Сүхбаатар аймгийн мандатын тоог нэгээр цөөрүүлж, Увс аймгийн мандатыг нэмлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын хавсралтад тусгаснаар Улсын Их Хурлын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилах юм байна. Ингэхдээ Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгууд тус бүр 1, Дорнод, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс аймгууд тус бүр 2, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай. Харин нийслэлийн тойргуудын тухайд Сүхбаатар дүүрэг 3, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд тус бүр 4, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр 6, Багануур, Налайх, Багахангай дүүргүүд нийлж 1 мандаттай байхаар тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсан юм. Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн мандатаас тус бүр нэгийг хасаж Говь-Алтай, Дундговь аймгийн мандатын тоог тус бүр нэгээр нэмэх санал гаргасан боловч олонхын дэмжлэг авсангүй. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр Хэнтий аймгийн мандатаас нэгийг хасаж Булган аймгийн мандатыг нэгээр нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж Хэнтий аймгийн мандатыг нэгээр цөөрүүлж Говь-Алтай аймгийн мандатын тоог нэгээр нэмэх санал гаргасан нь дэмжигдсэнгүй.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Г.Батхүү, Н.Батбаяр, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин нар Сүхбаатар аймгийн мандатын тоог нэгээр цөөрүүлж, Увс аймгийн мандатын тоог нэгээр нэмж гурав болгон тойргийн нутаг дэвсгэрийн хуваарьт зарим өөрчлөлт оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн нийслэлийн Хан-Уул сонгуулийн тойрогт Багахангай дүүргийг, Чингэлтэй дүүргийн сонгуулийн тойрогт Налайх дүүргийг нэгтгэж тойргуудын мандатын тоог хэвээр үлдээх, түүнчлэн Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогт нэгтгэж мандатын тоог нэгээр нэмж 4 болгох санал дэмжигдлээ. Түүнчлэн зарим тойргийн нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан тус намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Харин байнгын хорооны дарга А.Бакей Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх хуулийн хугацаа тулаад байгааг сануулаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтын дагуу МАН-ын бүлэгт завсарлага өгөх боломжгүйг мэдэгдэв.
 
Ингээд УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tenger 2016-05-12 13:55:43
    Sonin huwilbar ba da hodoo oron nutgiin irged sanal asuuj toirog shiidehgui yasan bol hot,suuringiinhan songuuli toohgui ajil amidral toloo sanalaa mongoor l o...