Иргэдийн гар утсаар дамжуулан нийтийн тээврийг хөгжүүлэх судалгааг явуулж байна
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр  “BRT төсөл”-ийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд нийслэлийн иргэдийн зорчилтын тоог бодитоор гаргаж, 2017 онд үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобусны маршрутыг оновчтой төлөвлөх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр анх удаа Улаанбаатар хотын  иргэдийн дунд зорчилтын судалгааг явуулахаар боллоо.  Энэ тухай мэдээлэл өгөхөөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны багаас  өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд иргэдийн гар утсаар дамжуулан зорчилтын судлагаа явуулж байгааг хэлээд, энэ судалгаа нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, аюулгүй байдлыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх, тусгай замын автобусны үйлчилгээг оновчтой төлөвлөх, хөрөнгө оруулалтыг аль төсөлд, хэрхэн зарцуулах талаар шийдвэр гаргахад  бодит дэмжлэг болно гэдгийг онцоллоо.

Судалгааг иргэдэд аль болох хүндрэлгүй, хурдан, шуурхай, бодитой явуулах зорилгоор иргэдийн гар утсаар дамжуулан авахаар төлөвлөөд байгаа юм байна.  Ингэхдээ оршин суудаг байрлалаас хамааруулан цахим оноолтоор судалгаанд оролцогчдыг сонгох бөгөөд ойролцгоор 8 000 гаруй иргэнийг хамруулахыг зорьж байгаагаа хэллээ. Энэ нь Улаанбаатар хотын нийт хүн амын 0,5 хувийг учраас судалгааны дүн илүү бодитой гарна гэж зохион байгуулагчид үзжээ. Иргэдийн судалгааны бүх мэдээлэл өндөр нууцлалын зэрэглэлтэй байна гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.  Энэхүү судалгааг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлэн 5 дугаар сарын 21-ний өдрийн 09:00-21:00 цагийн хороонд явуулах бөгөөд судалгаанд оролцогчдын цаг завыг хүндэтгэн үзэж Азийн хөгжлийн банкнаас бага хэмжээний нэгж бэлэглэх юм байна. Тиймээс энэ тухай мэдээллийг олон нийтэд үнэн зөвөөр мэдээлж, хамтран ажиллахыг төслийн багийнхан хүсэж байлаа. Мөн нийслэлийн иргэдийг Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, нийтийн тээврийн хөгжлийн төлөө судалгаанд идэвхтэй оролцохыг уриаллаа. 

Хэрэв таны гар утас руу хотын нийтийн тээврийн хөгжлийн талаарх судалгаанд оролцохыг хүссэн зурвас ирвэл та зааврын дагуу хариу бичин судалгаанд оролцох боломжтой юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.