Урсгал засварын ажлын явц 57 хувьтай байна

Цаг агаар дулаарсантай холбоотойгоор нийслэлд инженерийн байгууламжуудын засварын ажил ид явагдаж байна. Засварын ажлаас шалтгаалсан эрчим хүч түр хязгаарлах тухай мэдээллийг иргэдэд хүргэх ажил ч өмнөхөөсөө нээлттэй, шуурхай болжээ. Гэхдээ жил бүр засвар хийнэ гээд цахилгаан таслаад байгаад бухимдах иргэд цөөнгүй байдаг. Цахилгаан эрчим хүчгүйгээр хэдэн цаг байтугай хэдхэн минут тэвчихэд хэцүү болсон өнөө үед арга ч үгүй биз. Тиймээс нийслэлд хийгдэж байгаа засварын ажлын талаар мэдээлэл авахаар УБЦТС ТӨХК-ийн Техник шуурхай зохицуулалтын албаны дарга С.Баярсайхантай уулзаж тодрууллаа.

-Энэ жил хийгдэж байгаа засварын ажил хэзээг хүртэл үргэлжлэх юм бол. Хэдий хэмжээний төсөв зарцуулах вэ?

-УБЦТС ТӨХК нь нийслэл болон Төв аймгийн 16 сумын хүрээнд ажил үйлчилгээ эрхэлдэг. Бид хэрэглэгчдийнхээ цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор жил бүр нийтийн эзэмшлийн бүх шугам, тоноглолд урсгал засвар үйлчилгээг төлөвлөсөн хуваарийн дагуу хийдэг. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс эхэлсэн урсгал засвар өнөөдөр 57 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Нийт 2.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ жилийн хувьд АСЕМ болохтой холбоотойгоор урсгал засварын ажлыг нэлээн шахуу хуваарийн дагуу хийж дуусгахаар ажиллаж байна. Бусад их засвар, хөрөнгө оруулалтаар хийгдэх өргөтгөл шинэчлэлийн ажлууд АСЕМ-ын дараа буюу 8-11 сар хүртэл үргэлжилнэ.

-Урсгал засвараар яг ямар ажлууд хийгддэг юм бэ?

-Урсгал засвараар шугам тоноглолуудад чангалгаа хийх, олон залгаатай шугамын утсыг шинэчлэх, шатсан, хагарсан гал хамгаалагч, хөндийрүүлэгчүүдийг шинээр солих,  анхааруулах хаяг, бичлэгийг сэргээх, шороо тоосыг нь арчиж цэвэрлэх гэх мэт ажлууд хийгддэг. Бусад томоохон ажлуудыг их засвар, улс, нийслэлийн хөрөнгө оруулалттай өргөтгөл шинэчлэлээр хийдэг.

-Жил бүр цахилгаан тасалж засвар хийгээд байгаа нь иргэдэд таатай байдаггүй. Хүмүүст хүндрэл үүсгэхгүйгээр хийх өөр арга бий юу?

-Цахилгаан эрчим хүчийг дамжуулж байгаа шугам тоноглолууд бол тасралтгүй ажиллаж байдаг машин техник юм шүү дээ. Эдгээрийн ашиглалтын найдвартай байдлыг хангахад чиглэсэн ажил бол бид өөрсдийн машин тэргээ оношлогоонд оруулдаг, үзлэгт хамруулдаг, болохгүй байгааг нь засаж сэлбэдэгтэй яг адилхан заавал хийх ёстой зүйл юм. Засварыг хийхдээ тухайн шугам тоноглолыг хүчдэлээс бүрэн салгаж байж ажил явагдах нөхцөл бүрддэг. Гэхдээ бид засварын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэж дуусгах, хэрэглэгчдийн хэрэглээг аль болох хурдан сэргээж ажиллахад онцгой анхаарч байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.