Н.Бүрэнзэвсэг: Миний үеийн барилдаан бэлтгэл, энэ үеэс тэс өөр байсан шиг санагддаг
Энэ жил Монгол Улсын олон сумдын 90 жил тохиож байгаагийн нэг Ховд аймгийн Дарви сум юм. Тус сумаас алдар цуутай олон хүмүүс төрөн гарсан байдаг билээ. Тэдгээрийн төлөөлөл болох Монгол Улсын Манлай Уяач Б.Мөнхтөр, Монгол Улсын начин, Жудо бөхийн спортын мастер Н.Бүрэнзэвсэг нартай уулзаж, дурсамжаас нь хуваалцлаа.

Б.Мөнхтөр: Монгол улсын манлай уяач Д.Түвдэн ах маань намайг уяач болгосон

-Манлай уяач энэ жилийн наадамд хэдэн морь уяж байна. Морьд хурдан байна уу?

-Морьд хурдан сайхан байна. Уяа эвлэг сайхан эхэллээ. Морьдоо ер нь Төв  аймгийн Цээл суманд уядаг. Энэ жил манай их адуу Ээж хайрханы энд өвөлжлөө. Тэгээд морьдоо их адууныхаа дэргэд Төв аймгийн Хөндлөн гэдэг газар уялаа даа. Нас насны хэд хэдэн морьд бариад авчихсан байна.

-Таны Их хээр морийг морь сонирхогчид андахгүй. Аль угшилын адуу вэ?

-Хээр морь маань Төв аймгийн Заамар сумын угшилтай. 14 настай сумын наадамд уралдаж байхад нь олж хараад худалдаж авч байлаа. 2006 онд Монгол улсын манлай уяач Д.Түвдэнгийн алаг морины нэрэмжит наадамд айрагдуулж байсан юм. Тэр жилээ Эрдэнэт хотод Хангайн бүсийн даншиг болсон. Тэрхүү наадамд айрагдаж, Архангайн Тамирын их хурдад дахин айрагдаж байлаа. Тэр цагаас хойш улсын баяр наадамд найман жил морио айрагдуулаад байна.

-Таны Таван цагаан, Бор үрээ гэж алдартай хүлгүүд бий шүү дээ?

-Таван цагаан бага гурван насандаа айрагдаад байлаа. Түүний дараа миний унаган адуу бор үрээ маань гарч ирсэн. Тухайн үед Монгол эрлийз хамаагүй уралдуулдаг байлаа. Тэгэхэд эрлийз морьдтой миний бор үрээ л гарч ирж айрагддаг байсан. Үүний дараа бор морины дүү Енбүн үрээ гэж бий. Тэр морь манай улсад айрагдаж байлаа.

- Б.Мөнхтөр инженер яаж яваад уяач болчихсон юм бэ?

-Манай аав сумын начин н.Батчулуун гэж бөх хүн байлаа. Сумынхаа наадам олон удаа түрүүлж байсан. Энэ бүртээ хурдан удмын даагаар шагнуулна. Түүнийг нь би уяж уралдуулдаг байсан юм. Дунд сургуулиа төгсөөд ОХУ-д автын инженер мэргэжлээр таван жил сурч төгсөөд эх орондоо ирэхэд зах зээлийн нийгэм угтдаг юм байна. Бүхий л автобаазууд тарсан байлаа. Ингээд миний эзэмшсэн мэргэжил хэрэггүй зүйл болж хувирдаг юм байгаа биз дээ. Тэгээд багахан бизнес хийж яваад Монгол Улсын манлай уяач Д.Түвдэн тааралдаж, уяач болох замнал минь эхэлсэн дээ.

- Монгол улсын манлай уяач Д.Түвдэн агсныг хэлээд байна уу?

-Тиймээ тэр хүн чинь миний нагац ах байгаа юм. Улс хувьсгалын 60 жилийн ойн наадмаар гурван түрүү авч байсан уяач хүн шүү дээ. Түүний амжилтыг өнөөдрийг хүртэл хэн ч эвдэж чадаагүй байна. Д.Түвдэн ах маань Рашаантад “Барын ам” гээд газарт морио уядаг байлаа. Би туслах зорилгоор эргэж тойрдог байсан л даа. Тэр үед улсад бага дөрвөн насандаа айрагдсан “Хилэн хар” азарганыхаа төрсөн дүүг надад бэлэглэсэн юм. Ингэж л уяач болох гараа минь эхэлсэн гэж хэлж болно. Ер нь Д.Түвдэн ах маань л намайг уяач болгосон доо.

- “Алаг морьтой Түвдэн” хэмээн ард олондоо алдаршсан байдаг. Тэгвэл алаг мориных нь талаар дурсахгүй юу?

-Алаг морины амжилт их өвөрмөц. Бага насандаа уягдаагүй тэргэнд явдаг адууг авч уяад 60 жилээр түрүү магнай болгож байсан. Мөн түүний дараа жил дахин түрүүлээд Ю.Цэдэнбал даргын эхнэр Филатовад бэлэглэж байсан байгаа юм.

- Нэг зүйл тодруулахгүй байж чадахгүй нь. Морины угшил сайжруулна гэж Сүхбаатар аймгаас хурд авах юм. Ингэж адууг эрлийзжүүлэх нь Монгол адууны цусыг авч үлдэхэд хэр байдаг юм бол оо?

