Номын баярт 16 орны хүүхэд багачууд оролцоно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баяр энэ сарын 20-21-нд Чингисийн талбайд болох ажээ. Уг номын баярын талаар “Номын соёлын ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Сувдаас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улс жил бүр уламжлал болгон “номын баяр” хийдэг. Энэ жил “номын баяр” хүрээгээ тэлж, өргөжин олон улсын хэмжээнд зохион байгуулагдах болсон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Сүүлийн 10 жилд номын салбарт нэгэн томоохон дэвшил гарсан нь номын бизнес эрхлэгчид, зохиолч, бүтээгчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр худалдан борлуулах боломжийг олгодог “Номын баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон. Уг баярыг жил бүр уламжлал болгон намрын номын баярыг “Үндэсний номын баяр” хэмээн орон даяар, хаврын номын баярыг “Ulaanbaatar book fair” хэмээн нийслэлд тэмдэглэдэг. Энэ жил 19 дэх удаагаа тэмдэглэж байна. Түүнчлэн уг баярыг Нийслэлийн дэмжлэгтэйгээр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа өргөтгөн олон улсын хэмжээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой. Олон улсын хэмжээнд тэмдэглэж буй нэг шалтгаан нь Монголд оюуны том цугларалт болдог шүү гэдгийг бусад орны хүмүүст ойлгуулах, жуулчдыг татах юм.

-Номын баярыг бусад орнууд их өргөн хүрээнд хийдэг. Хамгийн алдартай номын баяр аль улсад болдог вэ?

-Хамгийн ойрын жишээ дурдахад, Бээжинд том номын баяр болдог. Тус баярт дэлхийн 100 гаруй улсаас хүмүүс хүрэлцэн ирж оролцдог. Мөн Москвагийн номын баярт олон улсаас хүмүүс ирж оролцдог юм. Энэ мэтчилэн бусад орны жуулчдыг татсан, эх орноо сурталчилсан үйл ажиллагаа болдог. Дэлхийн амгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог. Франкфуртын номын баяр 17 дугаар зууны төгсгөл хүртэл Европт хамгийн алдартай баяр байсан. Одоо дэдхийн хагмийн алдартай, өргөн хүрээтэй үзэсгэлэн худалдаанд тооцогдох болсон. Энэхүү үзэсгэлэн худалдаа жил бүрийн аравдугаар сард болдог бөгөөд энэ үеэр ном хэвлэл, хэвлэх үйлдвэрүүд, өөр бусад хэвлэн нийтлэх, нийлүүлэх эрхтэй холбоотой олон төрлийн үйл ажиллагаа зохиогддог. Жишээлбэл, 2013 онд л гэхэд Франкфурт хотын номын баярт 102 орны 7275 байгууллага, 275342 зочид, 9300 сэтгүүлч, 631 уран зохиолын агентлаг болон 170 мянга гаруй номтой холбоотой ажил эрхэлдэг хүмүүс албан ёсоор оролцсон. Тэгэхээр бид жил бүр зохион байгуулдаг номын баярыг энэ хэмжээнд хүргэхийн тулд зорин ажиллаж байна. Энэхүү баярыг олон улсын хэмжээнд зохион байгуулахад Монгол Улс дахь элчин сайдын яамдууд болон Элит олон улсын сургууль, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжиж ажиллаж байгаа. Үүнд сэтгүүлчид ч гэсэн хамтран ажиллаасай гэж хүсч байна.

-Энэ жил олон улсын гэсэн тодотголтой болж байна. Олон улсын номын баярын хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ. Онцгой үйл ажиллагаа болох уу?

-Ер нь номын баярын үеэр болдог үйл ажиллагаанууд болно. Жишээлбэл, уншигчдын хамгийн их хүлээдэг номын хямдралтай худалдаанууд явагдана. Хэвлэлийн газрууд 20-50 хувийн хямдралтай үнээр номоо худалдана. Мөн энэ жилийн нэг онцлог нь номын баярын үеэр олон улсын хэл, соёлын наадам болох юм. Олон орны хүүхэд залуучууд ном, бүтээлээс гадна өөрийн орны хэл, соёлыг сурталчилна. Өөрөөр хэлбэл, тухайн орны алдартай зохиолчид болон зохиол бүтээлтэй эх хэл дээр нь танилцах боломжтой гэсэн үг. Номын баярын үеэр тоглолт болно. Тоглолтод бусад орны хүүхдүүд ирж оролцоно. Энэ үеэр тэдгээр хүүхдүүдтэй зураг авахуулах, номын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж боломжтой. Энэ мэтчилэн олон үйл ажиллагааг бэлдсэн.

