Эдийн засгийн эерэг, сөрөг мэдээ
Амтай бүхэн улс төр ярьсан энэ үед улсын маань авдар мөнгөтэй эсэх, эдийн засагт эерэг дохио дуугарч байна уу, үгүй юу гэдэгт хэн ч анхаарал хандуулахгүй байгаа. Тойрогт хэн очих бол, ямар луйвар хийх бол гэдэгт хамаг анхаарлаа хандуулж орхисон улстөрчдөд сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэх үү, эсвэл сэхээнээс гарах уу гэдэг нь сонин биш. Тэд иргэдийн сэтгэлзүйгээр наадсан шоу төдий аргацаасан олон ч шийдвэр гаргаж байгаа билээ. Улсынхаа төсвийг тооцож үзэлгүйгээр зөвхөн маргаашийн сонгуульд сайн дүн авах гэсэн хэлбэр төдий болдогыг шүүмжлээд байвал цаг ч хүрэхгүй цаас ч багадах биз. Тэгвэл хөрөнгө оруулалт нь хасахаас хэтрэхээ больчихсон, аргацаасан шийдвэрээр өдөр хоногийг өнгөрөөж буй Монгол Улсын эдийн засагт эерэг мэдээ байгаа эсэх, мөн сөрөг мэдээлэл юу байна вэ гэдгийг энэхүү нийтлэлээр тоймлохыг хүслээ.
 
Монгол эргээд моодонд орлоо
 

Одоогоос нэг жилийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улстөрчдийн ар хударгаар Дубайд очиж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэрээг үзэглэсэн. Дуулиан шуугиантайхан үзэглэж, хууль бус гэрээнд гарын үсэг зурсан хэмээн баахан байцаагдсан энэхүү гэрээ одоогоос 10 орчим хоногийн өмнө албан ёсоор гараанаас гарснаар Монголын эдийн засагт эерэг мессеж илгээлээ. 5.3 тэрбумын хөрөнгө оруулалт зарцуулагдах уг том төслийн эдийн засагт үзүүлэх эерэг дохиог олон янзаар тайлбарлаж буй.
 
Нэн тэргүүнд уг том ордыг дагаж уналтад ороод байсан уул уурхайн хөрөнгө оруулалт сэргэх учиртай. Гадны том компаниудын өмнө тавьчихаад байсан хавхыг арилгаснаар гадны хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэх нь. Мөн энэхүү том төслийг баталсан өдөр тус компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн биржид огцом өссөн нь Монгол эргээд моодонд орж байгааг харуулсан хэрэг боллоо. Ажлын байр нэмэгдэж, гүний уурхайн үйлдвэрлэлийг дагаад дотоодын жижиг үйлдвэрүүд эргээд хөл дээрээ босно.
 
Энэхүү том ордын гүний уурхайн ажил эхэлснээр ойрын үед эдийн засагт нэг тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ гэсэн хүлээлт бий болоод байгаа юм. Тэгвэл тэрбум ам.доллар эдийн засагт цус сэлбэлт болох төдийгүй валютын нийлүүлэлтэд эерэгээр нөлөөлнө гэдгийг эдийн засагчид онцолжээ.
 
Тодруулбал, Төв банкны Ерөнхий эдийн засагч бөгөөд Судалгаа статистикийн газрын захирал С.Болд уг ордын талаар “Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх нь төлбөрийн нийт тэнцэлд, эдийн засгийн гадаад тэнцвэртэй байдалд эергээр нөлөөлнө. Валютын нийлүүлэлт нэмэгдэнэ. Энэ утгаараа ханш тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ гаднаас валют орж ирэхийн хэрээр валютын ханш буурч, төгрөгийн ханш чангардаг гэж автоматаар ойлгож болохгүй” хэмээн ярьжээ.
 
Монгол Улс Японы зах зээлд хөл тавив
 
Монгол Улсын эдийн засагт эерэг мэдээ дуулгаж, дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах боддогыг шат дараатай хэрэгжүүлж буй ганц салбар бол аж үйлдвэрийн салбар. Тодруулбал, энэ сарын 1-нээс эхлэн дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах Засгийн газрын 185 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр дотооддоо үйлдвэрлэдэг ч гадны импортын бараанд зах зээлээ булаалгаж байсан 100 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалж, ижил төрлийн импортын барааны татварыг 5-20 хувиар нэмэгдүүлэв. Тогтоол хэрэгжиж эхэлснээр жилд 280 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоох билээ.
 
