Эрх зүйн салбарын шинэчлэлийн цөм болсон хуулиуд батлагдаж дуусч байна
“Сайдын цаг” уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож, хууль зүйн салбарт өрнөж буй болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

Эрх зүйн салбарт хийгдэж буй шинэчлэлийн гол цөм болсон долоон хууль УИХ-ын чуулганаар батлагдаж дуусч байна. Прокурор болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр болно. Ингэснээр Прокурорын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хууль, Хууль сахиулах албаны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль зэрэг эрх зүйн шинэчлэлд ач холбогдолтой хуулиуд батлагдлаа. Эдгээр хуулиад энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Архивын ерөнхий газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Архивын байгууллага маань шинэ байртай болоод зогсохгүй техник технологийн хувьд орчин үеийн архив болох боломж бүрдэж байна.

Цагдаагийн сургалтын төвд АСЕМ-ийн хамгаалалтад ажиллах бие бүрэлдэхүүнийг цуврал сургалт явуулж байгаа. 

Хууль сахиулах тухай шинэ хуулийн шаардлагын дагуу Хууль сахиулах их сургуулийн сургалтын шинэ хөтөлбөрийг баталсан. Цагдаагийн жирийн ажилтан, хэв журам сахиулдаг хүмүүсийг янз бүрийн салбарт ажиллаж байсан залуусаас богино хугацааны курст хамруулан ажилд авдаг байсан бол одоо тэд хоёр жилийн сургалтад хамрагдаж мэргэшсэн цагдаа болно, цагдаа мэргэжлийн алба болно. Энэ хавраас сургалт эхэлнэ. Энэ сургалтад хамрагдсан залуус дахин хоёр жилийн сургалтад хамрагдаж, цагдаагийн офицер болох боломж бүрдсэн.

Хууль зүйн яамны харьяа байгууллагын ажилтнуудыг энэ төгсөгчдийн дундаас сонгон шалгаруулж авч байх юм. Мөн цагдаагийн болоод хууль сахиулах байгууллагын удирдах ажилтны удирдлагын сургуулийн хөтөлбөр батлагдсан талаар Хууль зүйн сайд ярилаа.

Энэчлэн эрх зүйн шинэчлэлийн хуулиуд батлагдсантай холбоотойгоор Засгийн газар, Хууль зүйн сайдын батлах учиртай дүрэм журам, заавруудыг боловсруулах ажил ид хийгдэж байна. Мөн есдүгээр сарын 1-нээс эдгээр хуулиуд хэрэгжихтэй холбоотойгоор энэ салбарт ажиллаж буй хүмүүст сургалт хийх сургагч багш нарыг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.