Барилгын бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн төв нээгдлээ
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн хоёрдугаар салбарыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл барилгын Их дэлгүүр”-т байгууллаа.  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараар өдөрт 2400 гаруй иргэд үйлчлүүлж, төрийн 380 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд уг ачааллыг багасгаж, Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Мишээл дэх салбарыг ашиглалтад оруулж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагч, үйлчлүүлэгч иргэд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга нээж хэлсэн үгэндээ “Бид сайн засаглалыг бий болгохын тулд өдөр хоногтой уралдан ажилласан. Яагаад ингэсэн бэ гэвэл муу засаглалтай байхад хөгжихгүй юм байна гэдгийг өнгөрсөн түүх харуулсан. Хамгийн сайн засаглал хаана байдаг вэ гэвэл иргэн хүссэн үйлчилгээгээ ямар ч хүнд сурталгүй супермаркетаар үйлчлүүлэхдээ өөрт хэрэгцээт бараагаа аваад гардагтай адилхан л авахыг хэлнэ. Бид бүх үйлчилгээгээ лангуун дээр тавина гэж зорьсон. Өнөөдөр биелэлээ олж 2 дахь үйлчилгээний төв ашиглалтад орлоо. Нийт албан хаагчдад талархал илэрхийлье” хэмээн онцлон хэллээ. Мөн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт төрийн үйлчилгээнээс гадна барилгын их дэлгүүрийг төвлөрүүлж, нийслэлийн орон сууцны биржийг ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ, орон сууцаа аваад тавилгаа хамтад нь захиалиад нэг дор бүх үйлчилгээгээ аваад гарах боломжтой болж байна” гэлээ.

Энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт нийслэлээс дэмжлэг үзүүлж эрхийн бичиг гардуулсан юм. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Банкны холбоо болон Хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн холбоо нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Мишээл дэх салбар нь өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай, 1336 м2 үйлчилгээний талбайтай, үйлчилгээний, өөртөө үйлчлэх танхим, хурлын өрөө, арилжааны банкуудын салбар, сервер, хяналтын камерын өрөө, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлт, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай. Мөн кафе, Бэлэн мөнгөний машин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэгийг байршуулжээ. Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны 29 байгууллага төвлөрч, 287 төрлийн үйлчилгээг иргэдэд хугацаа алдалгүй ХУРДАН, ТЭГШ, НЭЭЛТТЭЙ үзүүлж байна. Уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 08:00 – 20:00, бямба гарагт 10:00 – 16:00 цагуудад иргэдийг харъяалал харгалзахгүйгээр үйлчилж байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.