Улаанбурханы вакциндаа идэвхтэй хамрагдаарай
Монгол Улс саяхан л улаанбурхан өвчнийг халсан орон гэдгээ зарлаж, дэлхийд гайхуулж байв. Гэвч “Магтсан хүүхэн хуримандаа унгана” гэгчийн үлгэрээр ердөө ганц хоёрхон жилийн дараа өнөөх улаанбурхан өвчиндөө дарлуулж эхэлсэн. Өнөөдөр бүр тартагтаа тулах дээрээ оччихлоо. Зөвхөн энэ оны эхний хэдхэн сарын байдлаар хичнээн нялх балчир үрс улаанбурхан өвчний улмаас амь насаа алдсаныг салбар яамнаас мэдээлсэн.
 
Зөвхөн бага балчир хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид ч улаанбурханаар өвчилж байгаа. Мэдэхгүй удаж, гам алдчихвал цусандаа хүртэл нян нь ороод, амиа алдах хэмжээнд тулж байна. Ийм л аюул биднийг дагаж байна шүү дээ. Ядаж байхад улаанбурхан агаар дуслын замаар халддаг.
 
Энэ өвчнийг хэн ч тусч болно. Харин засаг төрөөс яаралтай биш юм гэхэд хурдан хугацаанд арга хэмжээ авч, Улаанбурханы эсрэг вакцин авч ирлээ. Хувь, хувьсгалгүй хөдөлж, эмнэлэгт хэрэгтэй аппарат, хэрэгслийг нь авч өглөө. Одоо нэг үеэ бодвол улаанбурхан өвчний дэгдэлт арай л буурч байх шиг байна. Улаанбурханы вакцинжуулалт ч эхэлчихлээ. Харин одоо 18-30 насны залуучууд вакциндаа идэвхтэй хамрагдчихмаар байгаа юм. Мэдээж олны танил хүмүүс, хариуцлагатай ухамсартай залуучууд бусдыгаа уриалаад л байгаа. Вакцинд хамрагдалт ч гэсэн тийм ч муугүй байна билээ.
 
Гэхдээ дахиад уриалахад буруудах зүйл алга. Ээ дээ залуучууд минь, хээгүй хэнэггүй зангаа энэ хэдэн өдөр таягдаж хаяад, 25-наас өмнө вакциндаа хамрагдчих хэрэгтэй шүү. Нэгдүгээрт, өөрийнхөө эрүүл мэнд, амь насыг хайрлах хэрэгтэй. Улаанбурхан туссан хүмүүс өвчтэй гэдгээ мэдэхгүй, хүндрүүлж байгаа тохиолдол маш их байна. Бүр цус нь бохирдоод, хэд хэдэн удаа шүүлгэж байж арай гэж сайжирч байгаа жишээг ч эмч нар хэлж байгаа юм. Хэрвээ цусаа шүүлгэхдээ тулчихвал мөнгө төгрөгөөс эхлээд ямар их хүндрэл гарах билээ. Дээрээс нь томчууд бид өөрсдөө өвчлөөд байвал бяцхан үрсээ яаж хамгаалах билээ. Эргэн тойрны хүмүүстээ ч халдаах аюултай.
 
Тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүдэд бүр халтай байгаа талаар эмч мэргэжилтнүүд хэлээд байгаа юм. Төрөхдөө улаанбурхан өвчтэй гарч байна гэнэ, нярай үрс. Ийм аймаар юм болж, нийгэмд аюулын харанга дэлдэж байгаа учраас залуучууд бид л ухамсартай байх хэрэгтэй. Ядаж л вакциндаа хамрагдчихмаар байгаа юм.
 
Эргэн тойронд чинь вакцинд хамрагдах ёстой ч одоо болтол хэнэггүйтээд явж байгаа хүн байвал шах, шаард. Вакциндаа хамрагдахыг хэлж ярьж, уриал. Одоо бид нэг нэгнийгээ хүртэл шахаж шаардаж байж л үр дунд хүрнэ. Залуучууд хичнээн вакцинд хамрагдаад, үүргээ ухамсарлаа ч гэсэн залхуу хойрго, залхаг нэг хэсэг нь үлдээд, улаанбурхан тусаад байвал энэ ажлын үр дүнгээс хумсалсан хэрэг болно шүү дээ. Дахиад л бяцхан үрсэд, бусад хүмүүст халдаагаад, эмнэлгийн ачаалал нэмээд байвал яах билээ. Тийм болохоор 18-30 насны залуус бүх нийтээрээ, нэг нь үлдэхгүй вакциндаа хамрагдаарай. Ядаж энэ мэт ажилд хариуцлагатай хандаад сурчихъя л даа.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.