Хууль зүйн байнгын хороо таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат танилцуулсан юм. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгаж, эцсийн хувилбарыг боловсруулсныг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав.
 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 7 саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Тухайлбал, хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын “бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал” гэснийг “бэлгийн халдашгүй байдал” гэж өөрчлөх, “Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг” гэсэн төслийн 22 дугаар зүйлийг хасахаар болов. Мөн төслийн “Цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг” гэсэн 26 дугаар зүйлийг өөрчлөн найруулахаар болов.

Ингэснээр цагдаагийн байгууллага нь Цагдаагийн албаны тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаарх бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах, эдгээр мэдээллийг хүлээн авч шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах 24 цагийн утас ажиллуулах, мөн тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн нэгжтэй байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг хүлээх юм байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдаж өргөн баригдсан холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
 

Уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар танилцуулав. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 15 саналын томьёолол бэлтгэснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Ингээд Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Л.Болдоор ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Ё.Отгонбаяр, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулжээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Болд хийсэн юм. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл нар асуулт асууж тодруулав.

Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 11, найруулгын чанартай 12 саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авав. Тухайлбал, төслийн 82 дугаар зүйлийн 82.7 дахь хэсгийг “Шүүхийн мэдэгдэлд заасан хугацаа дуусахад хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нь тогтоогдвол ахлах шийдвэр гүйцэтгэгч биелүүлэх хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна албан тушаалын цолны мөнгийг гурван сар хүртэл хугацаагаар хасах, цол бууруулах, цолыг хураан авах зэрэг сахилгын шийтгэл оногдуулахаар өөрчлөн найруулахаар тогтлоо.
 

Түүнчлэн уг хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Дараа нь Хууль сахиулах тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин санаачлан боловсруулж өнгөрсөн сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив.
 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтад зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан нь баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулах эсэх нь талаар тодорхойгүй байдал үүсэж, захиргааны зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэглэх шаардлага үүсээд байгаа аж. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дээрх зүйлд заасан баривчлах, торгох шийтгэлийн алийг нь оногдуулах болон баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхойлж өгөөгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болоод байгаа юм байна.

Иймээс дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-18 07:42:11
    Батзандан гэж нэг солиотой хүн байнаа, 7 сарын 1-ний хэргээс яаж мултрахав гэхдээ хоссон дүр эсгэсэн амьтан, хүний мууд дуртай гэж 37 оны ногоон малгайт л ийм б...