Шал, пал хийлгэсэн нөхөөс тавьж, хөрөнгө үрэхээ боль
Хаврын дунд cap гарсаар шилбэ юугаа гялалзуулан гүйх хэмжээний нар ээсэн сайхан өдөр тун цөөн тохиосон учир охид, бүсгүйчүүд өнгөрсөн даваа гарагт өмсөхийг хүсч  хөвөлжин хадгалсан ботинк, туфлиэ гарган зад гангарав. Харамсалтай нь гэрээс гаруут нийслэлийн төв автозам дагуу нөхөөс хийн асгасан замын хар тос халуун наранд хайлан хөл дор нялцганан шал пал хийж, түүнд туфлийн өсгий шигдээд урагш гишгүүлэхгүй зовоож өнжлөө. Хүүхнүүд үнэ цэнэтэй туфлиэ хайрлаж, харамсахдаа тайлж, цүнхлэх нь холгүй бухимдсан бол эрчүүд үнэтэй машиных нь хормой руу халуун хайлмаг бүхий хар тос үсэрч наалдахыг үзээд өнөө орос үгийг тань ам ангайх тоолондоо урсгаж гарсан. Ер нь өчигдөр замын ажилчдыг харааж зүхээгүй хүн тун цөөн байсан байх.
 
 
Хөл муутай хөгшний таягных нь үзүүр шигдчихээд түүнийгээ сугалж авах гэж зүтгээд ойчих шахсан бол хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй ээжийгээ түрж явсан бага насны охин, хүү хоёр тэргэнийх нь нарийн дугуйд наалдсан замын харыг шилний хагархайгаар хусаад зогсч байхтай тааралдлаа. Тэргэний дугуй хэт нарийхан учраас шигдчихээд явж өгөхгүй багачуудын үйл тамыг үзэж байгааг харсан хүмүүс туслан зам гаргаж өгөвч дараагийн хөндлөн рүү ороод л урьдын адил шигдэж орхино.
 
Тэр бүү хэл, нийслэлийн төв зам, Монгол банкны өмнөх уулзвар дээр ослын дуудлагаар хэргийн газарт ирсэн Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хошуучийн ботинк цардмал замтай наалдчихаад үйлийг нь үзэхэд тэрбээр нохой шиг өрөөсөн хөлөө өргөн тавих газар хайж ядаад олдохгүй болохоор нь мөргөлдсөн хоёр машиныхаа нэгнийх нь дугуйг ашиглаж байгаа харагдсан.
 
Энэ бол манай нийслэлийн зам, барилгынхны ажилдаа хандсан хандлагын эхний жишээ. Мэдээж, хагарч бутарсан зам бүхнийг тэр даруйд нь солиод байх эдийн засгийн чадавхи манайд байхгүйн улмаас улсаас төсөвлөсөн хөрөнгөд нь тааруулж замаа тавьдаг л байх. Гэсэн хэдий ч нэг л биш ээ. Хаврын дунд сарын 20 хэмийн дулаанд хайлж, шал пал хийж байгаа хар тос зуны аагим 35-38 хэмийн халуунд буцлан явган хүний хөлийг түлж, сүйд болох нь байна шүү дээ. Дэлхийн зам барилгынхан хар тос, битумыг зам тавихдаа ашиглаж л байгаа байх. Технологи нь тийм юм хойно. Гэхдээ манайхан шиг тавьсан замынх нь хар тос машины дугуйн эргэлтээр үсэрч, замын нөгөө талд яваа хүний хацарт очиж наалддаггүй л байлтай.
 
Тун удахгүй дэлхийн хэмжээний зочид төлөөлөгчид Монгол Улсын нийслэлд хөл тавина. Тэд Улаанбаатартай танилцах гэж гараад гудамжинд нь шигдчихвэл Монгол Улс дэлхийн шившиг болох бус уу. Бас хэдэн мянган ам.доллараар хэмжигдэх брэнд гутал, туфлиэ нэхэмжлэвэл яах болж байна. Урт өмд өмсдөг нэгний шуумаг нь тос болчихоод дарайж орхивол баларна. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Гомдол ирэх аваас “Та яг аль хэсгээр явсан юм бэ. Бид зам тавьсан эсвэл замын нөхөөс хийсэн аж ахуйн нэгжийг нь олж тогтоочихоод хохирлыг тань барагдуулъя” гээд зогсч байх юм бол хамаа алга. Ийм байж таарахгүй ээ, эрхэм замчдаа. Нийслэлийн удирдлагууд болон татвар төлөгчид хотынхоо өнгө зүсийг сайжруулах үүднээс зам засварын ажилд хөрөнгийг тэрбум тэрбумаар нь хуваарилж буй. Түүнийг нь зам ангийнхан олдсон дээр гэсэн шиг гурилдаад байгаа юм биш үү. Үнэндээ тэд замыг мөнгө гэж хардаг бололтой.
 
Сүүлийн гурван жил Их тэнгэрээс Замын цагдаагийн уулзвар, шинэ Худалдаа аж үйлдвэрийн танхимын арын замыг дахин дахин тавьж байгаа. Наадмын сургаар дарга нарт зориулж замыг засварлаж байна гээд хуулахыг нь хуулж, нөхөөс хийх хэсгээ дөрвөлжлөн ухан тоос шороо манарган орчныг бохирдуулах шиг болдог. Хэдэн өдөр тэгж бужигнасны эцэст шинэ замтай болдог ч намрын усан борооны аяыг өнөөх нь даалгүй үйрч бутардаг. Өдгөө ч ийм зураглал бүхий зам тавьж буй байдалтай алхам тутамд тааралдаж буй. Эхлэл төгсгөлгүй зам тавих үлгэр үргэлжлэн тэр тоолонд улсын халаас нимгэрдэг. Миний бодлоор хятадууд шиг, германууд шиг насны юм хийж болдоггүй юм уу, замчдаа. Налайхын замыг хятадууд тавьсан юм гэнэ лээ, 1950-иад оны дундуур. Өнөөдөр нарийнхан л гэгддэг болохоос тарж бутарсан зүйл алга. Тэгэхээр замын чанар эздийн сэтгэлээс хамаарч байгаа биз. Монгол хүн, монголдоо зам тавьж байна аа гээд, дор хаяж 10 жилийн баталгаатай зам тавь л даа, гуйж байна. Замын өргөн болоод нимгэнээс мөнгө унагадаг сэтгэхүйгээр хэдий болтол өөрийнхөө халаасыг тэмтрэх гээ вэ.
 
Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • инженер 2016-05-11 00:21:41
    замынхан зам засварын ажилдаа хэзээ шинэ техник технологи хэрэглэх вэ? Битумыг мод, дугуй шатааж хайлуулж , лоом жоотуугаар хучилт эвдэж, өнкрүүшээр хятад будаг...
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2016-05-11 00:20:13
    ÷óëóóí ëàëàð.
    202.70.43.134
    Мэдэгдсэн Хариулах