2010-2015 оны хооронд 9,1 сая ширхэг мод тарьж ургуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлигийн хэрэгжилт” сэдвээр өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг нар хөтлөн явууллаа.

Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын газар, Байгаль орчны мэдээллийн төв, Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо зэрэг мод, ургамал үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хэлсэн үгэндээ “Нийт ногоон баялаг бүтээгчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ хэлэлцүүлгээр ЕТГ, бодлогын чиглэлийн яамд, нийслэлийн холбогдох байгууллагууд ногоон баялгаа тарьдаг та бүхний санал хүсэлтийг сонсох юм. Жил жилд субботник маягаар мод тарьдаг. Тэгээд хавар нь мод тарьж намар нь хурааж авдаг, дараа хавар нь шинээр суулгадаг гэсэн хошин яриа шиг байлгахгүйн тулд мод тарих соёл, урлагийг яаж бий болгох вэ. Үүний тулд бодлогын чиглэлийн яамд ямар үүрэг гүйцэтгэх вэ. Мод тарьдаг мэргэжлийн компаниуд, сонирхогчид, хүмүүс цаашдаа бодлогын чиглэлийн газруудтайгаа хэрхэн хамтарвал үр дүнтэй байх вэ гэдэг талаар та бүхний хүсэлтийг сонсохоор хэлэлцүүлэг хийж байна. Эндээс тодорхой нэг хоёр шийдэлтэй гарна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31.1-д зааснаар, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 63 дугаар зарлиг, Засгийн газарт чиглэл өгөх тухай 2013 оны 178 дугаар зарлигийг хэрэгжүүлэх үүднээс нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн ААН, байгууллагуудыг мод, сөөг тарьдаг, түүнийг арчлан хамгаалдаг хэвшилтэй болгох, нийслэл хот, сумын төвийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн хавар, намар бүх нийтээр мод тарьдаг болоод 7 жил боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Дөрвөн зүг, найман зовхис төслөөр байгуулсан 18 км ойн зурваст 24 мянган ширхэг мод, сөөг ургаж байна. Тухайн төслийн хүрээнд Улаанбаатар хотоос гарах дөрвөн чиглэлд, мөн Орхон, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дорнод, Өмнөговь, Ховд, Хөвсгөл зэрэг 9 аймагт автозамын дагуу ойн зурвас байгуулах ажлыг амжилтай эхлүүлээд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 онд гаргасан Улаанбаатар хот, аймаг, сумын төвүүдэд цэцэрлэг байгуулах тухай 178 дугаар зарлиг гарснаас хойших хугацаанд Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Хөвсгөл, Хэнтий аймгуудад цэцэрлэгт хүрээлэнгүүдээ сэргээх ажил эхэлсэн бол Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгуудад соёл амралтын зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэгүүдийг зураг, төслийн үндсэн дээр шинээр байгуулж эхлээд байна.

Зөвхөн 2015 онд л гэхэд ААН, байгууллагууд байгууллагынхаа орчинд 634,3 мянган ширхэг мод, бут, сөөг тарьж ургуулан, 4,5 мянган га талбайд нэрэмжит цэцэрлэг байгуулсан бол баг, хороод нутаг дэвсгэртээ 1,7 мянган га талбайд 209 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Хэлэлцүүлэгт амжилт хүсье” гэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх А.Цолмонгийн мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 63 дугаар зарлигийн үр дүнд 2010-2015 оны хооронд 12 удаагийн бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулж, үүний үр дүнд нэг сая 143,1 мянган иргэн, 49,1 мянган ААН, байгууллага нийт 9,1 сая ширхэг мод тарьж ургуулжээ.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд, ААН-ийн төлөөлөл байр сууриа илэрхийлэхдээ дотоодод, байгалийнхаа нөхцөлд дасан зохицсон, монгол хүний гараар ургуулж арчилсан суулгацуудыг биш, Хятадаас оруулж ирсэн, чанар муутай, Монголын байгаль орчинд тэсвэр муутай суулгацыг голлон тарьж байгааг шүүмжиллээ. Мөн ойгоос том моддыг булгалан авчирч хотод тарьж байгаа нь экологид хор хөнөөлтэй болохыг хэлцгээж байв. 1964 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж, олон төрлийн мод тариалж, туршилт шинжилгээний ажил хийж ирсэн Ботаникийн цэцэрлэгийн газрыг тал талаас нь хумин танаж, байшин барьж байгааг эсэргүүцэж буйгаа ч илэрхийлцгээв.

Мод тарих газраа зөв сонгох, модны усалгаанд гүний цэвэр ус бус саарал ус ашиглах, мэргэжлийн хүмүүсээр тариулж байх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд ногоон байгууламжийг заавал тусгаж өгөх, тарьсан моддоо байнга эргэж торддог байх, ойгоос мод авахгүй суулгацаар тариалж байх тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг олон саналыг оролцогчид хэлэлцүүлгийн үеэр гаргалаа. Мөн АСЕМ-ийг тохиолдуулан тохижуулах 13 гудамжны төсөлд мэргэжлийн мод үржүүлгийн байгууллагууд бус хашаандаа ганц модгүй нөхөд голдуу шалгараад байгааг ч шүүмжилцгээв.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн А.Ариунаа гэр хороололд хашаагаа хэрхэн ногоон төгөл болгож буй туршлагаа танилцуулсан юм.

Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо ТББ-ын тэргүүн Ц.Бямбасүрэнгийн гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын дэргэд орон тооны бус зөвлөл байгуулах, мод тарих сантай болох зэрэг саналыг ажил хэрэг болгоно гэдгийг Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг хэлэв.

Хэлэлцүүлгийг хааж Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хэлэхдээ “Одоо модныхоо арчлалтын талаар ярьцгаая. Импортын модны асуудлаар ажлын хэсэг байгуулаад хэвлэл, мэдээллийнхнийг дагуулж явъя гэсэн. Түүнд оролцох хүмүүс чөлөөтэй оролцож болно. Хууль, эрх зүйн орчинтой болж, тодорхой санхүүжилт, тодорхой татварыг шийдэж хариуцах хүмүүст ногдуулж өгөхгүй бол зохион байгуулалтад орохгүй байна. Энэ талын баримт бичгийн төслийг Ерөнхийлөгч санаачлаад өргөн барьж шинэ парламентын анхны намрын чуулган дээр оруулах талаас ярья. Энэ бараг болох байх. Бусад асуудлыг шийдэх талаар ярилцана” гэлээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.