Газар дундын тэнгист онгоц сүйрчээ
Францын нийслэл Парис хотоос Египетийн Кайро хотыг чиглэн ниссэн Египетийн иргэний агаарын тээврийн MS804 нислэгийн дугаартай зорчигч тээврийн онгоц сураггүй алга болсон талаарх мэдээлэл өчигдөр дэлхийн хэвлэл мэдээллийн онцлох мэдээний нэг байв. Нийт 66 хүн буюу нисэх багийн 10, 56 зорчигч тээвэрлэж явсан уг онгоц лхагва гарагийн 23.09 цагт Парисын Чарлес де Гуалле нисэх онгоцны буудлаас хөдөлж, өчигдөр үүрийн 03.00 цагт Египетийн нийслэл Кайро хотноо газардах төлөвлөгөөтэй байжээ. Гэвч 02.45 цагт Газар дундын тэнгисийн зүүн этгээдэд 11300 метрийн өндөрт нисч байхдаа гэнэт радарын дэлгэцнээс алга болсон байна. Ингэхдээ Египетийн агаарын орон зайгаас ердөө 16 км-ын зайд байхдаа сураггүй болсон аж.

Нийт 66 хүн буюу нисэх багийн 10, 56 зорчигч тээвэрлэж явсан уг онгоц лхагва гарагийн 23.09 цагт Парисын Чарлес де Гуалле нисэх онгоцны буудлаас хөдөлж, өчигдөр үүрийн 03.00 цагт Египетийн нийслэл Кайро хотноо газардах төлөвлөгөөтэй байжээ. Гэвч 02.45 цагт Газар дундын тэнгисийн зүүн этгээдэд 11300 метрийн өндөрт нисч байхдаа гэнэт радарын дэлгэцнээс алга болсон байна

 
Улмаар онгоц радарын дэлгэцнээс алга болсны дараа Египетийн Засгийн газар холбогдох албадууд шуурхай ажиллаж, эрлийн ажиллагааг зохион байгуулсан бөгөөд хамгийн сүүлд авсан мэдээллээр онгоц радарын дэлгэцээс алга болохоосоо өмнөхөн аюулын дохио дамжуулсан байгаа юм. Тиймээс онгоц Газар дундын тэнгист осолдсон байх магадлал өндөр байсан юм. Албаныхны тооцоолж буйгаар онгоц эргээс 280 км-ын зайд тэнгист унасан гэнэ. Гэхдээ сүйрсэн онгоцны байршлыг хараахан тодруулаагүй байгаа юм.
 
Авиа компани мөн зорчигчдын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн байв. Тодруулбал, MS804 нислэгийн дугаартай онгоцонд зорчиж явсан 66 хүний гурав нь бага насны хүүхэд байжээ. Мөн зорчигчдын 30 нь Египет, 15 нь Франц, хоёр нь Ирак, Канад, Бельги, Кувэйт, Саудын Араб, Алжир, Судан, Чад, Португаль зэрэг улсаас тус бүр нэг иргэн зорчиж явсан байна.
 
Онгоцны эрлийн ажилд Египетийн цэргийн нисэх хүчнийхэн оролцсоноос гадна Грекийн холбогдох албаныхан мөн оролцсон байна. Египетийн Ерөнхий сайд Шериф Исмайл хэрэг гарсны дараа Кайро дахь нисэх онгоцны буудалд хувийн нисэх онгоцтойгоо гэр бүлийнхэнтэйгээ хамт хүрэлцэн иржээ. Мөн энэ явдалтай холбоотойгоор Францын Ерөнхий сайд Мануэл Валлс “Ямар ч таамаглалыг үгүйсгэж болохгүй” гэж хэлсэн байна.
 
Харин тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах ал СиСитай утсаар ярьж, нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцон хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгч Ф.Олланд, Ерөнхий сайд Мануэл Валлс, бусад Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Дотоод хэргийн сайд зэрэг Засгийн газрын гол албан тушаалтнуудтай шуурхай хуралдаан зарлаж хуралдсан ажээ. Онгоц ямар шалтгаанаар тэнгист унасан нь одоогоор тодорхойгүй байна.
 
Нисгэгчийн сэтгэлзүйд өөрчлөлтгүй


Өнгөрөгч онд Германвингс компанийн онгоц Альпийн нуруунд туслах нисгэгчийн буруутай үйлдлийн улмаас сүйрсэн байдаг. Тэгвэл Египетийн нисэх онгоц сүйрсний дараа нисгэгчийн онгоц хөөрөхөөс өмнөх сэтгэл санааны байдлыг сонирхсон хүмүүс олон байв. Харин Грекийн агаарын тээврийн хяналтын байгууллага “Роетерс” агентлагт өгсөн мэдээлэлдээ “Нисгэгчдийн сэтгэл санааны байдалд ямар нэг өөрчлөлт байгаагүй” гэсэн байна. Нисэх онгоц Грекийн агаарын орон зайд Кайрогийн цагаар 02.43 цагт орж иржээ. Улмаар хоёр минутын дараа радараас алга болсон байна.
 
Онгоц юуны учир сүйрэв

 
Онгоц тэнгист чухам ямар шалтгааны улмаас сүйрсэн нь тодорхойгүй. Гэхдээ олон улсын ажиглагчдын зүгээс хэд хэдэн таамгийг дэвшүүлээд байгаа юм. Тухайлбал, онгоцны эд ангид эвдрэл гарч сүйрсэн, эсвэл хэн нэгэн этгээд санаатайгаар сүйрүүлсэн гэх мэт таамгууд хөвөрсөөр.
 
Ямартай ч, нисэх хүчний шинжээч Алекс Мачерасын “Би Би Си” агентлагт ярьснаар Эйрбус А320 загварын онгоц аюулгүй байддыг сайтар хангасан гэдгийг онцолсон байна. Тэгэхээр онгоц хэрэв техникийн шалтгаанаар сүйрээгүй бол гадны нөлөө орсон байх магадлалтай болж байгаа юм.
 
Энэ оны гуравдугаар сард Египетийн иргэний агаарын тээврийн онгоцыг салсан эхнэртэйгээ уулзахыг хүссэн нэгэн этгээд барьцаалан Кипрт буулгасан хэрэг гарч байсан. Гэмт хэрэгтэн Киприйн тусгай албаныханд бууж өгснөөр нисэх онгоцонд барьцаалагдсан хүмүүс суллагдаж байсан удаатай.
 
Мөн өнгөрсөн жилийн аравдугаар сард Египетийн Шарм эл Шейх хотоос хөөрсөн онгоц Синайн буланд сүйрсэн билээ.Тус онгоц 224 зорчигчтой байсан бөгөөд ихэнх нь орос хүмүүс байсан гэдэг. Онгоцны шалтгаан нэг хэсэгтээ тодорхойгүй байсан ч, хожим ОХУ болон Египетийн тал тэсрэх бодисын улмаас сүйрсэн гэдгийг нь хүлээсэн юм. Энэ хэргийг хэт даврагч Лалын улс бүлэглэл өөртөө хүлээсэн байдаг бөгөөд онгоцыг дэлбэлсэн гар хийцийн бөмбөгний зургаа ч олон нийтэд харуулж байсан удаатай.
 
Тиймээс онгоц барьцаалагдсан, эсвэл гэмт хэрэгтнүүд дэлбэлсэн эсэх таамгийг ч үгүйсгэж болохгүй юм. Бид энэ талаар долоо хоногийн тойм дугаартаа эргэн мэдээлэх болно.

Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-21 16:44:39
    Хуучирсан мэдээ бна.
    122.201.22.203
    Мэдэгдсэн Хариулах