-Номын сангийн өдөрлөг болно гэсэн. Ямар үйл ажиллагаа зохион  байгуулах вэ. Номын баярт оролцохоор ирсэн хүмүүс ямар үйлчилгээг авах боломжтой вэ?

-Номын сангийн өдөрлөгийн үеэр номын үзэсгэлэн болно. Уншигчдаас судалгаа мэдээлэл авна. Мөн “Хотын номын сандаа уншигчтай болъё” уриан дор төв номын сангаас ажилчид ирж үнэгүй карт нээж өгнө. Энэхүү баярт номын клубууд оролцож байгаа учраас аль нэг клубын гишүүн болох боломжтой.

-Үнэгүй карт нээлгэхийг хүссэн хүмүүс ямар нэгэн бичиг баримт авч ирэх шаардлагатай юу?

-Номын санд карт нээлгэхэд хэрэг болдог бичиг баримттай ирэхэд болно. Жишээлбэл, иргэний үнэмлэх, ажил хийдэг бол хүчин төгөлдөр ажлын үнэмлэх, оюутан бол оюутны үнэмлэх зэргийг авч ирж бүртгүүлж болно.

-Хэчнээн улсын хүүхэд багачууд ирж оролцох вэ?

-Турк, Япон, Герман, Америк, Их Британи, Франц, Герман, Солонгос, Энэтхэг, Казакстан зэрэг 16 орны хүүхэд залуучууд ирж номын баярт оролцох юм.

 -Хүүхэд багачуудад зориулсан ямар үйл ажиллагаа болох вэ?

-Хүүхдүүдэд зориулсан ном хямдралтай үнээр зарагдахаас гадна номын дүрүүд амилна. Дүрийг амилуулахад мэргэжлийн сургуулийн оюутнууд болон олны танил жүжигчид оролцох юм. Тэгэхээр энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсынхаа оюуны соёлыг гадаадын зочид төлөөлөгчдөд таниулах, сурталчилах нэг хэлбэр болж байна гэсэн үг.

-Гадаадын зохиолчид ирэх үү?

-Энэ жил ирэхгүй. Дараа жил зохион байгуулахдаа гадаадын зохиолчдыг урьж оролцуулах төлөвлөгөөтэй байгаа. Жишээлбэл, бэстселлэр болж байгаа номын зохиолчид эсвэл бидний сайн мэддэг зохиолчдоос урина. Энэ жил бусад улсуудад Монголд номын баяр тэмдэглэдэг гэдгийг ойлгуулах таниулах үүднээс хүүхэд залуучуудыг оролцуулж байгаа. Олон улсад танигдаад ирэхээр үйл ажиллагаагаа улам өргөтгөн гадаадын алдартай зохиолчдыг урьж оролцуулна.

-Номын баярын үеэр зохиолчидтой уулзах боломж олддог. Энэ жил ямар зохиолчид ирэх вэ?

-Энэ номын баярт 60 гаруй ахмад зохиолчид ирнэ. Жишээлбэл, Д.Нямаа, Бадарч, Аким, Дулмаа, Сүрэнжав, Цоодол зэрэг ахмад үеийн зохиолчид хүндэт зочноор оролцоно.

-Номын дэлгүүрүүдэд зарагдаж буй сүүлийн үеийн номууд хямдарч байгаа юу?

-Тийм. Сүүлийн үед гарсан бэстселлер номууд хямдарна. Энэ үйл ажиллагаанд нийт 75 гаруй байгууллага оролцох юм.

-Үйл ажиллагаа хэдэн цагт эхлэх вэ?

-Энэ сарын 20-нд өглөө 10:00 цагаас орой 19:00 цаг хүртэл Чингисийн талбайд болно. үйл ажиллагаа хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.