Н.Ариунболд: Импортын үрийн буудайны чанарт ямар ч асуудал байхгүй
Хүнс Хөдөө аж ахуйн яамнаас хаврын тариалалтын бэлтгэлийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар төлөвлөжээ. 

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 2880, үр тарианы үрлүүр 2100, хөрс боловсруулах техник 4810, төмс хүнсний ногооны үрлүүр 358 ажиллахаар сэлбэг, хангамжийн нөөцийг бүрдүулж байна. Цаг агаарын урьдчилсан төлөв байдалтай уялдуулан бэлтгэлийг бүрэн хангаж хаврын тариалалтыг 5 дугаар сарын 10-25-ны дотор зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. 2016 оны тариалалтад дутагдах үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сантай дамжуулан гэрээ байгуулсан хоёр аж ахуйн нэгжид 6 мянган тонн импортын үрийн зөвшөөрөл олгож эхний ээлжинд “Нямбайгаль даваа” ХХК 2400 гаруй тонн үрийн буудайг Дарханы MXЕГ болон ГЕГ-ын хяналтан дор Тариалан эрхлэлтийг дэмжих  сангийн  агуулахад хүлээн авч тариаланчдад олгож эхэлсэн байна. 

Зарим тариалан  эрхлэгчид импортын үрийн буудайны чанарын асуудлаар гомдол гаргаж, мэдээлэл хийсэн. Үүнд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд дараах хариултыг өглөө. Тэрбээр “Энэ жил улсын хэмжээнд 20 мянган тонн үрийн улаан буудай дутагдана гэсэн тооцоо байгаа. Гэвч үрийн улаан буудай худалдаж авах төсөв мөнгө байхгүй тул дамжуулан зээлдүүлэх журмаар үрийн буудай оруулж ирэх компаниудтай гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн. Ингээд 8000 орчим үрийн улаан буудай оруулж ирэхээр гэрээ хийгдсэн. Эхний 2000 тонн нь ороод ирчихсэн, иргэн ААН-үүдэд тараагаад дууссан байдалтай байна. Дараагийн нэг тонн үрийн улаан буудай мөн ороод ирчихсэн байж байна. Үрийн буудай авах гэсэн дараалал үүсчихсэн хүлээлттэй байна. Магадгүй чанарын шаардлага хангахгүй байсан бол өнөөдөр тариаланчид маань булаацалдан авахгүй байх гэж бодож байна. Чанарын шаардлага хангасан учраас эрэлт хэрэгцээ нь их байна. Мэргэжлийн хяналтын дүгнэлт өөр гарсан зүйл байгаа. Лабораторийн шинжээч нар ОУ-ын стандартын дагуу  гурван ч удаа шинжилж үзэхэд ямар нэгэн асуудалгүй болох нь тогтоогдсон. Ер нь импортоор орж ирж байгаа учир дээрх стандартыг хангаж байж  хилээр оруулж ирдэг. Цаанаас экспортлогч улс нь ч гэсэн маш өндөр шаардлага тавьж экспортолдог учир чанар дээр асуудал гардаггүй" гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.