Хэзээ ч хэрэгждэггүй хууль, тогтоомж олон байна
Манайд нэр төдий хэрэгждэггүй  маш олон хууль, тогтоомж, Засаг дарга нарын захирамж, шийдвэрүүд байна. Чухам эдгээрийг биелүүлэхгүй байгаа учраас л нийгмийн амьдрал өдрөөс өдөрт дордож, гэмт хэрэг, ядуурал ихсэж байгаа болов уу. Гэвч манайд хуулийг баталчихаад хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлж өгдөггүй нь эргээд хуулийн хэрэгжилтийг нойл заалгаж байгааг хаа хаанаа ярьсаар өнөөдрийг хүрлээ. Ингээд батлагдан гарахдаа олон хүний анхаарлыг татаж байсан зарим хууль тогтоомжийн талаар танилцуулж байна. 

Гурван жил болсон тамхины хуулийн хэрэгжилт 0 хувьтай байна

Тамхины хууль хэрэгжээд өнөөдөр ямар түвшиндээ явж байгааг анхаарах цаг болсон юм шиг ээ. Учир нь хуулийн хэрэгжилт эхэн үедээ сайн байсан ч өдгөө тамхи худалдаалах, ширхэглэх асуудал хуулиас гадуур түгээмэл болоод байгааг иргэд хэлж байна.Тэд “ямар ч үр дүн байхгүй. Хаа сайгүй л тамхи татаж байна. Дэлгүүр, байгууллага, ер нь бол хаа сайгүй л байгаа. Тамхи ч гудамжинд ширхгээр зарагдаж байна. хууль дөнгөж батлагдаад нэг хэсэг гайгүй байсан. Одоо хотын төвөөрөө бага зэрэг бусад газруудаар бол татаж байгаа” гэлээ.
 
2013 онд батлагдсан тамхины тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш олон нийтийн газар байгууллага, бие засах газрууд тамхины утаанаас салж чадсан нь сайшаалтай. Харин сургууль, цэцэрлэгийн ойр орчмын талбай, автобусны зогсоол зэргүүдэд тамхи татахыг хориглох заалт хэрэгжихгүй байгааг иргэд хэллээ.Мөн тамхи ширхэглэн зарах сургуулийн ойр орчмын 500 метрийн дотор тамхи худалдаалахыг хориглосон заалт хэрэгжихгүй байгаа юм. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг олон улсад төрөөс баримтлах хуулиар зохицуулдаг гэнэ. Гэтэл энэ онд засгийн газраас тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх биш харин ч бууруулсан нь хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс онцоллоо. Өөрөөр хэлбэл, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлээд өгвөл тамхины үнэ нэмэгдэнэ. Тэгвэл тамхи татах хүний тоо багасна гэсэн байдлаар төрөөс бодлого баримтлах хэрэгтэй гэж үзсэн юм.
 
21-ээс доош насныханд архи худалдахгүй гэх хуулийн заалт ёс төдий байна
 
Судалгааны байгууллагаас гаргасан нэгэн судалгаагаар Монголчууд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтайг нотолсон байна. Ямар тохиолдолд архи согтууруулах ундааг их хэмжээгээр уудаг эсэхийг судалгаанд оролцогчдоос тодруулахад давхардсан тоогоор дийлэнх нь буюу 91.3 хувь нь тэмдэглэлт өдрөөр, 86.8 хувь нь найзууд болон гэр бүлийн хүрээнд нийлж уух, 61.6 хувь нь цалин бууж мөнгөтэй болсны дараа гэх зэрэг нөхцлүүдийг дурьдсан байв. Архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг дээрх түгээмэл тохиолдлуудыг судалгааны хүн амын хүйс ба насаар судлахад ялгаатай дүн гарсангүй. Эндээс үзэхэд эдгээр хүн амын дунд архи согтууруулах ундааг баяр ёслолын үеэр хэрэглэх нь хэвийн үзэгдэл, найз нөхөдтэйгээ байхдаа заавал хэрэглэх ёстой зүйл мэт буруу хэвшмэл ойлголттой байдаг аж. Түүнчлэн хүүхдүүдийн 20,0% нь олон нийтийн газар буюу баар, диско клубт архи согтууруулах ундааг хэрэглэсэн байна. Эндээс үзэхэд 21-ээс доош насны хүүхэд залуучуудад архи согтууруулах ундааг зарж борлуулах үйлчлэхийг хориглоно гэсэн хуулийн заалтын хэрэгжилт маш сул, хяналт торгуулийн арга хэмжээ хангалтгүй байдгаас хүүхэд залуучуудын дунд хэрэглээг улам нэмэгдүүлэх хөшүүргийн орчинг бүрдүүлж байгаа нь харагдаж байгаа юм. Түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдээ архи, пивонд гүйлгэдэг гаж үзэгдэл ч байсаар байна. Харин түүнд үйлчлэхгүй байх ёстой дэлгүүрийн худалдагч нар хямралын үед орлогоо бодоод хүний нүднээс далдуур  худалдаж байгаа нь энэ хуулийг ёс төдий болгож байна.

