Өнгөрсөн долоо хоногийн тойм
Ерөнхийлөгчийн айлчлал

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар энэ сарын 18-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирлээ.

Айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид бараалхсан байна.

Мөн Сөүл хотын Хүндэт иргэний батламж гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав. Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгчээ.
 
 НИТХ-ын нэр дэвшигчид тодорч, гомдогсод жагсав 

НИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч сонгуулийн хороонд материалаа ирүүлжээ. Эндээс МАН, АН, БНН, МАХН, МУНН гэсэн намуудын нэр дэвшигчдийг 100 хувь бүртгэсэн байна. Харин ХҮН, Монголын консерватив нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Иргэний хөдөлгөөний намуудын зарим нэр дэвшигчийг бүртгээгүй байна. Ингэснээр нийслэлийн Сонгуулийн хороо НИТХ-д нэр дэвшихээр материал ирүүлсэн 248 хүний 238-ыг нь бүртгэж, 10-аас нь татгалзлаа.

Нийслэлийн сонгуулийн хороо НИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн ИЗНН, МСДН-ыг бүртгэсэнгүй. Учир нь Сонгуулийн хуулинд НИТХ-д нийслэлд салбартай нам нэр дэвшүүлэх эрхтэй хэмээн заасан байдаг аж. Харин МСДН нь нийслэлд салбаргүй учраас бүртгэхээс татгалзсан байна. Харин ИЗНН-ын хувьд нэр дэвшигчдийн материал нь хуулийн заалт хангаагүйгээс гадна дутуу бүрдүүлсэн учраас бүртгэхээс татгалзжээ.

Мөн тус хороо ХҮН, Монголын консерватив нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Иргэний хөдөлгөөний намуудын зарим нэр дэвшигчийг бүртгээгүй. Шалтгаан нь баримт материал нь дутуугаас гадна хуулийн шаардлага хангаагүй аж. Тухайлбал, ХХН, ИХН-ын нэр дэвшигчдийн сонгогдох нас хүрээгүй, МКН-ын нэр дэвшигч цэргийн алба хаасан гэх хуурамч материал бүрдүүлсэн учраас бүртгээгүй байна.

Үүнээс үүдэн НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлж чадаагүй нам эвслийнхэн жагсаж, олон нийтэд хандсан ч тусыг эс олов

Эрүүл мэнд, спортын яам сайдтай боллоо

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Ламбаа нь Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
Сайдын суудалд өмнө нь Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн мэдүүлж байсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн олонх нь “Дэмжих боломжгүй” хэмээн үзсэн. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан авч буйгаа мэдэгдсэн юм.
Ингэснээр өнгөрсөн долоо хоншогт Эрүүл мэнд спортын сайдын асуудлыг байнгын хороо чуулганы хуралдаанаар шуурхай хэлэлцэж, найман сарын турш сайдгүй яам сайдтай боллоо.
 
Нөөцийн махыг худалдаалж эхэллээ

Нөөцийн махыг өнгөрсөн зах зээлд худалдаанд гаргалаа. Энэ жилийн хувьд өмнөх жилтэй харьцуулахад 300 орчим төгрөгөөр хямд байгаа аж.
 “Мах” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр нөөцийн махыг иргэдэд хүргэж байгаа нь энэ юм. 2018 оныг хүртэл “Баатарууд тэнгэр”, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импекс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян уул” компаниудад нийт 25 тэрбум төгрөгийн жилийн 12.5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.

Нөөцийн махны үнэ зах зээл дэх махны үнэтэй харьцуулахад 16-30 хувиар хямд хэмээн албаныхан мэдээлж буй. Тухайлбал, ямааны мах 4400, үхэр 5750, хонь 5400 төгрөгийн үнэтэй байгаа юм байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.