Хаврын тариалалтад нийт 13 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас /ТЭДС/ 2016 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг бүрэн хангах зорилгоор тариалан эрхэлдэг 1183 аж ахуйн нэгжид нийт 13 тэрбум төгрөгийн үр, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэгийг олгоод байна. 

Хаврын тариалалтад дутагдах 11972 тонн /дотоод-6292 тонн, импорт-5500 тонн/ үрийн буудайг  ТЭДС-ийн Сэлэнгэ, Хөтөл, Булган, Угтаал, Хархорин салбарын агуулахуудад нөөцөлснөөс өнөөдрийн байдлаар 250 аж ахуйн нэгжид нийт 8.4 тонн үрийг олгоод байна. Дотоодын нөөцөөс гаргаж буй үрийн буудай нэг тонн нь 800 000 төгрөг, импортын буудай нь 815 000 төгрөгөөр борлуулагдаж байгаа бөгөөд тариаланчид нийт үнийн 30 хувийг урьдчилан төлж, үлдсэн 70 хувийг намрын ургацаас төлөх юм. Энэ хаврын тариалалтад зориулан 6292 тонн үрийн буудайг 2015 оны намрын ургацаас нөөцөлсөн. Харин тариалалтад дутагдах 5500 тонн үрийн буудайг  ОХУ-аас импортолсон бөгөөд энэхүү үр нь манай тариаланчдын тариалж сурсан, Монгол оронд нутагшсан Алтайская-530 сортын үрийн буудайн шинэчлэн сайжруулсан сорт буюу “Алтайская жница” сортын үр юм. 

“Алтайская жница” сортын үр нь Алтайская -530 сортоос 5-7 цн-ээс илүү ургацыг өгөх боломжтой нь ОХУ-ын Алтай мужийн ХААЭШХ-гийн судалгаагаар тогтоогдсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын болон Хилийн хорио цээрийн шинжилгээний дүгнэлтээр үрийн буудайн бүхий л үзүүлэлтийг хангасан байна.

Тариалалтад шаардагдах дизель түлшийг 50 хувийн урьдчилгаатайгаар га-д 10 литрээр тооцож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас төлөх нөхцөлтэйгөөр НИК болон Магнай трейд ХХК-ны агуулахаас бөөний үнээр болон орон нутгийн шатахуун түгээх станцуудаар жижиглэнгийн үнээр олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар 377 аж ахуйн нэгж, иргэнд  1732 тонн түлшийг олгоод байна. Хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах дизель түлшний импортын онцгой албан татварыг тэглэсэн. Ингэснээр хаврын тариалалтад шаардагдах 6.5 мянган тонн дизель түлшний бөөний болон жижиглэнгийн үнээс 400 төгрөгөөр хасаж тооцож олгож байна.

Түүнчлэн ТЭДС-гаар дамжуулан үр ариутгал, ургамал ургалтын хугацаанд хэрэглэгдэх бодис болон химийн уринш боловсруулалтад олгох ургамал хамгааллын бодисыг найдвартай харилцагчдад 10 хувь бусад харилцагчдад 30 хувийн урьдчилгаа, нийлмэл бордоог 75 хувийн урьдчилгаатайгаар  олгож, хаврын тариалалтад дэмжлэг үзүүлж байна. Нийлмэл бордоо нь Япон улсын Засгийн газрын КР-1 төслийн хуримтлалын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Газар тариалан үйлдвэрлэлийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн. Өнөөдрийн байдлаар 365 аж ахуйн нэгж, иргэнд 7.6 мянган кг нийт 3 тэрбум орчим төгрөгийн бордоог улаанбуудай тариалах иргэн, аж ахуйн нэгжүүд 75 хувийн урьдчилгаатайгаар үлдэгдэл 25 хувийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгөөр олгоод байна.









 

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.