Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10 цаг 20 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон.Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 820 мянган тонн хог хаягдал гарч байсан бол 2014 онд 2.4 сая тонн болж, даруй 3 дахин нэмэгджээ.

Япон улсын ЖАЙКА байгууллагаас хийсэн судалгаагаар хотын нэг хүн өдөрт 0.535-0.900 кг хог гаргадаг гэсэн тооцоо байдаг. Улаанбаатар хотын хувьд нийт гарч байгаа хог хаягдлын 75 хувийг эрх бүхий хог тээврийн компани цуглуулан, тээвэрлэдэг бол 15 орчим хувийг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө тээвэрлэн хогийн цэгт хүргэдэг байна. Харин хог хаягдлын 5-10 хувь нь цуглуулагдаж чадахгүй ил задгай хаягдаж байгаа аж. Үүнээс гадна хуучин автотээврийн хэрэгсэл, сэлбэг, тос, тослох материал, дугуйг их хэмжээгээр импортолж байгаа болон цахим, цахилгаан хэрэгслийн хаягдал нь аюултай хог хаягдлын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж байна. Түүнчлэн орон нутагт хог хаягдлыг байгаль орчинд халгүй арга технологиор булшлах, хогийн цэг байгуулах ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хөрөнгө оруулалтын хэмжээ бага, тавигдах шаардлага, стандарт байхгүй, хүн хүчний нөөц, дадлага туршлага, техник тоног төхөөрөмж ихээхэн дутагдалтай байгаагаас шалтгаалан хог хаягдлын зүй зохистой менежмент хэрэгжихгүй байгаа юм.

Хуулийн төсөлд аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, устгах, хадгалах цуглуулах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх болон байгууламжийн байршилд тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэн зөвшөөрөл олгох, хяналт шинжилгээ хийх, тайлагнах зэрэг аюултай хог хаягдлын менежменттэй холбоотой зохицуулалтыг шинээр оруулсан байна. Мөн хог хаягдлын төлбөр, хураамжийг тооцоход “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг баримтлах, үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь өөрсдөө хариуцаж байхаар хуулийн төсөлд шинээр тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин хуулийн төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэснийг тодорхой болгох нь зүйтэйг хэлсэн. Айл бүр, иргэн бүрээс хогны мөнгө авдаг хэрнээ тухайн айлын эргэн тойрон, байрны ойр орчмын хогийг цэвэрлэдэггүй. Сууц өмчлөгчдийн холбоо өөрсдөө хогоо цэвэрлэдэг. Иймээс хог тээвэрлэхэд мөнгө өгөхийн зэрэгцээ цэвэрлэгээнд мөнгө өгөх хэрэгтэй. Хогны хураамжийн мөнгийг улсын төсвөөс цалинждаг хүмүүст өгөх байтал иргэдээс авсан хураамжийн мөнгөөр цалинжуулдаг нь буруу. Иймд энэ мэт зарчимгүй байдлыг зөв голдрилд оруулах хэрэгтэй. Түүнчлэн хог хаягдлыг устгах, боловсруулах түвшинд үйл ажиллагаа явуулах үйлдвэрт нь тодорхой хувийн санхүүжилт олгох зохицуулалт хийх нь зүйтэй гэдгийг хэлэв.
 

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, хог хаягдлын асуудал олон жил яригдсан ч ахиц дэвшил гараагүй. Герман, Япон улсаас хог хаягдлыг боловсруулах үйлдвэр оруулж ирнэ гэж мөн олон жил ярьсан. Эдгээр улс хог хаягдлыг баялаг болгож чадаж байна. Иймээс хог хаягдлын тухай хуулийг шинэчлэхийн зэрэгцээ хог хаягдлыг баялаг болгож болдог ойлголтын талаар соён гэгээрүүлэх ажлыг хийх нь ихээхэн ач холбогдолтой юм. Хортой хог хаягдал өнөөдөр аюултай байдлын ноцтой түвшинд хүрсэн. Хуулийн төсөлд аюултай хог хаягдлыг тусгай хамгаалалтад авах зохицуулалт шинээр оруулсан нь дэвшилттэй алхам гэлээ.

Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 81.8 хувийн саналаар дэмжив.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.