Төгрөг дошин дээрээ том байх ёстой
 
Төгрөг уг нь дошин дээрээ том байх ёстойг хуульд зааж өгсөн. Гэтэл манай зах зээлд ам.доллар ноёрхлоо тогтоохыг завдаж, компаниуд ч үүнийг нь өөгшүүлж, иргэд ч хүлцэн хүлээн авах болжээ гэвэл хэтрүүлэг биш. Улс орон бүр үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг хамгаалах бодлого явуулдаг.  Тухайлбал, ОХУ үндэсний хэмжээнд ам.доллараар худалдаа, татвар, түрээсийн төлбөр хийхгүй байхыг Засгийн газрын шийдвэрээр хатуу хориглосон байдаг аж. Ингэснээр рублийнхээ ам.доллартай харьцах харьцааг тогтвортой байлгаж, инфляцийг “галзуурах”-аас мөн мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлэхээс сэргийлж чаддаг байна.  Мөн Европын орнууд даяаршлийн зарчмаараа мөнгөний зах зээлээ нээлттэй хэвээр хадгалсан.

Тэгвэл манай улс үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалахаар УИХ-аас  Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хуулийг 2009 оны  долдугаар сард, Валютын тухай хуулийг 20 орчим жилийн өмнө баталсан. Энэ хүрээнд Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 1999 оны 25/88 тоот хамтарсан тушаалд “Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх төрлийн ажил, үйлчилгээ, зар сурталчилгаа, аливаа үнийн санал болон тарифыг зөвхөн Монгол Улсын үндэсний валют төгрөгөөр илэрхийлж байсугай” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн төлбөр, цаашлаад цалин хөлс олгох, ажил үйлчилгээ худалдаж авахдаа зөвхөн төгрөгөөр л гүйцэтгэх ёстой гэсэн үг. Гэтэл энэ хуулийн заалт өнөөг хүртэл хэрэгжихгүй, “үхмэл” байсаар байна.

Өнөөдөр ам.доллараар цалингаа тавьдаг ААН-үүд олон байна. Тухайлбал Дорнод аймгийн Матад сум, Тамсагийн сав газраас газрын тос олборлож буй “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК бүх ажилчдынхаа цалинг ам.доллараар олгодог. Мөн Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудаар нүүрс олоборлож, экспортод гаргада БНХАУ-ын эзэнтэй компаниуд жолооч нарынхаа цалинг юанаар олгосоор байгаа юм.
 
Засаг даргын захимаржийг ганцхан дэлгүүр биелүүлсэн
 
Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотын төвд явган хүний замыг хааж барилга, автомашины зогсоол барьсан байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайг өнгөрсөн оны зургаадугаар сарын 1 гэхэд бүрэн чөлөөлөх байсан. Гэтэл ганцхан “Хүнсний дэлгүүр” үүдний хэсгээ багахан засч янзалснаас өөрөөр захирамж биелүүлсэн аж ахуй нэгж, байгууллага алга байсан. Харин жил гаруйн дараа энэ асуудлаар эргэн тодруулахад хэд хэдэн газар чөлөөлснийг албаныхан дуулгасан ч бүрэн чөлөөлөөгүй байгаа аж. Хотын төвд явган хүнд алхах зай ч үлдээлгүй нийтийн өмчийн газрыг эзэмшээд авчихсан, автомашины зогсоол болгочихсон, эсвэл автомашины замд тулгаад барилга, байшин барьчихсан газрууд хаа сайгүй. Энэ замбараагүйтлийг цэгцлэхээр нийслэлийн удирдлагууд шийдэж эхний ээлжинд хотын төв замуудыг хаасан барилга, байгууламжийг чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн баталсан “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу  хотын төвд явган хүний замыг хааж, таглаж барьсан барилгуудыг ирэх зургаадугаар сарын нэгний өдөр гэхэд нураах учиртай байсан гэвч уг захирамж одоо хэр нь хэрэгжээгүй байна.

Иргэд нус, цэрээ хаясаар 
 
Эрүүл ахуйн тухай хууль шинэчилсэн найруулгаар энэ оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. УИХ-ын 1998 оны тавдугаар сарын 7-ны өдрийн чуулганаар Ариун цэврийн тухай хуулийг баталж байсан. Үүнээс хойш таван удаа нэмэлт өөрчлөлт оруулж, Эрүүл ахуйн тухай хууль болгон нэрийг нь өөрчилсөн байдаг.Уг хуулийн шинэчлэн найруулгад  гудамжинд шүлс, нус цэрээ хаясан тохиолдолд 5, 000-1,000,000 төгрөгөөр торгох заалт орсон байна. Уг заалтыг хэрэгжүүлэх журам тун удахгүй батлагдах төдийгүй олон нийтийн хамтын ажилтны идэвхтэн, цагдаагийн албан хаагчид сайн дурын ажилтан хяналт тавих аж. Холбогдох байгууллагаас уг хуулийг хэрэгжүүлэх журам батлахдаа зөвхөн торгоод өнгөрөх биш зөрчил дутагдал дахин гаргахгүй байх үүднээс шүлс, нус, цэрээ арилгуулах, ухуулга сурталчилгаа хийхээр төлөвлөөд байгаа аж. Гэвч хууль өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Иргэд хотын төв гудамж, хаа таарсан газраа нус цэрээ хаясаар байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-05-13 09:48:56
    ger buliin huuli yasan ve
  • иргэн 2016-05-13 09:44:23
    ӨГлөө ажилдаа явах гээд гарангуут шууд хоолой руу шороо ороод л залгаилтай бас шүлсээ хаяхас аргагүй бахй юм аа ёстой тамтай гэртээ бол зүв зүгээр