Эмгэнэл

/1946-2016/

Бидний хайрт аав Дүгэрийн Дашзэгвэ 2016 оны тавдугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Хайрт аав Дүгэрийн Дашзэгвэ нь ажилч, хичээнгүй, хөдөлмөрч, шударга, энэрэнгүй нэгэн байлаа.

Дүгэрийн Дашзэгвэ нь 1946 оны тавдугаар сарын 3-нд Говь-Алтай аймгийн Тайшир сумын VII багийн малчин ард Дүгэрийн удаах хүү болон мэндэлжээ. Тэрбээр 1954 онд Говь-Алтай аймгийн төвийн арван жилийн дунд сургуульд элсэн орж 1964 онд төгсчээ. Улмаар 1964 онд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн дээд сургуулийн зоотехникийн ангид элсэн орж 1969 онд төгссөн байна. Дээд сургуулиа төгссөний дараагаар төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Тайшир суманд ерөнхий зоотехникчээр ажлынхаа гарааг эхлүүлжээ.

Төрөлх нутагтаа зоотехникчээр ажиллаж байх хугацаандаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүүтэй хамтран малын үйлдвэр угсааг сайжруулах, гахай, тахианы аж ахуйг шинээр бий болгон хөгжүүлээд зогсохгүй баруун таван аймгийн мал үржил, үйлдвэр угсааг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байсан нь түүний ажилч, хөдөлмөр, хичээнгүй зан төрхийн илэрхийлэл байлаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн "60 жил" хоршооллын ерөнхий зоотехникчээс дарга хүртэлх албан тушаалыг хашиж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Өндөр насны тэтгэвэрт гарсны дараагаар "Тайшир өргөө" ХХК-д, "Соёмбо принтинг" ХХК-д, "Тайшир өргөө" фермерийн зөвлөхөөр тус тус ажиллаж байлаа.

Бидний хайрт аав Дүгэрийн Дашзэгвэ нь 1973 онд тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-д гишүүнээр элсэн оржээ. Улмаар МАХН-ын XXII их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан төр нийгмийн зүтгэлтэн байлаа. Мөнхүү Говь-Алтай аймгийн "60 жил" хоршооллын намын үүрийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллажээ.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Нэгдлийн холбооны дээд тэргүүн, ойн маделиуд болон салбарын тэргүүнээр хэд хэдэн удаа шагнаж байлаа.

Бидний хайрт аав Дүгэрийн Дашзэгвийн ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, шударга зарчимч зан чанар үеийн үед дурсагдсаар байх болно.

Бурхны гэгээн орондоо амгалан нойрсох болтугай.

Эргээд бидэндээ үр минь болж заяагаарай.

 

УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, АНД НАЙЗ НАРААС НЬ

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine