А.Бакей: Жилд 13 хоног баярын амралт эдэллээ гээд эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей дарга сүүлийн үед ажил ихтэй, явдал суудал нь гүйцэгдэхгүй шахам төрийн ордны хонгилоор торолзтол дэгдэж явна. 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа 2005-2006 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай улстөрч маань өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороог толгойлж байгаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны баасан гарагийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, наадмаар тав хоног амардаг болох хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан Н.Батцэрэг гишүүний саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн.

Байнгын хорооны хуралдааны дараа А.Бакей даргаас цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна.


-Наадмаар тав хоног амар­­даг болох хуулийн тө­сөл Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж анхны хэлэлцүүлгээр ги­шүү­дийн олонхын дэмж­­лэг авлаа. Энэ хууль УИХ-ын нэгдсэн чуул­га­наар бат­лагдвал энэ жи­­лийн наад­маас шууд хэ­рэгжээд явах уу?

-Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуу­лийн төслийн анхны хэ­лэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг хуулийн төс­лийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулах шат үлдэж байна.

Өнөөдрийн хувьд Монгол Улсын хэмжээнд үндэсний их баяр наадмаар долоодугаар сарын 11,12,13-нд амарч байгааг энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр 14,15-нд нэмж амрах бололцоо нээгдэнэ гэсэн үг юм. Шинээр өргөн барьсан хуульд энэ таван өдөрт хагас сайн бүтэн сайн таарвал ямар зохицуулалт хийх вэ гэсэн гишүүдийн зүгээс гаргасан саналыг тусгахыг хичээж байна.

Хуулиар тогтоосон баярын амралтын өдөр нь хагас, бүтэн сайн буюу амралтын өдөр таарвал хөдөлмөрийн хуулийн дагуу нөхөж амрах ёстой гэсэн олон гишүүний санал явж байгаа. Тийм учраас Төрийн байгуулалтын байнгын хорооноос яг энэ асуудлаар тусгай ажлын хэсэг гараад ажиллаж байна. Манай ажлын хэсэг асуудлыг нарийвчлан судлаад цаашдаа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэлээд шинэчилсэн, томоохон хэмжээний өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд амралтын өдөр таарвал нөхөж амрах хууль эрх зүйн орчныг баталгаажуулна.

Мөн үндэсний их баяр наадмыг тэм­дэглэх өдрүүдэд төрийн байгууллагуудын гүй­цэтгэж байгаа чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлдэг болох хууль эрх зүйн боломжийг судалж байна. Жишээ нь Монгол бөхийн холбоо, Уяачдын холбоо, Үндэсний сурын холбоо зэрэг байгууллагууд баяр наадмын зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө хариуцаад аваад явдаг болох ч гэх юм уу тиймэрхүү олон асуудлыг нарийвчлан судалж байна.

-Энэ хууль УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдах нь бараг л шийдэгдэж байх шиг байна. Наадмаар тав хоног амардаг болсноор монголчууд жилд нийтдээ хэдэн хоног баярын амралт эдэлдэг болох вэ?

-Энэ хууль батлагдвал бид бүхэн жилдээ 13 хоног баярын амралтын өдөртэй болно гэсэн үг юм. Ер нь аль ч үндэстний туршлагыг аваад үзэхэд баяр ёслолоор зөв сайхан амарч, цэнгэж чадвал алжаал ядрал нь ихээхэн багасч, хөдөлмөрийн бүтээмж дорвитой нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон зүйл.

Хамгийн гол нь улс даяар, бүх нийтээрээ амарч, баясан цэнгэж байгаа нь баярын амралтын гол онцлог юм. Тэгээд ч жилд 13 хоног бүх нийтээрээ баярын амралт эдэллээ гээд эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй. Хамгийн гол нь баяр ёслолоо бүх нийтээрээ зөв сайхан тэмдэглэж, сэтгэл санаагаа уужиртал баясан цэнгэхэд л анхаарах хэрэгтэй байгаа юм.

-Энэ хуулийг яаравчлан баталж байгаа нь Засгийн газрын Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийж байгаа хүмүүсийн санаа сэтгэлийг бага ч болтугай эдийн засгийн хүндрэлээс хөндийрүүлж, тайвшруулах гэсэн оролдлого гэх хүмүүс байна. Та энд ямар тайлбар хийх вэ?

