Тээврийн хэрэгслийн албан татвар төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр авах хуулийн хугацаа энэ сарын 31-нд дуусах юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн татварын газраас тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй жолооч нарыг ирэх сарын 1-ээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Энэ талаар НТГ-ын Тээврийн татвap хураалтын хэлтсийн дарга М.Шижирбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Энэ сард Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хурааж авах хуулийн хугацаа дуусна. Хэрвээ энэ сард багтаж татвараа төлөөгүй бол тодорхой арга хэмжээ авна гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Энэ оны нэгдүгээр сарын 13-нд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай А33 дугаар захирамж гарсан байдаг.
 
Уг захирамжийн хоёрдугаарт Нийслэлийн төсвийг бүрдүүлэх ажлын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулах тухай заасан. Энэ захирамжид заасан хуулийн хугацаа хоёр долоо хоногийн дараа буюу энэ сарын 31-нд дуусч байгаа.

Бид замын цагдаагийн удирдлагын камераар хянаж, гэрийн хаягаар нь торгууль хүргүүлнэ. Нийслэлийн Засаг даргын захирамжид татвар төлөөгүй тээврийн хэрэгсэлд замын цагдаа хяналт тавьж ажиллах үүрэгтэй гэж заасан байдаг. Тэгэхээр замын цагдаа зөрчил гаргасан хүмүүсийг шалгаад татвараа төлөөгүй байвал бичиг баримтыг нь шууд хураана

 
Энэ хугацаанд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрөө төлөөгүй аж ахуй нэгж, жолооч /хувь хүн/ байвал татвараа төлөх хэрэгтэй. Зургадугаар сарын 1-нээс эхлэн Хяналтын тооллогын үзлэгийг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг шалгах, тэдгээрийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог уламжлалт ажил эхлэх юм. Тэгэхээр энэ сарын 31-нд татвар болон төлбөрөө өгөөгүй бол ирэх сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
 
-Одоогийн байдлаар хичнээн жолооч татвараа төлөөгүй байна вэ?
 
-Нийслэлийн хэмжээнд 450 мянган тээврийн хэрэгсэл Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй байдаг. Үүнээс 330 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Идэвхтэй 330 мянган тээврийн хэрэгслээс 220 мянга нь албан татвар болон агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөрөө өгсөн. Өөрөөр хэлбэл 30 хувь нь тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй гэсэн үг.
 
Бид энэ жил 25 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх ёстой. Одоогийн байдлаар 14 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна. Эндээс харахад, 60 гаруй хувийн биелэлттэй байна. Үлдсэн 30-40 хувь нь татвараа төлөөгүй учраас төвлөрөл үүсгэж чадаагүй. Авто тээврийн болон өөрөө явагч машины албан татварыг аж ахуй нэгжүүд ч гэсэн төлөх ёстой байдаг. Гэхдээ аж ахуй нэгжүүд нэг жилд дөрөв хувааж төлөх үүрэгтэй.
 
Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүд хагас жилийн албан татвараа төлсөн байх ёстой. Гэвч одоо болтол татвараа өгөөгүй аж ахуй нэгжүүд байна. Жишээлбэл, 100 машинтай аж ахуй нэгж байлаа гэхэд хагас жилд 50 машиныхаа татварыг өгөх ёстой гэсэн үг.
 
-Хичнээн аж ахуй нэгж авто тээврийн албан татвараа төлөөгүй байгаа вэ?
 
-Ер нь аж ахуй нэгжүүдэд нийт 166 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Тэгэхээр аж ахуй нэгжүүд 166 мянган тээврийн хэрэгслийн албан татварыг жилд дөрөв хувааж төлөх үүрэгтэй. Энэ сард багтаж 50 хувиа төлөх ёстой. Хэрвээ төлөхгүй бол зургадугаар сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

-Автобус компаниуд авто тээврийн албан татварын 50 хувиа төлөөгүй гэсэн үг үү?

-Уг нь 50 хувиа төлсөн байх ёстой. Гэвч зарим аж ахуй нэгжүүд төлөөгүй. Ер нь автобус компаниуд албан татвараа сайн төлдөг. Харин нүүрс, тээвэр зууч, цемент тээвэрлэлт гэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто машин ашигласны төлбөрөө төлж дуусгах шаардлагатай.
 
-Аж ахуй нэгж энэ сарын 31 гэхэд татварынхаа 50 хувийг төлөх ёстой гэж ойлгож болох уу?
 
-Тийм. Энэ сарын 31-ны дотор татварынхаа 50 хувийг төлж дуусгах хэрэгтэй. Учир нь хуулиараа аж ахуй нэгжүүд татвараа жилд дөрөв хувааж төлөх ёстой байдаг. Үүний дагуу татварынхаа 50 хувийг төлөх юм. Харин иргэн хүн заавал 100 хувь төлөх ёстой.
 
-Ирэх сарын 1-нээс татвар төлөөгүй машинуудад хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн. Хэрхэн хяналт тавьж ажиллах вэ. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Татвар төлөөгүй жолооч нарыг шалгаж, бичиг баримтыг нь хураах арга хэмжээ авч ажиллах юм. Бид замын цагдаагийн удирдлагын камераар хянаж, гэрийн хаягаар нь торгууль хүргүүлнэ. Нийслэлийн Засаг даргын захирамжид татвар төлөөгүй тээврийн хэрэгсэлд замын цагдаа хяналт тавьж ажиллах үүрэгтэй гэж заасан байдаг. Тэгэхээр замын цагдаа зөрчил гаргасан хүмүүсийг шалгаад татвараа төлөөгүй байвал бичиг баримтыг нь шууд хураана. Энэ мэтчилэн замын цагдаагийн газартай хамтарч ажиллана.
 
-Татвараас зайлсхийж байгаад баригдаад бичиг баримтаа хураалгасан бол хаана хандаж авах вэ?
 
-Дүнжингаравт бүх дүүргийн татварын байцаагчдыг суулгана. Хураалгасан бичиг баримтыг Дүнжингаравт төвлөрүүлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байддаас хамаарч өөрчлөгдөж болзошгүй.
 
-Татвар хураах цэгүүдийг нэмсэн гэсэн. Татварын цэгүүдийн байршлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Иргэдэд татвар төлөхөд хүлээгдэл, чирэгдэл учруулахгүйн тулд 22 цэгт автомашины албан татварыг хурааж байгаа. Мөн байцаагчдынхаа тоогч нэмсэн. Жишээлбэл, дүүргүүдийн татварын хэлтсүүд, Баянзүрх дүүргийн оношлогоо, Драгон салбар, Дүнжингарав, Мишээл экспо салбар, Цэлмэг тэнгэр хотхон, Сүхбаатар дуүрэг оношлогоо, Монгол хьюндай зэрэг 22 цэгт татвар хурааж байгаа. зарим цэгүүд нь амралтын өдрүүдэд ч гэсэн ажиллаж байна. Тэгэхээр иргэд татвар төлөхөд хүлээгдэл үүснэ гэсэн асуудал байхгүй.

Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.