыг ламаас асуудаг нөхдүүд цөөнгүй байна. Тэр битгий хэл хайрлаж дурласан залуу, бүсгүйгээ хань болох эсэхийг нь ламаас асуугсад ч дүүрэн байгаа. Тэр ч битгий хэл лам хэлсэн бол хүн хорлохоос буцахгүй хэтэрхий их сүсэглэгчид ч байна. Яг үнэн шүтэж чадвал лам хуварга, бурхан шашин нь хүнд хэрэг болдог л гэх юм билээ. Гэхдээ л зарим нэг зүйлсийг жаахан татмаар байгаа юм. Тухайлбал, хаа сайгүй хадаг уядаг хачин ёс заншлаа больчихмоор байна. Хуучин манайхан хүсэл биелүүлдэг гэх нэг модонд хадаг уяад, дундуур нь таслах шахаж байсан байх аа. Сүүлд нь хүмүүс хадгийг нь авч хаяж, тасрах шахсан модыг аварч байв.
 
Тэгвэл одоо мод гэлтгүй хаа сайгүй л хадаг уядаг болж. Бод доо, Богд уулын арын замын хамгаалалтын хашлаганы төмрөөс хадаг уяад, тэр хавь бараг л цэнхэртэж байна. Бодвол тэр замаар тэнгэрт одогсдоо хөдөөлүүлэхээр явж байгаа хүмүүс л хадаг уяад байгаа бололтой юм. Ингэлээ гээд буян хурчихгүй шүү дээ. Харин ч байгаль орчинд хор хөнөөлтэй, бусад хүмүүсийн сэтгэлд ч сэвтэй зүйл болоод байна. Нэгэн үе хүмүүс осол аваар гарч, хүний амь нас эрсэдсэн газарт л хадаг уядаг байсан даа. Одоо ч тийм байгаа болов уу. Иргэд яг энэ сэтгэхүйгээр Богд уулын арын замын хашлаганаас уясан хадгийг хүлээж аваад байгаа юм. Тэр хавьд өдөр болгон осол гарч, хүний амь эрсдээд, замын хашлаганд хадаг уячихаж л гэж бодно шүү дээ. Тиймээс ядаж л замын хашлаганаас хадаг уядаг байддаа больчихооч дээ.
 
Мэдээж хадаг уях, хадаг барих үе гэж байлгүй л яах вэ. Гэхдээ юм болгоноос очиж уяж зүүгээд байх нь буян хийж байгаа хэрэг биш байх. Ядаж байхад өнөөдөр хадгийг байгальд уусч, алга болдоггүй материалаар хийдэг болчихсон. Нэг уясан газраа өмхийрөөд, хог татаад, заваараад байж л байдаг. Тэгээд ч хадгийг зүй зохистой хэрэглэхгүй бол буян гэхээсээ илүүтэй бузар ч болж магадгүй байгаа юм. Тийм болохоор бурхны оронд одогсдоо заавал хадгаар даллаж үднэ гэхгүй идээ, будаагаа өргөөд л үддэг баймаар байгаа юм.

Уг нь зарим нэг номтой, мэдлэгтэй, байгаль орчноо хайрлаж мэддэг лам нар иргэдэд энэ талаар зөвлөөд л байдаг юм билээ. Зүгээр л идээ, будаагаа өргөж бай гэж. Будаа бол ямар хог болоод байх биш. Ядаж л, шувуу түүгээд идчихнэ. Амьтан хооллоно гэдэг чинь энд тэнд хадаг уяж орхихоос хамаагүй илүү буянтай ажил шүү дээ. Үүнийг хүн болгон ойлгоод, мэдрээд ядаж бага ч болов буян болох зүйлээ хангай дэлхийдээ өргөж, ан амьтан, шувуугаа хооллочихдог болмоор байгаа юм.
 
Түүнээс биш овоонд зүүж, модонд уядаг байсан хадгаа одоо замын хашлаганаас хүртэл уяад байх хэрэг юу байна. Ямар хадаг уях газар мундсан биш дээ. Ядаж л тэр хавиар байнга явж байгаа жолооч нарын сэтгэлд сэвтэй шүү дээ.
 
Монголын мэдээ
Н.Болд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ???? 2016-05-23 01:53:17
    Мухар сүшиг хавтгайрсан нь иргэд харанхуй байгаагийн илрэл. Харанхуй байгаа нь ядуурлаас шууд хамааралтай. Ядуурал нь төр засаг муу байгаагийн уршиг!!
  • pkxny  2016-05-23 01:29:04
    Дэмжиж бна. Манайхан шашин, ёс уламжлалаа хүртэл гуйвуулж хэтрүүлэх юм аа.