Д.Лүндээжанцан: Үнэнд гүйцэгдээд ирэхээрээ өвөөгийнхөө нэрийг барих юм
УИХ-ын сонгуулийн тойргийн хуваарилалт ард иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодрууллаа.

-Та Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр тойргийн хуваарилалт Үндсэн хууль зөрчиж байна гэж ярьсан. Үнэхээр тэгж үзэх үндэслэл бий юу?

-Байлгүй яахав. Үндсэн хуульд засгийн эрхийг ард түмэн сонгуулиар дамжуулж барина гэсэн заалт бий. Үүний ард тэгш байдал, шударга ёс гэсэн зарчим бас байдаг. Ер нь Сонгуулийн хууль 1990 оноос хойш байнга л маргааны гал дундуур явж ирсэн. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг гаргахдаа бид "Хараат бус хөндлөнгийн нөлөөнд орохгүй байгаасай" гэж хийсэн. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо тойрог хуваахдаа гаднын нөлөөнд орчихсон байна. Хүн амын тоо ялимгүй зөрүүтэй байхад яахаараа аймгууд нэг нь хоёр, нөгөөх нь гурван мандаттай байдаг юм бэ. Ямаа, тэмээ хоёр шиг зүйл оруулж ирсэн байна шүү дээ. Үнэхээр ичиж байна. Бид яаж хүний нүүр харах юм бэ. Монгол Улс бол Улаанбаатар улс биш. Монгол Улс бол тусгаар тогтносон нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин нутагтай, 21 аймагтай улс. Эцсийн эцэст зарчим л байгаа юм. Бид хуулиа барина. Тэнд хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, дээр нь газар нутгийг нь харгалздаг. "Шударга байцгаая л даа" гэж уриалаад байгаа биз дээ. Ард түмэнд энэ сонгууль нь шударга болох юм байна гэж итгэл төрүүлэхийн тулд шударга хуваарилалт оруулж ирэх ёстой байсан юм.

-Таныхаар бол мандат хуваахдаа ямар зарчим баримтлах ёстой байв?

-Мэдээж тойргийн хуваарилалт дээр гомдол санал зөндөө гарна. Ерөнхий ноён нуруу, зарчмаа барьчихсан байхад болно шүү дээ.  Мандатыг ингэж шударга бус хуваасан  нь иргэдийн итгэлийг улам алдагдуулна. 76 жижиг тойрогт мандат хуваарилахад ярвигтай гэдгийг нь би мэдэж байна. Зовлонг нь ч мэднэ. Хууль зарчмаа бариад нуруутай шийдээсэй гэж бодож байсан. Зарим аймаг сэтгэл дундуур үлддэг. Жишээ нь, Говьсүмбэрийг Дорноговьтой нэгтгээд явдаг. Ийм онцгой тохиолдол байдаг. Үүнийг эс тооцвол засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг харгалзаад өргөн уудам газар нутагтай нэгжүүдийн төлөөлөл байх ёстой. Одоо үнэнд гүйцэгдээд ирэхээрээ л өвөөгийнхөө нэрийг барьдаг болжээ. Өр зээл тавьж, бонд авахдаа өвөөгийн нэрийг бариад байсан. Одоо мандат нэмэхэд хүртэл өвөөгийн нэрийг барих нь байна шүү дээ. Ингэж арай ч болохгүй. Ийм шударга бус, хуулиа баримталдаггүй байдлыг хараад би их гутарч байна.

-АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Чингис хааны өлгий нутаг учраас мандатыг нь гурав болгож нэмлээ" гэсэн тайлбар өгсөн. Энэ үг, үйлдэл нь хуульд нийцэж байгаа юу?

-Хууль мэддэг ч бай, мэддэггүй ч бай хамаагүй. Чингис хааны төрсөн нутгийн мандатын тоо илүү байна гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй. Түүхт хүмүүсийн нэрийг бариад мандатаа нэмүүлнэ гэвэл 21 аймагт бүгдэд нь түүхт хүн байгаа шүү дээ. Жишээ нь, Сүхбаатар аймаг бол их жанжин Д.Сүхбаатарын өлгий нутаг. Энэ утгаар нь авч үзвэл мандатыг нь нэмж болно. Дорнод аймаг өрлөг маршал Х.Чойбалсангийн нутаг. Яагаад мандатыг нь нэмэхгүй байгаа юм бэ. Булган ч ялгаагүй. Хошой чин ван М.Ханддоржийн нутаг. Гэтэл мандатын тоог нь нэмэлгүй нэг хэвээр нь үлдээсэн. Ийм үлгэрийн юм шиг зүйл ярьж өөрсдийн булхай луйврыг нууна гэвэл бүтэхгүй асуудал. Дундговь аймаг гэхэд л Түшээт хан Г.Чагдаржавын нутаг шүү дээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд бас л чухал үүрэгтэй оролцсон хүн. Ингээд яриад байвал аймаг болгон л өөрийн бахархах түүхэн хүнтэй байдаг л байхгүй юу.