-Манайхан баярын амралт гэхээр нэг л энд, тэнд амраад хэвтэж байх юм шиг ойлгоод байна л даа. Гэтэл энэ амралтын өдрүүдийн цаана Монгол үндэстний өөр хаана ч байхгүй гайхамшигт ёс заншил, соёл, түүхийг дэлхий дахинд сурталчлан таниулах, гадаадын жуулчдад бүх нийтийн баяр амралтын утга учрыг сайтар ойлгуулах, ард нийтээр ойртон нягтрах, ер нь Монгол Улс гэдэг чинь хэрхэн хөгжиж, хүн ард нь яажшуухан аж төрж байгааг алган дээр тавьсан мэт үзүүлэн сурталчлахад туйлын их ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Тэгээд ч зуны дэлгэр сайхан цагт үндэсний их баяр наадмаараа ёстой нэг шавайгаа ханатал амарч, бүх ард түмнээрээ баярлан цэнгээд авахад буруутгах, өө сэв хайх хүн нэг их олон гарахгүй л болов уу. Ганцхан төрийн албан хаагчид л амарч цэнгэх юм шиг буруугаар тайлбарлах шаардлага байхгүй.

Манай хувийн хэвшлийнхэн ч ажил албаа зохицуулж, хүн хүчээ хуваарилан амарч хөгжөөд авах нь тодорхой. Ер нь тэгээд юм бүхнээс өө сэв хайгаад байвал болж бүтэх байсан ажлаа ч нураагаад байдаг гэмтэй гэдгийг хаа хаанаа анхаарахад гэмгүй.

Түүнээс гадна манай хувийн хэвш­лийнхэнд энэ тав хоногийн баярын амралт гэдэг бол үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах, шинэ харилцагч, түншүүдтэй болох, үйлдэрлэлээ сурталчлах, бизнесийн талбарт шинэ орон зайтай болох сайхан боломж нээгдэнэ гэдгийг сайтар бодолцсон юм шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна.

-Саяхан БНТУ-ын Үндэсний их хурлын дарга ноён Жемил Чичек гэргийн хамт манай улсад айлчилсан. УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн даргын хувьд ноён Жемил Чичекийн энэ удаагийн айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Энэ удаагийн ноён Жемил Чичекийн айлчлал түүхэн үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэж байгаа. УИХ-ын дарга З.Энхболдтой хийсэн хэлэлцээрийн үеэр яригдсан гол асуудал бол дэлхийд алдартай Туркийн арьс шир боловсруулах технологийг монголд нэвтрүүлэх талаар хоёр тал дорвитой хамтран ажиллахаар тохиролцсон явдал юм. Түүхий эд нь монголд хангалттай байна, харин тэргүүний технологи, олон жилийн туршлага нь Туркд байна. Энэ хоёрыг нэгтгэж дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэдэг дээр санал нэгдсэн.

Туркийн Болу хот нь арьс шир боловсруулах талаар дэлхийд дээгүүр ордог үйлдвэрлэлийн район юм байна. Жемил Чичек гуай манай тодорхой аймаг, хотыг өөрийн Болу хоттой хамтын ажиллагаатай болгож, байнгын найрсаг харилцаа тогтооход өөрийн зүгээс хүчин зүтгэл гаргахаа мэдэгдсэн нь энэ айчлалын үеэр шийдэгдсэн томоохон амжилт мөн. Үүний зэрэгцээ хот байгуулалтын туршлагаа хуваалцаж, манайд орон сууцны томоохон хороолол барих эхний яриа хэлэлцээ хийгдлээ.

Түүнчлэн томоохон аймаг, хотын цэвэрлэх байгууламжуудыг Туркийн талын зээлийн хөрөнгөөр шинэчлэх, томсгох зэрэг асуудлыг шийдэхээр ярилцаж тохиролцлоо.

Мөн эрчим хүчний салбар, түүний дотор Баян-Өлгий аймгийн Ховд гол дээр баригдах усан цахилгаан станцын ажлыг Туркийн хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэрлэх гэх мэт олон чухал асуудлыг авч хэлэлцэн зохих шийдвэр гаргалаа.

