Дильма Руссеф суудалдаа үлдэх эцсийн оролдлогоо хийв
Ирэх наймдугаар сард Бразилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдах зуны олимп болохоос өмнө тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорч магадгүй нөхцөл байдал үүсээд буй билээ. Тэгвэл 2012 онд Бразилийн Ерөнхийлөгчөөр томилогдсон Дильма Русефф суудалдаа үлдэх эцсийн оролдлогоо өчигдөр зохион байгууллаа. Учир нь дээд болон доод танхимд  Ерөнхийлөгчийг огцруулах яриа хэлэлцээр идэвхтэй өрнөж байгаа юм. Доод танхимын хувьд өнгөрсөн сард олимпоос урьтаж Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэх эсэх асуудлаар хуралдаж, олонхийн саналаар огцруулахыг дэмжсэн байдаг. Улмаар энэ долоо хоногт сенатчдын танхим уг асуудлаар хуралдаж шийдвэрээ гаргах үлдээд байгаа юм.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс сенатчдын танхим ч гэсэн доод танхимын гишүүдийн гаргасан шийдвэрийг батална гэсэн таамгийг дэвшүүлж буй. Тэгвэл өчигдөр парламентын дээд танхим Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Харин энэ үед Дильма Русефф өөрийнх нь эсрэг үйл ажиллагааг зогсоож, сенатчдын шийдвэрт нөлөөлөх зорилгоор өөрийн дэмжигчдийн хамт нийслэл Бразиль хотын дээд шүүхийн байрны өмнө эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулжээ. Гэхдээ шүүх байгууллагын албаны эх сурвалж Франц пресс агентлагт өгсөн ярилцлагатаа Ерөнхийлөгчид холбогдох хэргийн эцсийн  шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй байгаа талаар мэдээлсэн байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр Дильма “Миний бүрэн эрхийн хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох ёстой” хэмээн мэдэгдэж,  хугацаанаасаа өмнө суудлаасаа буух бодолгүй байгаагаа илтгэсэн ажээ. Өчигдөр өглөөний 09.00 цагийн үед дээд танхим Дильма Русеффыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Гэхдээ шийдвэр нь өнөөдөр тодорхой болно гэдгийг эх сурвалж хэлж буй юм.

Хэрэв дээд танхимын олонхи нь  Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэрийг гаргавал Русефф 180 хоногийн дотор албан тушаалаасаа буух ёстой бөгөөд түүнийг дэд Ерөнхийлөгч Мичель Темер түр орлох юм. Улмаар улсын дээд шүүхэд  Ерөнхийлөгчид холбогдох хэргийг шүүх хурал албан ёсоор эхлэх учиртай.  Харин шүүхийн шийдвэр гарах хүртэл хэдэн сарын хугацаа зарцуулагдаж магадгүй байна.

Улсын хэмжээнд нүүрлээд буй улс төрийн хямрал Ерөнхийлөгч Д.Русеффтай холбоотой авлигын хэрэг илчлэгдсэнээр эхэлсэн. Төрийн мэдлийн Петробрас компанитай холбоотой авлигын хэрэг сөхөгдөж, улмаар уг авлигын гэмт хэргийн сүлжээнээс олсон орлогыг 2010, 2014 оны сонгуулийн кампанит ажилдаа зарцуулсан гэх үндэслэлээр түүнийг буруутгаж буй. Гэвч, Ерөнхийлөгч бүсгүйн хувьд уг хэрэг дэх өөрийн оролцоог үгүйсгэхийн зэрэгцээ улстөрийн хэсэг бүлэг хүмүүсийн сөхсөн хэргийг “Төрийн эргэлт” хэмээн тодорхойлсон байдаг. Ямартай ч, сенатчдын танхим ямар шийдвэр гаргахаас шалтгаалан Дильма бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах эсэх нь шийдэгдэх билээ.
 
Б.ДАВААХҮҮ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ы 2016-05-12 08:49:23
    Энэ Бразилчууд ч бас Монголчууд шиг бужигнуулдаг гарууд юмаа. Бөөн улс төрийн хэрүүл, гэмт хэрэг, авилгалын дуулиан