- Буруу гэж байхгүй. Монгол уяж байгаа хүмүүс өөрийн хөрөнгө мөнгөөр эрлийз адуу авч ирээд Монгол адуутай нийлүүлээд хурдан буян гаргаж авч чадаж байна. Сүхбаатарын адууг баруун аймгийн адуутай нийлүүлээд бас хурдан буян гаргаж авч болж байна. Морин тойруулгын адуу яагаад ингэж олон айраг түрүү аваад байна. Үүнийг бодлогоор шинжлэх ухааны дүгнэлттэйгээр эрлийзжүүлж бий болгосон байхгүй юу. Сүхбаатар аймагт  Монгол адууг эрлийзжүүлээд сайн хурдан буян гаргаж авсан хүн соц нийгмийн үед байсан.  
 
Н.Бүрэнзэвсэг: Миний үеийн барилдаан бэлтгэл, энэ үеэс тэс өөр байсан шиг санагддаг

-Хэдэн онд начин цол хүртэв. Хэрхэн хүртэж байв. Энэ тухай хуучлаач?

-Би 1978 онд тав давж Монгол Улсын начин цол хүртэж байлаа. Тэр үед нутгаас н.Мягмар заан л байлаа. Өөр дэмжих хүн байсангүй. Гэхдээ шигшээ багийн дасгалжуулагч н.Машбат гэж хүн байлаа. Тэр багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийдэг байсан. Наадамд би ганцаараа л барилдана өөр хэн ч намайг дэмжихгүй гэсэн бодолтой л зодоглож байлаа даа. Бэлтгэл ч сайн байсан гурвын даваанд аймгийн заан н.Болдбаатар тунж, дөрвийн даваанд Төв аймгийн арслан “бүдүүн гуят” н.Загдсүрэнтэй таарч, тавын даваанд Улсын аварга Ч.Бээжинг давж начин болж байлаа. Хэрэв тухайн үед шигшээ багт бэлтгэл хийдэггүй байсан бол энэ цолыг авахад тун хэцүү дээ гэж одоо боддог юм. Өмнөх жил нь Улсын начин н.Лхагва-очирт дөрвийн даваанд унаж байсан. Энэ нь надад маш сайн сургамж болсон доо.

- Дарви сумаас нэлээд хэдэн начин төрсөн. Түүнээс гадна улсын заан хадагт хар Д.Рэнчиндорж гэж хүн бий. Тэр хүний талаар ярихгүй юу?

-Монгол улсын заан хадагт хар Д.Рэнчиндорж гэж мундаг хүн байсан юм билээ. Би тэр хүнтэй уулзаж байгаагүй. Хүмүүсийн ярианаас сонсож байлаа. Овооны наадамд түрүүлэхээр элэг бүсэнд нь хадаг уядаг байсан юм. Тэгээд л их олон хадагтай хүн дэвж явдаг байсан гэж дурсах юм билээ. Түүнээс гадна мундаг бөхчүүд их байна. Олимпийн медальт Р.Даваадалай, хоёр ихэр начин гээд дурсахгүй байхын аргагүй хүч чадалтай бөхчүүд их бий.

-Таны ярианд тэр үед дэмжихгүй хүнгүй байлаа гэж гарлаа. Одоо үндэсний бөхөд найраа гэгч зүйл ихээхэн дэлгэрээд байна. Таны үед энэ найраа байв уу?

-Байгаагүй. Гэхдээ нутаг усны бөхчүүд бие биенээ дэмжих явдаг байсан. Миний хувьд бор зүрхээрээ л зүтгэсэн. Учир нь тэр үед дэмжүүлье гэх нутгийн бөх байсангүй.

-Таныг барилдаж байх тэр үед бөхчүүд хэрхэн бэлтгэлээ базаадаг байв. Одоогийн бөхчүүд жингээ нэмэхэд ихээхэн анхаардаг болоод байгаа юм шиг харагддаг?

- Шигшээгийн бэлтгэлд гараад явчихдаг байсан. Тусгайлан үндэсний бөхийн бэлтгэл гэж хийдэггүй байлаа. Гэхдээ наадмаас өмнө 10-14 хоногийн бэлтгэлд гардаг байсан. Миний үеийн барилдаан бэлтгэл, энэ үеэс тэс өөр байсан шиг санагддаг. Энэ үед чинь 150, 160-аад кг-тай хүн барилдахгүй бол 80-аад кг-тай хүн барилдаад ч хэрэггүй болчихсон юм шиг. Би чинь начин авдаг жилээ 95 кг-тай байсан. Тэр үедээ солт эргэчихдэг байлаа. Гэтэл одоогийн залуус солт эргэж чадах болов уу. Үгүй л байх. Энэ бүхэн бэлтгэлтэй л холбоотой.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-06-30 08:49:25
    78 онд талийгаач Чулуун начин Бүрэнзэвсэг начин 2 цол авч билээ.
  • ooo 2014-06-30 02:13:33
    Бүрэнсүх биш шүү дээ сэтгүүлч ээ, хүнтэй ярилцлага хийсэн юм бол нэрийг нь зөв тогтооход яадаг юм. БҮРЭНЗЭВСЭГ гэдэг юм