СЭЗДС-ийн босго оноо хичээл тус бүрт 620 байна

Маргааш элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, онооны жагсаалт гарна. Харин долдугаар сарын 2-ноос их, дээд сургуулиуд элсэлтээ авч эхэлнэ. Тиймээс ирэх намар оюутан болохоор зэхэж буй  элсэгчдэд зарим их, дээд сургуулийн босго оноо, элсэлтийн журмын талаарх мэдээллийг  хүргэж байна.

 

ИХЭНХ СУРГУУЛИЙН БОСГО ОНОО 400-ГААС ЭХЭЛНЭ

Ирэх хичээлийн жилд улсын болон хувийн хэвшлийн  их, дээд сургуульд  оюутан элсүүлэх босго оноог  шалгалт тус бүрт 400 байхаар тогтжээ. Энэ тухай салбарын сайдын тушаал гарсан учраас  ихэнх сургуулиуд хэмжээст оноогоо энэ тооноос эхэлж байна. Энэхүү босго оноог   тогтоохдоо өнгөрсөн оны элсэлтийн ерөнхий  шалгалтын судалгаанд үндэслэн,  төгсөгчдийн   85 хувь нь их сургуульд  элсэх боломжтой  байхаар тооцож гаргасан гэдгийг албаны хүн хэлж байна.  Тиймээс та ч бас элсэлтийн шалгалтан дээрх хэмжээст  оноогоо хялбархан аргаар тооцож болох нь.  Шалгалтан дээрх  50 хувийн гүйцэтгэл нь  500 оноотой тэнцдэг учраас та хичээл тус бүр дээрээ хийх ёстой ажлынхаа 30-40 хувийг  хийсэн бол  400 оноо авч,   их сургуульд элсэх эрхтэй боллоо гэсэн үг юм. 

 

МУИС-ИЙН САЛБАР СУРГУУЛИУДАД ЗЭРЭГ БҮРТГҮҮЛЖ БОЛНО

Магистр, доктор, өдрийн ангийнх нийлээд МУИС-д нийтдээ 30 орчим мянган оюутан суралцдаг.  Тиймээс элсэгчдийн олонх нь энэ сургуульд суралцах юмсан гэсэн хүсэлтэй байдаг. Тэгвэл тус сургуулийн элсэлтийн комиссынхон  долдугаар сарын 1-нд төв байрныхаа гадна талын электрон самбар болон цахим хуудастаа элсэлтийн зараа нийтэлнэ гэдгээ дуулгаж байсан. Хэрэв та МУИС-ийн орой, эчнээ ангид суралцах бол заавал элсэлтийн шалгалт өгөх ёсгүй гэнэ. Харин бакалаврын зэрэгтэй хэрнээ өдрийн ангид суралцах бол  шалгалтын дүн, оноог харгалзана гэсэн. МУИС-д бүртгүүлэхдээ   салбар сургуулиудад нь зэрэг бүртгүүлж болох нь. Бүрэлдэхүүн сургуулиудын олонх нь ерөнхий шалгалтын хоёр дүнгээр буюу  суурь шалгалт-70 хувь, дагалдах шалгалт-30 хувь гэсэн хувилбараар бүртгэх юм байна. Харин бизнесийн сургууль нь зөвхөн математикийн шалгалтаар элсүүлнэ гэж байсан. Тиймээс тус сургуульд элсэхийг хүсэгчид нь МУИС-иас тавьж буй  минимум шаардлагыг хангахаас гадна босго оноогоо авсан  байх ёстой гэнэ.  

 

АШУҮИС (ЭМШУИС)-ИЙН БОСГО ОНОО 150

ЭМШУИС өнгөрсөн өвөл нэрээ сольж,  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болсон.  Тиймээс элсэгчдын зарим нь энэ нэрийг хараад төөрөлдөж мэдэх юм. Өнгөрсөн жил тус сургуулийн босго оноо 560-аас эхэлж байсан бол  энэ жил 450-иас эхлүүлэхээр болжээ. Энэ тухай Оюутны албаны дарга Ч.Баасандоржоос тодруулахад энэ жилийн онцлог нь олон мэргэжлээр элсэлт авах бус, хоёр багц нийт зургаан  мэргэжлээр  элсэлт  авна.Тодруулбал, эхний хоёр жил анагаахын суурь боловсрол олгоод, дараа нь гуравдугаар курсээс нь дахин шалгаруулж мэргэшүүлнэ. 2013 онд элссэн оюутнууд хуучин хөтөлбөрийнхөө дагуу хичээллэнэ. Энэ жилийн босго оноогоо 450-иар тогтсон бөгөөд  элсэлтийнхээ бүртгэлийг долдугаар сарын 1-4-ны  өдрүүдэд  цахим хэлбэрээр elselt.hsum-sc.mn хаягаар авна. Элсэгчдийг  наймдугаар сарын 19-22-ны  өдрүүдэд бүртгэж , гэрээ байгуулна” гэсэн юм.

