Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай”  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс  8 улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээ байгуулсан бөгөөд гадаад улсад 300-аад  монгол иргэн цагдан хоригдож, 130-аад иргэн ял эдэлж байна.

Уг хэлэлцээрээр харилцах байгууллага, ялтан шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх зэрэг асуудлыг зохицуулжээ.

Гадаадад ял эдэлж байгаа монгол иргэдээ шилжүүлэн авах, тэдний эрхийг нь хамгаалахад анхаарахын сацуу монгол иргэдээ гэмт хэргээс ялангуяа хар тамхины хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, соён гэгээрүүлэх, сэрэмжлүүлэхэд анхаарах талаар гишүүд саналаа илэрхийллээ.

Түүний дараа  гишүүд  “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  баталлаа.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийх үеэр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасан тухай дурьдлаа.

Дараа нь гишүүд төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалаа. Тухайлбал, “Шүүхийн мэдэгдэлд заасан хугацаа дуусахад хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нь тогтоогдвол ахлах шийдвэр гүйцэтгэгч биелүүлэх хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна” гэж өөрчлөн найруулах, “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчид төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулал олгоно” гэсэн зүйлийг нэмэх зэрэг саналын томьёлол гишүүдийн олонхийн дэмжлэг авав.

Гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эдгээр хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад,тухайлбал, Улсын ерөнхий прокурор, түүний тусгайлан эрх олгосон прокурор эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажилд ямар байдлаар хяналт тавих, Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна ямар бүрэн эрхтэй байх зэрэг асуудлыг зохицуулсан “Эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажилд хяналт тавих прокурорын бүрэн эрх” гэсэн зүйлийг, мөн хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох зэрэг саналууд гишүүдийн олонхийн дэмжлэг авав.

Түүнчлэн “Прокурорын байгууллагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан прокурорын албан тушаалын цалингийн сүлжээ, нэмэгдлийн хэмжээг тогтоохтой холбогдсон хууль тогтоомжийн төслийг хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг ”Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолоор Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Улсын ерөнхий прокурор /М.Энх-Амгалан/-т даалгах” гэсэн саналын томьёолол  дэмжигдлээ.

 Прокурорын байгууллагын тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Дээрх хуулийн төслүүд батлагдсанаар 4 жилийн өмнө эхэлсэн хуулийн системийн өөрчлөлт шинэчлэл үндсэндээ дуусаж байгааг Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв  гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • амараа 2016-08-03 08:54:40
    ШШГТХ-н шинэчилсэн найруулгаар иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хувийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэхээр заалт орсон нь Монголд рекет гарах нөхцлий...