Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг даргалан хуралдуулав.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийиг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
 

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийн 1 дүгээр зүйлийн “мах боловсруулах зориулан” гэснийг “мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан” гэж тодотгох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр санаачилж энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилцуулав.
 

Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өр, зээлийн талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байсан тул Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлага үүссэн. Иймд Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан. Энэ хууль нь олон улсад эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс зээллэг хийх замаар хөрөнгө бүрдүүлж, бодит эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, ажлын байрыг хадгалах, дэд бүтэц, нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтыг дэмжиж, иргэдийн орлоготой байх нөхцөл, бололцоог бүрдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн юм. Гэвч сүүлийн үед өрийн асуудлаар улстөржих болж цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтийн дунд Засгийн газар, улсын нийт гадаад өртэй холбоотой буруу, сөрөг ойлголтыг төрүүлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаатай холбогдуулж өрийн тухай асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх нь цаг үеийн тулгамдсан асуудал болж байна гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулсныг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ч.Хүрэлбаатар нар төсөл санаачлагчаас асуулт асууж хариулт авлаа. Харин уг хуулийн төслөөр Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар цөөнх болов.
 

Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Дараа нь Засгийн газраас энэ сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулав.
 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдөр ашиглагдаж буй 1600 гаруй том, дунд, жижиг оврын автобусны насжилт 10-20 жил, гүйлт 600.0 мянган км-ээс дээш байгаа нь нийтийн тээврийн үйлчилгээний салбарын тулгамдсан гол асуудал болсон. Парк шинэчлэх зорилгоор 2016-2020 онуудад нийтийн тээврийн том, дунд оврын автобус гадаадаас худалдан авахад 400 сая ам.долларын төсөв шаардагдана. Энэ эрэлтийн 20 хувийг дотоодоос хангах, жилд евро стандартын 120 автобусны угсралт үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэхээр үндэсний компаниуд 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 5340 м.кв үйлдвэрлэлийн талбайд угсралтын 56 дамжлага бүхий үйлдвэр байгуулж байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Хагас иж бүрдлийн нөхцөлөөр импортлон оруулж буй манай улсад үйлдвэрлэдэггүй автомашины мотор, хурдны хайрцаг, явах эд ангийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 15 хувиар буурч, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх юм байна. Хууль хэрэгжих 4 жилийн хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 7.6 тэрбум төгрөгийн чөлөөлөлтийг үзүүлэхэд Евро-4 хөдөлгүүртэй, порталь тэнхлэг бүхий 480 ширхэг автобусны угсралт үйлдвэрлэлээс Монгол Улсад 20,3 тэрбум төгрөгийн нэмүү өртөг төвлөрч, мөн 220 хүний ажлын тогтвортой байр бий болох тооцоо гарч байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Байнгын хорооны хуралдааны эцэст нь Үндэсний аудитын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад танилцуулга хийсэн юм. Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлэв. Үүгээр байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.