 

ХААИС 40 ГАРУЙ МЭРГЭЖЛЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ

Хөдөө аж ахуйн их сургуулийн хэмжээст оноо 400-600-гийн хооронд хэлбэлзэж байна. Энэ тухай сургалтын албаны мэргэжилтэн А.Базарсадаас тодрууллаа. Тэрээр “Манай сургууль энэ жил зургаан бүлэг 25 хөтөлбөрт 40 гаруй мэргэжлээр оюутан элсүүлнэ. Мэргэжлээсээ хамаараад босго оноо 400- 600-гийн хооронд  байна. Эдийн засаг бизнесийн удирдлага хөтөлбөрийн босго оноо 600 бол газар зохион байгуулалт, хүнсний инженерчлэл, механик инженерийн  хөтөлбөрүүд 500 оноотой байхаар тусгасан. Мөн экологи, биологи, химийн технологи, агрономи, мал аж ахуй, мал эмнэлэг зэрэг үлдсэн хөтөлбөрүүдийн босго оноо 400-450 байна. Элсэхийг хүсэгчид  хэдэн ч бүлэгт зэрэг бүртгүүлж болох бөгөөд бүртгэгдсэн бүлгээс аль нэг хөтөлбөрийг сонгож элсэх  эрхтэй” гэсэн юм. Мөн ХААИС нь энэ жилийнхээ элсэлтийг  долдугаар сарын 2-8-ны өдрийг дуустал  elselt.msua.edu.mn - хаягаар болон хичээлийн төв байрандаа бүртгэнэ гэдгээ хэлсэн. Харин  хөдөө орон нутаг дахь  элсэлтийн бүртгэлийг МИДСК-аас томилогдсон салбар комисс зохион байгуулах гэнэ. Түүнчлэн ландшафт архитектурын ангид элсэхийг хүсэгчид ур чадварын шалгалтыг хар зургаар өгч, хоёр  шалгалтын нийлбэр онооны дунджаар жагсаж эрэмблэгдэнэ.  Ирэх сарын  8-ны  өдөр 18.00 цагт хичээлийн байрны 201 тоот өрөөнд ур чадварын шалгалтыг авна гэв. 

 

СУИС УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫГ ГОЛЛОНО

 СУИС ирэх хичээлийн жилд найман сургууль 20 гаруй хөтөлбөрт 40 гаруй мэргэжлээр шинэ оюутнуудаа хүлээж авах гэнэ. Босго оноо нь 400-гаас эхэлж байна.  Элсэлтийн оноог тооцохдоо ерөнхий шалгалтын онооны- 50 хувь, ур чадварын шалгалтын оноог-100 хувийн  нийлбэрээр дүгнэх юм байна. Ингэхдээ мэргэжил бүрээсээ хамаараад ур чадварын шалгалтууд өөр байх гэнэ. Ур чадварынхаа шалгалт өгөх элсэгчдийг энэ сарын 23-нд бүртгэсэн бол элсэлтийн шалгалтын оноогоор элсэх хөтөлбөрийнхөө  бүртгэлийг долдугаар сарын 8-нд 12:00 цаг хүртэл бүртгэх юм байна.  Ур чадвар голлох  элсэлтийн шалгалтыг  ирэх сарын  6,7,8-ны өдрүүдэд тусгай хуваарийн дагуу зохион байгуулна. Энэ талаар  СУИС-ийн www.suis.edu.mn/elselt болон www.msuac.edu.mn цахим хуудсаар болон төв байрныхаа мэдээллийн самбарт мэдээлнэ гэж байна.  

 