Мөн ойрын үед дуулдаж буй нэг сайхан мэдээ бол Япон улстай хийсэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бодит ажил хэрэг болж эхэлсэн явдал. Ирэх сарын 7-ноос хэрэгжих уг хэлэлцээрийн үр дүнд бид Япон улс руу 5700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй болон хөнгөлөлттэй үнээр гаргах боломж бүрдэх нь. Тэр дундаа Монголын эдийн засгийг солонгоруулах учиртай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн буюу сүү сүүн, мах махан бүтээгдэхүүнийг гаргах боломж бүрджээ. Монгол Улс Малын эрүүл мэндийн хууль, энэ оны хоёрдугаар сард баталсан “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-өө хэрэгжүүлж эхэлсэн тохиолдолд түүхий мах экспортод гаргах боломжийг ч мөн бүрдүүлж, гаалийн татварыг үе шаттай бууруулах чиглэл өгчээ.
 
Өмнө нь Монгол Улс Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн, зэс зэсэн бүтээгдэхүүнийг 8-11 ам.долларын татвар төлж гаргаж байсан бол ирэх сараас эхлэн ноолууран бүтээгдэхүүн ямар ч татваргүйгээр гарч, ноолууран эдлэл үйлдвэрлэгчид хөл дээрээ бат зогсох нь. Мөн Япон улс 9300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад гаалийн татваргүй болон хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх юм. Тэр дундаа япон машины татварыг тэглэх тухай асуудал яригдаж байна.
 
Бодлогын хүүг 1.5 хувиар бууруулав
 
Бүтэн жилийн турш 13-д хадгалж, улмаар он гарсны дараахан 12 хувь буюу нэг нэгжээр буураад байсан Мөнгөний боддогын хүү 1.5 нэгжээр буурсан нь өнгөрөгч өдрүүдийн нэг сайхан мэдээ байв. Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл  энэхүү шийдвэрийг гаргахдаа инфляци зорилтот төвшнөөс доогуур буюу оны туршид нам тогтвортой байгаа нь бууруулах шалтгаан болсон гэж үзжээ. Мөн сүүлийн жил хагаст гадаад худалдааны тэнцэл дээр эерэг өөрчлөлтүүд гарсан. Худалдааны тэнцэл дээр гарсан эерэг өөрчлөлт эдийн засагт цаашид хадгалагдах нь гэж үзсэн учраас бодлогын хүүг бууруулах шийдвэрт хүрсэн аж.
 
Төв банкны Ерөнхийлөгч бодлогын хүүг бууруулсан шийдвэрээ “Монголын эдийн засгийн гадаад нөлөөлөлтэй, хамааралтай салбаруудын хувьд эерэг байх төлөвтэй байгаа учраас бодлогын хүү 10.5 хувь болж өөрчлөгдлөө. Сүүлийн долоо хоногт гадаадын биржүүд, Монголын биржүүд дээр байгаа хувьцаан дээр олон эерэг өөрчлөлтүүд гарч байна. Ялангуяа хөрөнгө оруулалтын салбарт. Хөрөнгө оруулалтын салбар буюу уул уурхайн бус салбарууд дээр хөрөнгө оруулалт нь өмнөх оноос нэмэгдсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд бид эерэг хүлээлттэй байгаа” гэв.
 
Иргэдийн худалдан авах чадвар мууджээ
 
Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар манай иргэд ажилгүйдэл, авлигаас болж гутранги үзэлд автаж эхэлжээ. Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь эдийн засгийн нөхдөл байдал маш муу гэсэн хариулт өгсөн аж. Нөгөө талаар энэ бүхний буруутан нь өнөөгийн эрх барьж буй нам гэж үзсэн бөгөөд сонгууль өгөх хүсэлгүй гэдгээ ч хэлсэн байгаа юм. Санамсаргүй аргаар сонгосон 5000 иргэний тал хувь нь мөн ажилгүйдэл нийгэмд ихэссэн гэдгийг хэлжээ.
 
Тэгвэл энэхүү судалгааг батлах тоон мэдээг Бүртгэл статистикийн газраас өгсөн байна. Тодруулбал, манай улсын нийт өрхийн 70 орчим хувь нь 900 мянган төгрөгөөс доош орлоготой гэсэн дүн гарчээ. Сарын орлого нь ингэж буурсан өрх өмнөх сараас 10 хувиар өссөн нь ажилгүйдэл шат шатанд ихэсч, жижиг аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эхэлснийг харуулж буй юм. Баян ядуугийн ялгаа улам ихэсч, 900 мянгаас доош орлоготой өрх дотор бага орлоготой буюу 500-аас доош мянган төгрөгийн орлоготой өрх 30 орчим хувь байгаа нь яах аргагүй сэтгэл эмзэглүүлэх асуудал болж хувирчээ.
 