-Үндсэндээ энэ удаагийн сонгууль хэдхэн хүний санал болгосон тойргийн хуваарилалтаар явах нь дээ?

-Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хурал дээр ам алдсан. Юу гэж ам алдсан бэ гэхээр энэ удаагийн сонгуулийн тойргийн хуваарилалтыг дөрөвхөн хүн шийдсэн гэж ам алсдан. Тэр дөрөв нь хэн байв гэхээр Н.Батбаяр, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Р.Гончигдорж нар болж байгаа юм. Хуулиараа бол Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хуваарилалтаа оруулж ирээд УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталдаг л юм л даа. Харамсалтай нь эрх баригчдын башир арга хэрээс хэтэрч, ард түмний сонгох, сонгогдох эрхэнд шууд халдлаа. Энэ нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Ингэж ард түмнийг басамжилж, доромжилж болохгүй.

-Таныг Монгол Улсын толгой хуульчдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Харамсалтай нь АН-ынхан өнгөрсөн дөрвөн жил төрийн эрх барихдаа хууль дээдэлсэнгүй юу даа?

-Алхам бүртээ хууль зөрчиж байгаа улс яаж хууль дээдлэх юм бэ. "Та нарын хийж байгаа зүйл чинь хууль зөрчөөд байна аа. Жаахан ч гэсэн хуулиа барьж ажилладаг баймаар байна" гэж зөндөө л хэлсэн. Сүүлдээ Үндсэн хуулийн хямрал руу явж байх шиг байна. Хуулийн хямрал гүнзгийрэхээрээ улс төрийн хямрал болж хувирдаг юм. Бүр сүүлдээ төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах гэж зүтгэцгээж байна шүү дээ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Unen 2016-05-17 00:30:54
    Их Хуралд суучихаад, жоохон ч гэсэн хуулиа бариач гээд хэлээд сууж байдаг.
  • Зочин 2016-05-16 11:55:58
    Чингис хааныг Сүхбаатар Чойбалсан нартай Ханддорж нартай харьцуулж болох уу хэнтийгээс 4 байхад болно шүү
  • Zochin  2016-05-16 10:12:45
    Yostoi unen hellee dee. Manai uls chini uul hugjih yostoi atal uhraad bhiin,,,,luivar bol il tsagaandaa garch bna dooooo
  • алтайн иргэн 2016-05-16 07:08:14
    Говь-алтайд 1 мандат хувиарласан нь шудрага бус байна.18 сумтай, өргөн уудам нутагтай энэ аймагт 1 гишүүн хаанаа ч хүрч үйлчилж чадахгүй.Иргэдээсээ холдож байн...
  • Зочин 2016-05-16 07:02:49
    АН-с 1 ч хүн гарахгүй,Дээр нь Орсууд монголын Улс төрд гадны нөлөө оруулахгүйн төлөө 2 хөрш бүхнийг хийнэ гээд Лавров ирж хэлээд байхад тэнэгтээд байх юм.
  • Батэрдэнэ 2016-05-16 06:11:57
    Олонх байхдаа та нар нийслэлд ялагддаг болохоороо дандаа цөөн мандат хуваарилж ирсэн биз дээ. Одоо нэг их өөгүй энхийн цагаан тагтаа аятай донгосч байх юм.
  • МУ-н иргэн 2016-05-16 05:34:46
    Зөндөө л хэлсэн гээд ард нь үлдээд байж боломгүй санагдах юм.
  • hi 2016-05-16 02:59:57
    2 хар хэрээ хэн нь хэний гээ хэлэх вэ,АН,МАН 2 бүгд хоорондоо худ ургууд биз дээ,
  • Зочин 2016-05-16 02:46:49
    Лүндээжанцан толгой хуульч уу. МАН 1990 оноо хойш ийм л башир аргаар тойрог хуваарилж ирсэн шүү дээ. Говь сшмбэрийг Дорноговьд нэгтгээд, Хэнтийн Буриад сумдыг б...
  • Баяраа 2016-05-16 02:13:14
    Үнэн шүү. АН-ынхан үнэн дээрэмчин сэтгэхүйтэй. Гудамжны хулигаанууд хичнээн өнгө будгаар засавч зэс нь аяндаа цухуйгаад байх юм даа. За, bye bye, АН!