ШУТИС-ИЙН БОСГО ОНОО 400-560 БАЙНА

ШУТИС саяхан  бүтцийн өөрчлөлт хийж, бүрэлдэхүүн сургуулийнхаа тоог цөөлсөн.  Ирэх хичээлийн жилд тус сургууль 140 гаруй мэргэжлээр  элсэлт авна. Харин хэмжээст онооны хувьд мэргэжлээсээ хамаараад өөр өөр байх нь. Жишээ нь, “Нийгмийн ажилтан”-ны  ангид нийгмийн тухай мэдлэгээр 560 оноо авах ёстой бол  “Компьютер техникийн сургууль”-д элсэгчид  математикийн оноо 500 байвал зохих юм байна.Улаанбаатар хотоос элсэх элсэгчдийг  өнөөдрөөс ШУТИС-ийн Элсэгчийн бүртгэлийн вэб хаяг  www.elselt.edu.mn,  www.must.edu.mn хаягаар бүртгэх гэнэ.Бүртгэл нь  долдугаар сарын 5-ныг хүртэл  үргэлжлэх аж. Ур чадварын шалгалт өгөх шаардлагатай элсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур чадварын шалгалт өгөх юм байна. Уг шалгалтын товыг тус сургуулийн Элсэлтийн комисс тусгайлан зарлах нь.  Хэрэв тус сургуулийн элсэлтийн болзолыг хангасан элсэгч, өөрийнхөө авсан нийт онооны дарааллаар хуваарь сонгож, ШУТИС-д суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авна. Хэрэв тухайн жагсаалтанд багтсан элсэхийг хүсэгч дурьдсан хугацаанд хуваарь сонгоогүй бол жагсаалтын дараагийн хүнээр хуваарь сонгуулна гэж байсан. Мөн   2014 оны улсын олимпиад болон техник-технологийн улсын олимпиадад 1-3 дугаар байр  эзэлсэн  бол, мөн  олимпиадад оролцсон чиглэлээрээ ШУТИС-д элсэн суралцахыг хүсвэл тухайн хөтөлбөрөөр шууд элсүүлэн суралцуулна гэж байсан. Харин ингэхдээ техник, технологийн улсын олимпиадын хувьд  2013 оны амжилтыг харгалзан үзнэ гэж байна. ШУТИС-д суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан элсэгчид  ирэх наймдугаар сарын  14-24-ний өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгүүлэн хичээл сонголт хийнэ.  2014-2015 оны хичээлийн жил  наймдугаар  сарын 25-нд эхлэнэ. 

 

СЭЗДС 800 ОНОО  АВСАН ЭЛСЭГЧДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ХӨНГӨЛНӨ

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн босго оноо бусад сургуультай харьцуулахад хамгийн өндөр нь байна. Тус сургуулийн хэмжээст оноог энэ жил хичээл тус бүр 620 байхаар журамлажээ. Хэрэв  2013-2014 онд  элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бол  аль илүү оноогоор нь бүртгүүлж болно.  Харин урьд өмнө нь  дээд  боловсрол эзэмшсэн  бол энэ  журамд хамааруулахгүйгээр бямба гаригийн эчнээ болон  оройн хөтөлбөрт бүртгэж, элсүүлэх гэнэ. Тус сургуулийн элсэлтийн комиссынхон дээрх шалгуурыг хангасан элсэгчдээ  долдугаар сарын 2-ныг хүртэл цахим хэлбэрээр бүртгэх юм байна.  Ингэхдээ  онооны жагсаалтыг дараах хоёр группээр аймаг хот харгалзахгүйгээр бүртгэх гэнэ. Харин шалгаруулалтыг хийхдээ  групп-1-д зааснаар  Математик   ба англи хэлний ерөнхий шалгалтын нийлбэрээр  “Банкны менежмент”,” Бизнесийн менежмент”, “Эдийн засаг”, “Мэдээллийн  системийн менежмент”, “Маркетингийн менежмент”, “Нягтлан бодох  бүртгэл”, “Санхүүгийн менежмент”, “бизнесийн эрх зүй” гэсэн долоон мэргэжлээр элсэлт авах юм байна. Харин групп-2 нь Математик, нийгмийн  тухай мэдлэгийн шалгалтын нийлбэр оноогоор  бизнесийн эрх зүйн мэргэжлээр  элсүүлэх  гэнэ.  Бүртгэлийн хураамж нь  нэг  группэд бүртгүүлэхэд 10 мянган төгрөг бөгөөд  тооцоог нь  зөвхөн   цахим хэлбэрээр хийнэ. Энэ хичээлийн жилд улсын математикийн олимпиадад медальт болон тусгай байр эзэлсэн бол сонирхсон мэргэжлээр нь  элсүүлнэ. Мөн  улсын мэдээлэл зүйн олимпиадад медальт болон тусгай байр эзэлсэн бол мэдээллийн системийн менежмент мэргэжлээр,  СЭЗДС-ийн 90 жилийн ойн нэрэмжит Матетматик  ба англи хэлний олимпиадад  нийлбэр дүнгээр I-III байрт шалгарсан бол сонирхсон мэргэжлээр нь  элсүүлнэ. 2014 онд СЭЗДС-ийн элсэлтэнд тооцох  хичээл тус бүрт 800 оноо  авсан элсэгчид 2014-2015 оны хичээлийн жилийн  нэгдүгээр  хагасын сургалтын төлбөрт  50 хувийн хөнгөлөлт  үзүүлнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

О.АНХЖИН, А.БАВУУХАНД
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ????? 2015-04-02 07:53:37
    анагаахын босго оноо нээрээ 450 болсон юм бхдаа? эсвэл би буруу ойлгочихсон уу? хариу
    103.26.195.25
    Мэдэгдсэн Хариулах
    • 600 2016-06-18 13:52:32
      АШИУС- босго оноо 600
      122.201.22.167
      Мэдэгдсэн Хариулах
  • лхагвадулам 2015-03-26 14:51:22
    ЕШ өнөх эрхээ авах 400 онооны шалгалт хэдэн онооноос 400г авч чадвал тэнцхийн
    112.72.11.101
    Мэдэгдсэн Хариулах