Эдийн засгийн байнгын хороо 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэхүү тогтоолын төслийг малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлсэн малчид, мал бүхий этгээдэд төрөөс мөнгөн урамшуулал олгохтой холбоотой УИХ-ын 2 удаагийн тогтоолд өөрчлөлт оруулахаар боловсруулжээ.

Тогтоолын төслийн 1 дэх хэсэгт “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд болон “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолд тусгасан “... хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд...” гэсэн томъёололоос “...хоршооны гишүүн...” гэснийг хасах өөрчлөлтийг тусгасан юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй. Харин УИХ-ын гишүүн А.Тлейхан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа.
 

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг улс орны нийгэм, эдийн засгийн харилцааны өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан сайжруулах, түүнчлэн Монгол Улс Дэлхийн худалдааны болон олон улсын, бүс нутгийн стандартчиллын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чанар, аюулгүйн шаардлагыг стандартаар тогтоох, түүнийг үнэлэх, хүлээн зөвшөөрч баталгаажуулах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчноо олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлэн шинэчлэх шаардлага бий болсон хэмээн Шадар сайд танилцуулгынхаа эхэнд дурдсан.

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Монгол Улсад мөрдөх стандарт, техникийн баримт бичгийг зөвлөмжийн хэлбэрээр, сайн дурын үндсэн дээр хэрэглэх, тэдгээрийг боловсруулах, хүлээн зөвшөөрч батлах бүхий л үйл явцад нээлттэй, ил тод оролцооны тэгш байдлыг хангах, улмаар үйлдвэрлэл, худалдаа, тохирлын үнэлгээний хүрээнд түүнийг иш татах, сонгон хэрэглэх замаар мөрдүүлдэг олон улсын нийтлэг жишигт шилжихээр тусгажээ.

Түүнчлэн нийтийн ашиг сонирхол, хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлж, техникийн зохицуулалтаар шийдвэрлэж байх, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн, стандартчилал, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааны хамрах хүрээ, ажиллах зарчим, бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийг нарийвчлан тогтоох, улмаар үйлдвэрлэл, худалдаанд байгаа техникийн элдэв саад тотгор, хүндрэлийг багасгах замаар олон улсын гэрээ, хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж, орчныг бүрдүүлэхээр тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хэмжил зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Хэмжил зүйн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулав.

Хэмжил зүйн тухай хуулийн төслийг практик тулгарч байгаа бодит шаардлага, хуулийг хэрэгжүүлж ажилласан туршлага, “MNS OIML D1:2013” үндэсний стандартад үндэслэн боловсруулжээ. Аль ч улс орны хэмжил зүйн хууль тогтоомжийн үндэс нь тухайн улсад хэмжлийн нэгжийн ямар системийг хэрэглэхийг тогтооход орших бөгөөд Монгол Улс дэлхийн 200 орчим улс оронд мөрдөж байгаа Хэмжлийн нэгжийн олон улсын систем (SI)-ийг Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ 1979 оны 414 дүгээр тогтоолоор 1981 оны 1 дүгээр сарын 1-нээс, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 3 дугаар зүйлийн дагуу 1995 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэглэж ирсэн бөгөөд нэгжийн энэхүү системийг цаашид ч үргэлжлүүлэн мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.
 

Хэмжлийн үнэн зөв байдлыг хангах асуудал нь аль нэг улсын бус харин дэлхийн бүх улс орныг хамарсан нийтлэг үйл ажиллагаа, нөгөөтэйгүүр шинээр боловсруулсан Хэмжил зүйн тухай хуулийн төслийг Жин ба хэмжүүрийн олон улсын товчоо (BIPM), Хэмжил зүйн олон улсын байгууллага (OIML)-ын гишүүн орнуудад ойлгомжтой болгохын тулд хуулийн төсөлд тусгасан нэр томьёо, тодорхойлолтыг “Хэмжил зүйн хуульд хамаарах үндсэн асуудлууд “MNS OIML D1:2013” үндэсний стандарт, “OIML V1 Хэмжил зүйн олон улсын нэр томьёо, тодорхойлолт” толь бичиг, “ISO/IEC 17000 Тохирлын үнэлгээ. Толь бичиг ба ерөнхий зарчмууд” зэрэг олон улсын стандартын дагуу шинэчлэн тодорхойлсон гэж Шадар сайд танилцуулгадаа дурдсан. 

Хуулийн төсөлд хэмжлийн нэгжийн улсын эталоныг хэмжил зүйн стратеги, бодлого, хөтөлбөрийн дагуу бий болгон Засгийн газар батлах, улсын болон анхдагч эталоны тухай мэдээллийг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нэгтгэн хэмжил зүйн мэдээллийн санд оруулж байх шинэ зарчмыг тусгасан бөгөөд хэмжлийн нэгжийн улсын ба анхдагч эталоныг Жин ба хэмжүүрийн олон улсын товчооны зохих эталонтой буюу гадаад улс орны хэмжлийн нэгжийн үндэсний эталонтой харьцуулах замаар нэгж дамжуулалтыг хангахаар заасан байна.

Бизнес эрхлэгчдийг дэмжих, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжил зүйн үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах, тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зохицуулалттай хэмжил зүйд хамаарах үйл ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлон заажээ.

Импортоор нийлүүлж байгаа хэмжих хэрэгслийг үйлдвэрлэгч орны хэмжих хэрэгслийн загварын туршилт, анхдагч шалгалт баталгаажуулалтын үр дүнг олон улсын болон хоёр талын гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр шууд хүлээн зөвшөөрөх олон улсад хэвшил болсон тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна. Ингэснээр хэмжих хэрэгслийн хэрэглэгчдэд хүрэх зардлыг бууруулж, хэмжил зүйн бизнес эрхлэгчдийг дэмжих, аливаа материаллаг баялгийн тооцоог баталгаатай хэмжих хэрэгслээр хийхэд ихээхэн ач холбогдолтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл” нь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах энэхүү төслийн нийт санхүүжилтийн хэмжээ 20 сая ам.доллар юм байна. Хүүгийн хэмжээ 1.25 хувь, эргэн төлөгдөх хугацаа 25 жил бөгөөд төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна. Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд экспортлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, туршлага судлах, экспортын даатгал гэх мэт санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна тодорхой зорилтот зах зээлүүдэд нэвтрэх боломжийг нээх юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.

Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2016 онд байгуулж, нийт 6 төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа аж.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлага дээр үндэслэн австрийн хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр тус улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан 40 сая еврогийн шинэ “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулахаар хэлэлцээрийн төслийг тохиролцжээ.

Зээлийн хүү 0 хувь, зээлийн хугацаа 18 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлсэн. Тэрбээр, Энэ төсөл өмнө нь их үр дүнтэй хэрэгжсэн. Онцгой байдал, эрүүл мэндийн салбарт үр ашгаа өгсөн. Цаашид ч эрүүл мэнд, дэд бүтэц, онцгой байдлын салбарын шинэчлэлд дэмжлэг болно гэж үзэж байна хэмээсэн юм. Энэхүү хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

“Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн хуралдаанаар хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулсан юм.

Тэрбээр, Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь заалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг үндэслэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалах, төсвийн бодлогод шинэчлэл хийж, төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байна гэлээ.
 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын 116 бодлогын арга хэмжээтэй бөгөөд зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, бусад хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх яам, байгууллагыг мөн тусгажээ.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буураад байгаа энэ үед эдийн засгийн эерэг өсөлтийг хадгалах, инфляцийн түвшинг 5-7 хувьд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 6.9 хувьд хүргэх, нэгдсэн төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 0.0 хувьд байлгах, төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдлыг бууруулж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 116 бодлогын арга хэмжээ тусгасан бөгөөд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд нийтдээ 3,247.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаар байна. Үүнд, улсын төсвийн хөрөнгөөр 210.7 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээр 970.2 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 2037.3 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээр 29.5 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөн тусгасан гэж төслийн танилцуулгад дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан асуулт асууж, хариулт авсаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн юм.

Худалдааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцуулсан.
 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар нараас 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Худалдааны тухай хуулийн төсөл, Засгийн газраас 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Худалдааны тухай хуулийн төсөл, тэдгээрийн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2015 оны 5 дугаар сарын 1-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслүүдийг нэгтгэн боловсруулах чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгсөн билээ. Тус байнгын хорооны 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор уг хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулах, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэг 2 удаа хуралджээ. Ажлын хэсэг төслүүдийг нэгтгэхдээ Монгол Улсын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаа эрхлэхээр, гаалийн албан татварын хувь хэмжээг дотоодын зах зээлийг хамгаалах, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нэмэгдүүлж болохоор, НӨАТ-ын тухай, Хүнсний тухай зэрэг хуультай нийцүүлэх, давхардал, найруулгыг зассан зэрэг нийт зарчмын 47, найруулгын 28 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

Худалдааг дэмжих, хөнгөвчлөх асуудлын хүрээнд худалдаа эрхлэгчийн тодорхой үйл ажиллагаанд төрөөс бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр, гадаад худалдаанд цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх заалтыг төсөлд нэмэхээр, бөөний худалдаа эрхлэх байршлыг аймаг, нийслэлийн ИТХ тогтоох, худалдааны сүлжээтэй холбоотой, стратегийн барааны нэр төрлийг тогтоох болон түүний үнийг Засгийн газраас тогтоох тухай, мөн худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдааны бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлж, эрхлэн хөтлөх тухай зохицуулалтыг төслөөс хасах санал боловсруулсан байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асууж, тодруулах гишүүн байгаагүй бөгөөд зарчмын 47 саналын томьёолол тус бүрээр, мөн найруулгын саналуудаар санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Дэмпингийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Дэмпингийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа.

Монгол Улс 2015 онд дэлхийн 148 улстай худалдаа хийснээс 69 улсад бараагаа экспортлож, 145 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон дүнтэй байна.

Монгол Улсын олон улсын гэрээ тухайлбал, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүд, зарчим, дүрэм, журамд нийцүүлэн гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг бий болгож байна хэмээн Аж үйлдвэрийн сайд танилцуулав. .

Дэмпингийн тухай хуулийн төслийг 9 бүлэг, 40 зүйлтэйгээр боловсруулжээ.

Хуулийн төсөлд хуулийн нэр томьёо, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах УИХ, Засгийн газар, гадаад худалдаа болон үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон ажлын хэсгийн эрх, үүрэг, дэмпингийн бараанаас хамгаалах, дэмпингийг тодорхойлох, шалган тогтоох, хохирлыг тодорхойлох, дотоодын үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөг үнэлэх, мэдээлэх, дэмпингийн эсрэг арга хэмжээг буцаан хэрэглэх, дуусгавар болгох, арга хэмжээг хянан үзэх, ноцтой хохирлыг тодорхойлох, урьдчилан тогтоох, түр арга хэмжээг хэрэгжүүлэх, дэмпингийн эсрэг татвар тогтоох, маргаан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг тусгасан байна.

Энэ хууль батлагдсанаар худалдааг Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд эрхлэн явуулах эрх зүйн орчин бүрдэж, Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг дэмпингээс хамгаалах эрх зүйн харилцааг Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээртэй уялдуулан зохицуулах механизм бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж буй юм байна. Түүнчлэн хяналтын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, үйл ажиллагааны нэгдмэл байдал хангагдаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн цогц арга хэрэгсэл бий болох юм байна.

УИХ-ын гишүүн А.Тлейхан дотоодын зах зээлийг хамгаалах гэж буйг дэмжиж байна гээд дэпинг гэсэн нэр томьёог монголчилж болохгүй юу гэж лавласан. Аж үйлдвэрийн сайдын хариулснаар, зах зээлээс доогуур үнэ тогтоон, барааны монополь үнэ тогтоох гэж эрмэлзэх хэлбэрийг дэпинг гэж хэлж байгаа бөгөөд олон улсад тогтсон энэ хэллэг юм байна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд анхаарах зүйл бий хэмээлээ. Тэрбээр, үйлдвэрлэгчид, дотоодын зах зээлээ хэт хамгаалаад байвал тэд чөлөөт өрсөлдөөнөөс илүү төр засгийн бөөцийлөлд орох эрсдэл бий болдогийг анхаарах ёстой хэмээсэн. Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.