Эдгээр асуудлыг ноён Жемил Чичек өөрийн биеэр хариуцаж, нутагтаа очингуутаа холбогдох албаны хүмүүст үүрэг, чиглэл өгнө гэсэн нь бидэнд ихээхэн итгэл найдвар төрүүлж байгаа.

-Монгол-Туркийн парламентын бүлгийн даргын хувиар, шашин, соёл нэгтэйн хувьд таны зүгээс Баян-Өлгий аймгийг Турк улстай холбох талаар ямар нэгэн бодож санаж, хэрэгжүүлэхээр зорьж яваа төлөвлөсөн ажил байгаа юу?

-Байлгүй яах вэ. Сая айлчлалынх нь үеэр ноён Жемил Чичект Баян-Өлгий аймгийг Туркийн тодорхой муж, хоттой найрсаг харилцаа тогтоолгож, байнгын хамтын ажиллагаатай болгох хүсэлтэй байгаагаа дуулгахад тун уриалгахан хүлээж авсан.

Тэр ч байтугай энэ асуудлыг даруйхан шийдэх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Туркийн талаас Турк-Монголын парламентын бүлгийн дарга нь өөрөө ирсэн л дээ. Бид хоёрын дунд сайхан яриа өрнөж, тэр дарга ч миний дээрх саналыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. Энэ талаар ойрын хугацаанд тодорхой ажлууд хийгдэнэ.

-Та энэ бүрэн эрхийнхээ хугацаанд Баян-Өлгий аймаг руу чиглэсэн ямар бүтээн байгуулалтын ажил хийж амжуулахаар төлөвлөсөн бэ. Ер нь өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт томоохон ямар бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа вэ?

-Монгол Улсын хамгийн алслагдсан аймгийн хувьд хамгийн гол нь зам харилцааны асуудал үеийн үед байсаар ирсэн. Баян-Өлгий аймгийн хувьд бэрхшээл маш их бий. Тодорхой бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж л байна. Замын хувьд Монгол Улсын босоо тэнхлэгийн замд багтаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр удахгүй эхэлнэ. Энэ замын ажил эхэлснээр Баян-Өлгийгөөс Ховд хүртэл хатуу хучилттай зам тавигдаж, ирэх жил ашиглалтад орох боломжтой.

Үүний зэрэгцээ жижиг дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлэх зорилгоор БНХАУ, бусад улсуудтай хамтран Өлгий хотод мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цогцолбор барих асуудлын зураг төсөл бэлэн болж, цогцолбор бүрэн хэмжээгээр хэрэгжих шатандаа явж байна. Мөн Өлгий хотод улсын төсвийн хөрөнгөөр битүү зах барьж ашиглалтад орууллаа.

Түүнчлэн олон жил ярьж байгаа Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд эхний үр дүнгүүд гарч байна. Өнгөрсөн хавар УИХ-ын дарга З.Энхболд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар газар дээр нь очиж байдалтай танилцсанаар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил дахин сэргээд байгаа.

Хамгийн гол нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж очдог учир замын асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Энэ ч үүднээс зам товчлох гүүр, замын асуудлууд эхнээсээ шийдэгдээд явж байна. Уул уурхайн яаман дээр Асгатыг эргэлтэд оруулах чиглэлтэй төслийн нэгж байгуулагдаад ажиллаж байгаа.

Ойрын хугацаанд ОХУ-тай тохиролцож Асгатыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд дорвитой ахиц, дэвшил гарна гэж тооцоолж байгаа. Асгатын орд өөрөө ганц мөнгөнөөс тогтдоггүй олон найрлагат эрдэс баялаг учир технологийн нарийн шийдэл, хамгийн сүүлийн үеийн техникийн дэвшлийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа.

Энэ талаар ч Уул уурхайн яаман дээр тусгай баг гараад ажиллаж байгаа.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-30 02:03:18
    Ард түмнээ ХҮНДЭЛЖ, бодсон зөв шийдвэр гаргах гэж баЙГААД БАЯРТАЙ БАЙНА.