Улсын болон нийслэлийн төсөв алдагдал хүлээв

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн тойм тайланг гаргаж, үүндээ төсвийн орлого их хэмжээгээр тасарч буйг санууллаа. Тодруулбал, төсвийн зардлаа хянаж, хязгаарлах ёстойг онцгойлон сануулж, төсвийн алдагдал жилийн төлөвлөсөн алдагдлын 2/3 хүрчихээд байгааг сануулсан байна. Төсвийн орлого өнгөрсөн оноос 11 хувиар буурч, эдийн засгийн идэвхжил өнөө хэр сул байгаа учраас гадаадаас авч буй зээл тусламждаа ч анхааралтай хандахыг тус байгууллага сануулжээ. Магад Оюутолгой хөдөлчихсөн учраас одоо бидэнд айх зүйл үгүй хэмээн эрх баригчид “таахалзах” нь тодорхой, тус тайланд дурьдсанаар бол энэхүү том ордын хөрөнгө оруулапт, түүхий эдийн үнийн өсөлт тийм ч сайн бус энэ үед төсвийн алдагдлаа нөхөх хэмжээнд хөрөнгө оруулалт болж чадахгүй хэмээн онцолсон юм. Төсвийн орлого дөрөвдүгээр сард 1.6 их наяд төгрөг болсон бол зарлага 2.3 их наяд болж, 663 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Энэ оны төсвийн төсөлд алдагдал 900 гаруй тэрбум төгрөг байхаар баталсан. Гэтэл ердөө дөрөвдүгээр сар гэхэд үүний 75 орчим хувьд хүрсэн нь сонгуулийн дараа эдийн засаг сэхээнд орох нь гэсэн таагүй мессеж өгөхөд хүрч байна.
 
Мөн ойрын хугацаанд төсөвт тодотгол хийхээс өөр аргагүйд хүрч буй юм. Түүнчлэн, нийслэлийн төсөв орлогоосоо давж, зургаан тэрбум төгрөгөөр тасарсан нь эдийн засагт мөн л муу мэдээ болж дуулдлаа. Нийслэл өнөө жил олон ч том бүтээн байгуулалт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэтэл төсөв нь эхний улиралд тасарчихаад байгаа учраас цаашид ямар эх үүсвэрээс санхүүжилт босгохыг хэлэхэд эрт байна.
 
 
Чанаргүй зээл ихэсч, банкууд зээлээ хумилаа
 
Арилжааны банкуудын хувьд эдийн засагт ойрын үед сайн гэхээс илүүтэй саар мэдээ олныг дуулгаж буй. Засгийн газрын шахалтаар гэх үү, эсвэл сонгууль угтсан шоу гэх үү малчны зээлийн хүүг бууруулах, оюутан сурагчдад зээл олгох, таван хувийн зээлийг санхүүжүулэх зэргээр аргацаасан төдий бодлого явж буй. Гэвч банкны салбарын хэмжээнд чанаргүй зээл ихэсч, өмнөх оныхоос 50 гаруй хувиар нэмэгдсэнийг эдийн засагчид онцолж эхэллээ. Ингэснээр банкууд ч зээлээ хумих бодлогод шилжиж эхэлжээ.
 
Банкны системийн хэмжээнд хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 10 орчим хувьтай тэнцэж эхэлбэл аюултай гэж үздэг. Тэгвэл нийт зээлийн үлдэгдлийн 7.9 хувийг эзлээд байгаа нь банкны системд аюул учруулах хэмжээнд тун дөхөж очсоныг илтгэнэ. Тоон мэдээ дурьдвал, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 917 тэрбум төгрөгт хүрч, жилийн өмнөх үеэс 56 хувиар нэмэгджээ. Түүнчлэн чанаргүй зээл нийт зээлийн 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 42 хувиар өссөн аж. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.2 эзэлж байна.
 
Эдийн засагчдын тооцож буйгаар хоёр их наяд төгрөгийн зээл эрсдэлтэй байдалд орсон бөгөөд 10 хүн тутмын хоёр нь зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрээд байгаа юм. Цаашдаа чанаргүй зээл ихсэх хандлагатай байгаа учраас банкууд эрсдэлээ тооцож зээлээ хумиж, улмаар аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэд банкны зээлд байраа тавьж туухад хүрээд байна.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батэрдэнэ 2016-05-17 05:34:49
    Эхний хагас жилд төсөв дандаа алдагдалтай гардаг юм шүү дээ.
  • Ажил олдохгүй хэцүү бна 2016-05-17 01:29:39
    Ёстой хүн шиг амьдрана гэж бодсон чинь бүр эсрэгээрээ болдог байна шүү. Одоо АНын 1 төлбөртэй бичигч залхуурахгүй бол ажил зөндөө бн гэж хуцна харж л бгаарай.